Монголчуудын нийтлэг эрх ашиг, улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, Үндсэн хуультай  холбоотой   сэдвүүдээр  TV-9 телевиз   шууд нэвтрүүлэг  зохион явуулдаг. Ээлжит хэлэлцүүлэгт   өмгөөллийн “Шинэ констант” компанийн захирал, доктор   Л.Мөнхсайхан, АИХ-ын болон Улсын Бага хурлын депутат асан, эрхзүйч Д.Чилхаажав, АТОС намын дарга Ц.Нарангэрэл, Үндсэн хууль судлаач, ХЗДХ-ийн  дэд сайд асан  В.Удвал,Өвөрхангай аймгийн МАХН-ын 20 дугаар Мянгатын дарга,  эрхзүйч Ё.Бямбатогтох нар оролцлоо. Тэдний  хэлсэн онцлох эшлэлийг  хүргэж байна.

 Л.Мөнхсайхан: Дээрэмчдийн  Засгийн газар ажиллаж байна

-Үндсэн хуульд Үндсэн  хуулийн цэц нь  Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн. Цэцийн гишүүн үүргээ биелүүлэхдээ зөвхөн Үндсэн хуульд захирагдана гэж бий.

-Өнөөдөр бид Цэцэд найдах талаар ярьж байна. Ярих болсон шалтгаан нь УИХ, Засгийн газар  ард түмний өмнө дээрэм хийлээ.

– Нэгэнт “дээрэмчдийн” Засгийн газар ажиллаж байхад Цэцэд найдахаас гэж суух нь аргаа барсан хүний ажил.

-62 гишүүн хуулийн төсөл өргөн барина гэдэг хууль баталсан гэсэн үг. Энэ бол хуйвалдаан, гэмт хэрэг. Үүнийг Цэцээс гадна ард түмэн шийдэх эрхтэй. Яагаад гэвэл ард түмний засаглал шүү дээ.

-Нэмэлт, өөрчлөлтийн төсөл нэг, хоёрдугаар  хэлэлцүүлгээр явах ёстой. Гэтэл 62 гишүүн  гарын үсэг зурна гэдэг хуулийн төслийг өргөн барихдаа баталсан байсан гэж ойлгож болно.

– Сэжигтэн,  хулгайч, яллагдагч нар хууль баталлаа. Бие биеэ алуурчин, хулгайч, ЖДҮ-чин гэж дуудаад байсан хүмүүс гарын үсэг зурж, хоорондоо тохироод Монгол Улсын төрийн тогтолцоог өөрчлөх хуульд халдсан.

Д.Чилхаажав: Үндсэн хуулийн зөрчил  Цэцэд тулж ирлээ 

-Үндсэн хуулийн цэц байгуулагдсан цагаас эхлэн  Үндсэн хуулийг хамгаалах том асуудалтай хоёр дахь удаагаа туллаа.

-Зөвшилцөнө гэдгийг төрийн байгууллагууд өрөөсгөл ойлгодог. Бичиг явуулчихвал боллоо гэж ханддаг. Олон жил ийм байлаа, энэ  боломгүй.

-Үндсэн хуульд хэлбэр төдий ханддаг байдал байж огт болохгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт анхнаасаа Үндсэн хуулийг зөрчсөн.

-Зөвлөлдөх санал асуулгыг Үндсэн хууль дээр хэрэглэдэггүй. Ийм жишиг дэлхийд байхгүй.

-Ерөнхийлөгч санал гэж хүргүүлсэн ч тэр бол төсөл. УИХ хоёр төсөл  зэрэгцүүлж хэлэлцсэн нь үнэн. Мөн төслөө татаж авсан нь ч үнэн. Ийм зөрчлүүд гарсан нь үнэн.

-Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс аргагүй байдалд батламжилж байна гэсэн утга ойлгогдож байгаа. Юу бодож батламжилсныг нь бид хэлж мэдэхгүй. Ер нь бол батлах гэж байгаа 62 гишүүн нь өргөн барьснаас үзэхэд наана нь шийдчихсэн  хуйвалдаан байлаа. Баталсан үйл явц нь жүжиг.  Ерөнхийлөгчийг хуйвалдсан гэж хэлж мэдэхгүй, гэхдээ хардах эрх бидэнд бий.

Ц.Нарангэрэл: 60 тэрбумын УИХ түрэмгийлэл үйлдсэн

-Төр бол ард иргэдийн эрх ашиг, нийгмийн шударга ёсыг хамгаалах ёстой байгууллага.

– Гэмт хэрэгтнээр дүүрсэн 60 тэрбумын УИХ Үндсэн хуулийн бус аргаар өөрчлөлт хийсэн. Ерөнхийлөгч ард түмнийхээ итгэлийг алдаж түүнийг нь ёслон баталлаа.

-Би Цэцэд огт итгэхгүй байгаа.

-Цэцэд шударга ёсны шалгуурт нийцэхгүй  зарим хүн байгаа. Тухайлбал, Д.Одбаяр болон бусад хүмүүс бий.

–Цэцэд өөрсдийн эрх ашгийг урьтал болгосон хүмүүс сууж байна. Тиймээс татан буулгах ёстой.

-МАН улс төрийн залилан хийсэн. 24 намын төлөөлөлтэй МАН-ын дарга уулзахад бид 19 намын тамга бүхий эсэргүүцлийн бичиг өгсөн. Мөн 21 намын эсэргүүцлийн баримт бичгийг өгч, акц хийсэн. Ийм байхад нэг нам дур зоргоороо Үндсэн хуулийг өөрчилсөн.

-Иргэд нэгдэж, хамтарч нийгмийн буруу бусармагийг өөрчлөх ёстой. Ингэж байж хөгжил дэвшилтэй хөл нийлүүлнэ.

В.Удвал: 2000 оны үйл явц давтагдлаа

-Цэцийн үндсэн үүрэг нь Үндсэн хуулийг хамгаалах юм. Өнөөдөр 2000 оных шиг үйл явц давтагдаад байна.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь бид дээрээ ч, доороо ч Үндсэн хуулийн мэдлэг ямархуу байгааг харуулж байгаа юм.

-Үндсэн хуулийг  улс төрийн зөвшилцлийн дүнд хийх ёстой.

-Цаашид Үндсэн хуулийн өөрчлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй, эв нэгдлийн үндсэнд  хийхгүй бол, мөн Ерөнхийлөгч нь ч гэсэн улс төрийн эрх ашигт чиглүүлж  батламжлах юм бол улс орны хөгжил дэвшилд саад болох боломжийг бүрдүүлнэ.

-Үндсэн хуульд харшлах, үндэсний аюулгүй байдалд харшлах зүйлүүдийг  бид өмнө нь ярих ёстой. Гэтэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны дараа ярьж байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлт ард түмний хүсэл зорилгод нийцэж байгааг судалж үзэлгүйгээр өөрчилнө гэдэг Үндсэн хууль судлаачийн хувьд, Үндсэн хуулийн эрх зүйг заадаг багшийн хувьд харамсалтай байна.

-Ард түмний өмнөөс хэн шийдвэр гаргахаар буруу болж байгааг ярих ёстой. Үүний тулд Үндсэн хуулийн сургалтыг өөр түвшинд гаргах хэрэгтэй байна.

Ё.Бямбатогтох: Нэмэлт, өөрчлөлт олон хуулийг зөрчсөн

-Үндсэн хуулийн өөрчлөлт анхнаасаа буруу болсон. Ард түмнээс саналыг нь асууж, улс төрийн намуудтай зөвшилцөж явах ёстой байтал нэг нам хүч түрээд явчихсан.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол зөвшилцөл биш хуйвалдаан байсан.

-Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд УИХ Журмын тухай хуульд гар хүрсэн нь ч хууль дуудлах зарчмыг зөрчсөн үйлдэл юм.

– Хоёр төслийг зэрэгцүүлэн хэлэлцэхгүй хуулийн заалттай. Гэтэл УИХ-ын 62 гишүүний болон , Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслүүдийг зэрэгцүүлж хэлэлцсэн.

-Ерөнхийлөгч саналаа татаж авснаар төсөл байхгүй байхад хэлэлцээд явсан нь мөн зөрчил юм.

-Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах Журмын тухай хуульд хэлэлцүүлгийг тасралтгүй явуулна гэж бий. Гэтэл дундуур нь өөр асуудал хэлэлцэх зэргээр зөрчөөд явсан. УИХ анхнаасаа хууль бус үйл ажиллагаа явуулсан.

Эх сурвалж: www.polit.mn