С.САРУУЛ

Монгол Улсын Их Хурлаар 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр хуралдаанд оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг өнгөрөгч даваа гарагт (2019.11.18) Их Хурлын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барьсан юм.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу өнөөдөр (2019.11.26)  Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг Ерөнхийлөгч Х.Баттулга  баталгаажууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг нотлон баталгаажуулж, Төрийн тамга дарах ёслолын үйл ажиллагааг Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 95 жилийн ойн өдөр хийснээрээ онцлогтой юм. Ёслолын үйл ажиллагаанд төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд, эрдэмтэн судлаачид, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд болон албаны бусад хүмүүс оролцов.

Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “1992 оны Ардчилсан Үндсэн хуулийг нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчлөх асуудлыг Монголын ард түмэн, улс төрийн хүрээнд сүүлийн 11 жилийн турш идэвхтэй хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн зүгээс дөрвөн удаа төслийг өргөн барьж байсан. Миний бие УИХ-ын 2018 оны намрын чуулганы нээлт дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар засаглалын тогтолцооны зохист хэлбэрийг сонгох болон улс төр, нийгмийн хуримтлагдсан асуудлыг нэг мөр шийдэх эрс өөрчлөлт хийхийг парламентын гишүүдэд уриалсан билээ. Өнгөрсөн хаврын чуулганаар Улсын Их Хурал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээр шулуудаж, нийгмийн захиалгыг хагас боловч биелүүлээд байгааг бид чамлах хэрэггүй. Үгүй бол бид дахиад найман жил хүлээхэд хүрнэ. Улс орны хөгжил тэр хугацаагаар саарч, нийгмийн зохицуулалт цаг үеийн шаардлагаас хоцрон сугарч үлдэх болно. Төр, улс орныг удирдах, зохицуулах чадвараа бүрэн алдах энэ олон нийтийн зүгээс эрсдэлийг дагуулах уршигтай байхаар нөхцөл бүрджээ. Учир иймд улс орны эрх ашгийг эн тэргүүнд эрхэмлэх, үндэсний эв нэгдлийг бүхнээс дээгүүр эрэмбэлэх зарчмын үүднээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах, ёсчлох нь зүйтэй гэж үзлээ” хэмээн онцлон тэмдэглэв. Ерөнхийлөгчийн нотлон баталгаажуулсан уг эхийг Үндсэн хуульд байршуулж, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэх бөгөөд түүнийг албан ёсны эхэд тооцох юм.

Эх сурвалж: www.polit.mn