“ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм.
“Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв.
Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэх гэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ.
МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна.
Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.
Өмнөх нь http://polit.mn/75543
...УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “...Бид амаргүй асуудлаар ярьж байгаа нь үнэн. Гурав, дөрвөн нөхрөө дундаасаа явуулах уу, явуулахгүй юу гэдэг том эрсдэлтэй алхам дээр бид ярьж байгаа. Улс төр хийж байгаа. Гэхдээ нэг юм байна. Үүн дээр улс төрийн зарчим ярих ёстой. Өнөөдөр гадаа Миеэгомбын Энхболд гэдэг хүнийг огцруулъя, сандлаас нь чирч буулгая гээд жагсаал болж байна. Сая хэсэг хүн өрөөнд нь орж ирээд чирье гэдэг юм ярилаа. Бүгдээрээ харсан байх. Энэ 60 тэрбумын асуудлаас үүдэлтэй.
Яг үүнтэй адилхан ЖДҮ-гээс үүдэлтэй асуудал байгаа. Нийгмийн бухимдал байгаа. Намын бүлгийн чинь хорин хэдэн нөхрийн энэ ЖДҮ гэсэн асуудал чинь нийгмийн бухимдлыг төрүүлж байна. Болохгүй байна. Энэ үндэслэлээр Засгийн газар огцрох ёстой гэдэг асуудлыг яриад бид нар эцэслээд шийдчихсэн. Гэхдээ үүнийг дахиж ярихгүй. Энэ ЖДҮ-гийн асуудлыг дотроо ний нуугүй ярих ёстой гэдэг байр суурь дээр намын бүлгийн чинь хорин хэдэн нөхөр байгаа. Ийм саналтай байгаа. Өнөөдөр энд ярихгүй бол маргааш Их хурлын чуулган дээр яригдана. Нэгдүгээрт, үүнийг та бүхэн минь ойлгооч.
Хоёрдугаарт, УИХ анх удаа хууль зөрчлөө. Миний ойлгож байгаагаар 48 цаг нь 17 цагт дуусч байгаа гэсэн. Одоо яагаад ч хоёр Байнгын хороо хуралдаад, Их хурлын чуулган хуралдаж чадахгүй ээ. 17:00 цаг гэхэд эцсийн шийдвэр гарсан байх ёстой шүү дээ. Хуулийн заалттай. Дахиад Үндсэн хууль зөрчсөн” гэв.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.11.29 БААСАН №237 (6204)