Эрх баригч МАН-ын голдуу албан тушаалтнууд ЖДҮХС-гаас “зээл” авсан, зарим нь тэр мөнгийг ББСБ-д оруулж хүүлсэн, зориулалтын бусаар зарцуулсан зэрэг үйлдэлтэй “ЖДҮ-гийн хэрэг” АТГ, прокурор, шүүхийн гар дамжаад удлаа.
Энэ хэрэгт ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг тэргүүтэй долоон хүн холбогдож, яллагдагчаар татагдаад шалгуулж байна. Гишүүд сугараад үлдэж байгаа бололтой юм.
Хэргийг Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн аравдугаар сарын 31-нд шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл дээрх хүмүүст холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2019 оны арваннэгдүгээр сарын 18-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Энэ үеэр яллагдагчаар татагдаад байгаа хүмүүс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар гаргасан хүсэлтээсээ татгалзаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрчээ. Тэд Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, уг хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.
Ер нь бол энэхүү “ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм.
“Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв.
Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэх гэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ.
МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна.
Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.
Түрүүч нь http://zms.mn/?p=74081
...МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “...Нямдорж даргад баярлалаа. Хэлэлцэж байгаа асуудлаар асуулт, санал хэлэх гишүүд нэрээ өгчих. Санал, асуулт хамт явна шүү. Таван минутаар. Болорчулуун гишүүнээр тасаллаа. Найман гишүүн болсон. Оюунхорол гишүүнээр эхэлье” гэснээр гишүүд санал, асуултаа хэлж эхлэв.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “...Энэ асуудлаас арай өөрөөр, ер нь өнөөдөр бүлэгт үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлаа дүгнэж цэгнээд, ер нь цаашдаа яаж явах гэж байгаа юм бэ. Энэ олон сар УИХ-ын нэгдсэн чуулганд оролгүйгээр улс төрийн үйл ажиллагаа идэвхтэй, идэвхгүй ийм нэг хэлбэрээр хандаад бүтэн сар гаруй болчихлоо. Тэгэхээр бид үүндээ бодитой дүгнэлт хийх ёсгүй юм уу. Энэ асуудлыг яаж, хэрхэн шийдвэрлэх вэ гэдгээ ярьж байж ард түмний өгсөн 65 суудалтай намын эрх ашгийг бодох цаг болоогүй юу. Үүнийгээ ярих юм уу, ярихгүй юм уу. Тийм учраас миний хувьд хэлэлцэж байгаа асуудлаас чинь түрүүлээд нэгдүгээр сэдэв чинь энэ байна гэж бодож байна. 65 суудалтай намынхаа бүлгийг эвлүүлж, хавлуулж, ярьж хөөрөх юм байна уу. Байхгүй юу. Бид буруу ишилсэн сүх шиг хоёр тийшээ харж хэвтээд ард түмний сонголтыг үл хүндэтгээд хаях гээд байгаа юм уу. Ямар улс төр явуулах гэж байгаа юм бэ.
Би ямар ч байсан хүчирхийлээд, бярдаад, хүчээр ямар ч улс төрийг аль нь ч хийж чадахгүй байна гэдгээ хараад ойлгож байгаа байх гэж бодож байна. Тийм учраас цаг барахгүй байх үүднээс нэгдүгээрт энэ асуудлаа ярьж байж дараагийн асуудлуудаа яриач ээ гэсэн зарчмын ч юм уу, горимын ч юм уу санал гаргаж байна” гэв.
Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “...Улс төрийн нөхцөл байдлыг зайлшгүй ярих шаардлага байгаа. Үүнийг бүгдээрээ ойлгож байгаа. Ярих хэрэгтэй байна. Гэхдээ цаг хугацааны хувьд хэцүү байгаа юм. УИХ-ын даргаас өгсөн чиглэл, Байнгын хороодод өгсөн чиглэлийн дагуу өнөөдөр 17:00 цаг гээд дөрвөн гишүүний 48 цагийн хугацаа дуусч байгаа юм. Тэрнээс өмнө шийдвэр гаргах ёстой. Бүлгийн дараа Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Тэгээд нэгдсэн чуулган хуралдана. 17:00 цагт багтдаггүй юм гэхэд өнөөдөртөө заавал багтаах шаардлагатай.
Ийм учраас дөрвөн гишүүний асуудлыг өнөөдөр хэлэлцье. Улс төрийн нөхцөл байдлыг ярих зайлшгүй шаардлага байгаа юм. Хэдүүлээ одоо энэ хурлаас тогтоод маргааш ярья тэгэх үү. Ингээд тодорхой хугацаа тогтвол ярьж болно. Өнөөдрийн хувьд ямар ч байсан тулчихсан хуулийн хугацаатай асуудлаа хэлэлцвэл яасан юм бэ. За, Элдэв-Очир гишүүн” гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.11.25 Даваа №234, 235 (6201, 6202)