Ч.ОЛДОХ

УИХ дахь МАН-ын бүлэг Сонгуулийн багц хуулийн төслийг хэлэлцжээ. Энэ үеэр хуулийн төслийн ажлын хэсгийг ахлагч, УИХ-ын дэд дарга   Л.Энх-Амгалангийн  мэдээллийг сонссон байна. Хурлаар Сонгуулийн хуулийг энэ долоо хоногт өргөн барих нь зүйтэй. Энэ сард багтаан хэлэлцэхгүй бол хуулийн хугацаа хэтэрнэ гэдэгт бүлгийн гишүүд  байр сууриа нэгтгэжээ. Мөн УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн тогтолцоог хадгалж, сонгуулийг  тусад нь явуулах ёстой. Иймээс гурван хуулийн төслийг тус, тусад нь боловсруулсан гэдгийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ. Үүний дараа Сонгуулийн тогтолцоо, хуулийн төслийн талаар ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан танилцуулав. Тэрээр хэлэхдээ”УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг бүтэн хоёр жил ажилласан. Гурван сонгуулийг нэг хуулиар явуулах бололцоогүй  гэсэн нөхцөл байдал үүссэн. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр мөн гурван сонгуулийг тусад нь явуулахаар болсон. Энэ үндсэн дээр бид  тус, тусын хуулийн төслийг боловсрууллаа. Сонгуулийн тогтолцооны тухайд бүлгийн гишүүд  50:26 гэсэн хувилбарыг өргөн барьж байгаа.  50 нэр дэвшигч жижиг тойрогт дэвшинэ. 26-д нь улс төрийн намууд нэр дэвшигчээ  тодруулж улс даяар нэр тойрог гэж зарлана. Өмнө нь намын нэрийг дугуйлдаг байсан бол хүний нэрийг дугуйлна. Энэ нь шууд сонгох гэдэгтэй таарч байгаа.  Мандатын тухайд 76 жижиг тойрогт өөрчлөлт оруулна. Сонгуулийн үеэр сошиал ертөнцийг бүрэн хаах, эсэх талаар ярьсан. Тодорхой хязгаарлалт хийхээс аргагүй. Гэхдээ бүрэн хаахгүй” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn