Ч.ОЛДОХ

УИХ дахь ШИНЭ намын зөвлөл ээлжит хуралдаа   ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн  төлөөллийг   урьж,  хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов.

УИХ-ын гишүүн, ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга Л.Болд хэлэхдээ: “Өнөөдрийн мэдээллээс харахад, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхээс 34.4 хувиар өсчээ. Монгол Улсад жилдээ 20 мянга орчим гэр бүл батлуулж байгаа ч 4-5 мянга нь  гэр бүлээ цуцлуулж байна. Өөрөөр хэлбэл, таван гэр бүл тутмын нэг нь цуцлагдах нөхцөл байдал бий болсныг монгол гэр бүлийг сүйрүүлэх бодлого явж байна гээд хэлэхэд буруудахгүй. 400, 500-гаар яригддаг байсан гэр бүл салалт сүүлийн жилүүдэд 10 дахин нэмэгджээ. Монголын нийгмийн үндэс суурь өнөөдөр ганхаж байна. Энэ асуудалд ШИНЭ нам онцгой анхаарал хандуулж, Монгол төрийн бодлогыг гэр бүл дээр суурилсан төрийн бодлого болгож өөрчлөх, хүүхэд хамгааллын асуудлыг онцгойлон авч үзэх, татвар урамшууллын зэрэг бүхий л бодлогоор залуу гэр бүлийг дэмжих чиглэлээр олон хууль тогтоомж боловсруулж, анхаарч ажиллах болно гэлээ.

ШИНЭ намын зөвлөлийн хурлаар хэлэlцсэн дараагийн асуудал нь  Монгол Улсын өрийн тухай байлаа. Тус намын  Ерөнхий зөвлөлийн гишүүн, эдийн засагч Х.Батсуурь  “Засгийн газрын өр 2019 оны III улирлын байдлаар нэрлэсэн үнээр 24.7 их наяд, өнөөгийн үнэ цэнээр тооцох юм бол 20.7 их наяд төгрөг байна. Үүний 84 хувийг гадаад валютаар төлөх өр эзэлж байна. 2020 оны төсөвт 960 тэрбум төгрөг тусгасан, энэ бол зөвхөн өрийн хүүгийн зардал. Гэтэл ирэх онд томоохон зардал буюу зээлийн үндсэн төлбөрүүд хийгдэнэ. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банкинд Засгийн газрын баталгаа гаргасан өр болох 500 сая ам.доллар, мөн Монголбанкнаас БНХАУ-ын Ардын банктай хийсэн свот хэлцлээр авсан 15 тэрбум юань буюу 2.2 тэрбум долларын өрийг төлөх ёстой. Тэгэхээр 2020 оны 5-7 дугаар сард нийт 2.7 тэрбум ам.долларын төлөлт хийх нөхцөл үүсчихээд байхад үүнийг төсөвт огт тусгаагүй, хэрхэн төлөх талаар мэдээлэл алга” гэдгийг мэдэгдлээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Төв банкны өрийг Засгийн газарт хамаагүй гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ энэ бол төрийн өр. Монголбанк, Засгийн газар, УИХ нийлээд бүгд төлөх ёстой юм” хэмээн онцлон  тэмдэглэв.

ШИНЭ намын зөвлөл долоо хоног бүрийн даваа гарагт хуралдахдаа нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлуудаар холбогдох талуудыг байлцуулан, нээлттэй хэлэлцүүлэг хийж байна гэв.

Эх сурвалж: www.polit.mn