С.УЯНГА
Сонгуулийн хуулийг чуулганаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Учрал, Д.Сарангэрэл нарын байр суурийг хүргэе.
Н.Учрал: Нэр хүндтэй, хийсэн бүтээсэнтэй хүн сонгогдоно | Д.Сарангэрэл: Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиар тусгая |
-Намын удирдах зөвлөл, бүлгээр 50:26 хувилбарыг оруулсан. Энэ хувилбарыг дэмжиж байгаа. Улсын томоохон төсөл хөтөлбөрүүдийг явуулахад 76 жижиг тойрог бэрхшээлтэйг өнгөрсөн хугацаанд харлаа. Тухайлбал, дээврийн засвар, лифт шинэчлэх зардлыг улсын төсөвтөө суулгадаг орон манайхаас өөр алга. Энэ мэт асуудлыг нийслэл, орон нутагтаа шийдвэрлээд явах хэрэгтэй. 50:26 хувилбараар явбал улсын хэмжээний томоохон төсөл хөтөлбөрүүд нь хэрэгжих боломжтой. Санал аваад гарч ирж байгаа 26 гишүүн бодлогын хэмжээний асуудалд онцгой анхаарах боломж нээгдэнэ. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсан өмнөх хувилбар буюу намыг дугуйлж хувь тэнцүүлсэн зарчмаар явах нь Үндсэн хууль зөрчиж байгаа. Мөн сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуулиар дэмжсэнгүй. 26 хүнийг дугуйлах нь мажоратор тогтолцооны нэг хувилбар буюу иргэд намыг биш дэмжиж байгаа хүнээ сонгоно. Тэгэхээр ард түмний дунд нэр хүндтэй, хийсэн бүтээсэн зүйлтэй, төрд төлөөлөх боломжтой хүнийг сонгох юм. Мажоратор тогтолцооны нэг хувилбараар ядаж улсын хэмжээнд танигдсан хүмүүс гарч ирэх учраас харин ч ард түмний сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэнэ. Нэр дэвшигч 300, 500 мянган санал авч болно. Нийт авсан саналыг нэмээд эхний санал авсан хүмүүс УИХ-д сонгогдоно гэсэн үг. Ард түмний саналыг гээж болохгүй. | -Санал хаягдахгүй байх, савлагаанд өртөхгүй байх, эмэгтэйчүүдийг дэмжих боломжийг илүү олгох ёстой. Гэхдээ Үндсэн хуулиа зөрчихгүйгээр том, жижиг мажоритар байх нь манай улсын эрх ашигт нийцэх хувилбар байх болно. Бид Норвегийн гишүүдтэй уулзсан. Парламентынх нь гишүүдийн 50 хувь, Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь эмэгтэй гишүүд байна. Бүх салбарт хөгжил нь тэнцвэртэй явах боломжийг жендерийн тэгш байдал нь хангаж байгаа учраас улс орон нь хожиж байна. УИХ-д эмэгтэйчүүдийг дэмжсэн эрчүүд ахалсан лобби бүлэг үүсэн байгуулагдах ёстой. Монголын хүн амын 51.3 хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийн дэмжлэгийг авах тийм зоригтой эр хүн УИХ-аас гараасай гэж хүсэж байна. 2015, 2016 онд УИХ-ын тухай хуульд эмэгтэйчүүдийн квот 30-аас доошгүй байсан. Гэтэл сонгуулийн өмнөхөн 30 гэсэн квотыг 20 болгосон. Тиймээс эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хангах баталгаа бол Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг 30-аас доошгүй хувь гэж зайлшгүй оруулах шаардлагатай. Эмэгтэйчүүд олдохгүй байна, 20 хувь нь хангалттай гэдэг яриагаа зогсоо.Энэ асуудлыг шийдэхгүй бол НАМЭХ улс төрийн акц зохион байгуулах болно. |
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.12.9 ДАВАА №243 (6210)