Ч.ЗОТОЛ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны “Стратегийн төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ. Тогтоолын төслийг Л.Энх-Амгалан нарын 11 гишүүн санаачлан боловсруулж, энэ сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн дэд ахлагч Д.Лүндээжанцан танилцууллаа.
УИХ-ын стратеги төлөвлөгөөг анх 2002 онд баталсан. Үүнд стратегийн зорилтын хүрээнд 54 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тэдгээрээс нэг нь бүрэн хэрэгжиж, 51 нь хэрэгжилтийн шатанд, үүнээс 11 арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна.
Монгол Улсын Их Хурлын стратеги зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлээгүйгээс стратеги зорилтуудын хүрэх түвшин, үр дүн тодорхойгүй; үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтүүд оновчтой бус; хэрэгжүүлэх цаг хугацаа ойлгомжгүй; хэн хариуцаж, хэрэгжүүлэх нь тодорхой бус, стратеги төлвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийг тооцоогүй; түүнчлэн биелэлтийг тухай бүр тооцож, үнэлж байгаагүйгээс хэрэгжилт удааширсан зэрэг эрсдэл үүссэн тул Стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж гишүүд үзжээ.
Стратеги төлөвлөгөөг батлан хэрэгжүүлснээс хойш 17 жилийн хугацаа өнгөрсөн тул орчны өөрчлөлттэй уялдуулан уг төлөвлөгөөг шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр төрийн албаны шинэчлэлийн нэгэн үе эхэлж байгаа тул төрийн тогтолцоог бүрдүүлэгч субъектүүд стратегиа шинэчлэн тодорхойлох хэрэгтэй болсон. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль 2015 онд батлагдаж, бодлогын баримт бичгийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үе шат, хөгжлийн бодлого төлөвлөлтөд баримтлах зарчим, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, нэгдсэн тогтолцоо бүрдэх эх үндэс тавигдсан. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, парламентын засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн шинэ зохицуулалтууд тусгагдсан зэрэг нь Улсын Их Хурлын Стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах нөхцөл, шаардлага болжээ.
УИХ-ын шинэчилсэн Стратеги төлөвлөгөөнд Монгол Улсын Их Хурлын Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлсийг тодорхойлсон байна. Уг стратеги төлөвлөгөө нь зургаан зорилго, 11 зорилт, 68 арга хэмжээнээс бүрджээ. Стратеги төлөвлөгөөний төсөлд “Монгол Улсын Их Хурлын Алсын хараа “Монгол Улсын Үндсэн хууль, ардчилсан ёс, хүний эрх, нийтлэг үнэт зүйлс, үндэснийхээ эрх ашгийг дээдэлж, тогтвортой хөгжлийг дэмжин, ард түмний засаглах эрхийг хангасан парламентыг төлөвшүүлнэ”. Харин Монгол Улсын Их Хурлын Эрхэм зорилгыг “Улсын Их Хурал нь хууль тогтоох, хянан шалгах үндсэн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлдэг, ард түмний төлөөллийг хангаж, итгэлийг хүлээсэн хариуцлагатай парламент байна” хэмээн томьёолжээ. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын үнэт зүйлсийг:
- Нээлттэй, ил тод байх.
- Тэгш байдлыг хангах.
- Хариуцлагатай байх.
- Ёс зүйтэй байх.
- Үр нөлөөтэй байх.
- Чадавхтай байх.
- Иргэдийн оролцоог хангах.
- Хамтын шийдвэрээ хүндэтгэх хэмээн томъёолжээ.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь “Улсын Их Хурлын 2019-2024 оны Стратеги төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.
Мөн байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын долоон гишүүний санаачлан боловсруулж, энэ сарын 3-ны өдөр өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл -ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч төсөл санаачлагч гишүүд томилолтоор орон нутагт ажиллаж байгаа учраас төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулав.
Эх сурвалж: www.polit.mn