Б.ДАМДИН-ОЧИР
Эрх баригч МАН Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард түмнээсээ асуулгүй баталсан. Араас нь одоо Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг батлахаар зэхэж байна. Даваа гаригт буюу арванхоёрдугаар сарын 2-нд МАН-ын бүлэг хуралдаж, Сонгуулийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлаа хэлэлцэж тохирсноо зарласан. Одоо МАН-ын боловсруулж, УИХ-ын даргад өргөн бариад байгаа төслөөр бол, өнгөрсөн сонгуулийнх шиг улс 76 жижиг тойрогт хуваагдахгүй, харин 50 тойрог, дээр нь 26-г намын нэрийн дор жагсаан санал хураалтад оруулахаар томьёолол гаргаж ирээд байгаа юм. Энэхүү гаргаж ирээд байгаа нь цаашдаа хэлэлцүүлгийн шатанд хэвээрээ яваад гарч ирэх эсэх нь эргэлзээтэй ч эрх баригчид ямартай ч Сонгуулийн хуулиар оролдох юм байна гэдэг бол тодорхой болоод байна.
Өнгөрсөн хугацаана Монголын улс төрийн түүхийг эргэн харахаар эрх баригчид дандаа өөрсдөдөө тааруулж Сонгуулийн хуулиа өөрчилдөг тийм хачин зуршил бий болжээ. Гэхдээ энэхүү хачин зуршил нь эргээд хийсэн намдаа халтай, түүнийг алх тогшиж баталсан УИХ-ын даргад бүр ч халтай байдаг нь ч бас жишиг болчихсон байдалтай. Хамгийн ойрхны жишээ нь 2016 оны УИХ-ын сонгууль. Ардчилсан нам /АН/ УИХ-д олонхийн суудалд суудалд сууж, З.Энхболд парламентыг даргалан алх тогшиж байсан. Тэгээд Сонгуулийн хуулиа өөрчилсөн, хуульд байсан “Сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэдэг заалтыг бүр “мартаж” байгаад л өөрчлөлт хийсэн. Холимог тогтолцоо Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг гомдол Үндсэн хуулийн цэцэд очиж, Цэцээс гарсан шийдвэрийг 2016 оны УИХ дээр МАН, АН-гүй дэмжиж хүлээж аваад 76 жижиг тойргоор сонгууль явуулсан. 2016 оны сонгуульд яасан билээ. Эрх баригчийн статустай сонгуульд орсон АН арайхийж бүлэг байгуулах хэмжээнд санал авч, Их Хурлын дарга гэдэг төрийн өндөр албан тушаалтайгаар Баянгол дүүрэгт өрсөлдсөн З.Энхболд ялагдсан.
2016 оны АН-ы энэ түүх өмнө нь МАН дээр бас давтагдсан. МАН өөрсдөдөө тааруулж өөрчилсөн. Жижиг тойрог дээр өрсөлдөхөөс айсан МАН холимог тогтолцоог сонгож, хуулиа өөрчлөөд сонгуульд орсон. МАН-ын хийсэн өөрчлөлт өөрсдөд нь бус АН-д олонхийн суудал авчирсан. Холимог тогтолцоог сонгосон учраас намын нэрээрээ жагсаалтаар 11 гишүүн УИХ руу орж ирсэн. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гуай намынхаа жагсаалтад багтаж, дараагийн парламентад орж ирсэн болохоос биш, өөрөө тойрогт өрсөлдсөн бол ялах байсан гэж таамаглах аргагүй. Д.Дэмбэрэл дарга яагаад жагсаалтад орох болсон гэдгийг тэр үеийн МАН-ын дарга Сү.Батболд л сайн мэдэх ёстой билээ. Бүр арай цаашаа харвал 2000 оны сонгууль байна. 1996-2000 онд ардчилсан хүчин засгийн эрх барьж байсан. Гэвч дотоодын зөрчил эрх мэдлийн төлөөх эрх ашгаасаа болоод Ерөнхий сайд нараа баахан сольсон ардчилагчид хэд хуваагдаж 2000 оны сонгуульд ороод ёстой үсгүй хусуулна гэгч болж ялагдсан. 1996-2000 онд УИХ-ын даргын суудалд суусан Р.Гончигдорж 2000 оны сонгуулиар ялагдал хүлээж, улс төрийн тойргийн гадна шидэгдсэн. 2004 оны сонгуулиар УИХ-ын даргын статустай сонгуульд өрсөлдсөн С.Төмөр-Очир мөн л ялагдаж байжээ. 2008 онд Д.Лүндээжанцан дарга Өвөрхангайгаас дахин сонгогдож гарч ирсэн. Энэ ялалтын цаана юу байсан гэдгийг их сайн мэдэх хүн нь З.Энхболдыг л гэдэг яриа улс төрийн хүрээнд яригддаг байсан…
Өдгөө МАН засгийн эрх барьж байна. 65 гишүүнтэй МАН хүчтэй байгаагаа харуулж, хүссэн хуулиараа оролдож, эрх ашиг, хүсэл сонирхлоо хангасан хуулиудыг баталж байна. Сонгуулийн хуулийг МАН ямраар өөрчлөх вэ гэдэг ирэх хоёр долоо хоногийн дотор тодорхой болно. Харин өөрсдөдөө зориулж баталсан хуульдаа МАН яаж манарталаа шавхуурдуулах вэ гэдэг нь зургаан сарын дараа тодорхой болох хойно доо.
Эх сурвалж: www.polit.mn