Т.САЙХАН
Үндсэн хуулийн Цэцээс Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан 2020 оны улсын төсвийн орлогоос 1.3 их наяд төгрөг дутна хэмээн Сангийн сайд мэдэгдсэн. Улмаар энэхүү шийдвэрт ЕТГ-ын дарга З.Энхболдыг нөлөөлсөн гэсэн байр суурийг илэрхийлээд байв. Тэгвэл УИХ АМНАТ-ийн хуулийг боловсруулах ажлын хэсэг гарган ажиллаж, хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж, батлав. Сангийн сайд “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарснаас хойш АМНАТ-ын орлого өдөрт дунджаар 4.6 тэрбум төгрөг, арвандүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийт 69.9 тэрбум төгрөгөөр тасарч 2019 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахад ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна" гэжээ.
Тэгвэл Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг Эдийн засгийн байнгын хорооноос боловсруулаад буй. Тухайлбал, Цэцийн шийдвэрээр УИХ-ын 47 дахь заалт хүчингүй болсон учраас хуулийн заалтыг сэргээж, хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулж буй. Тухайлбал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашигт агуулгыг нэмэгдүүлж баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэж хуралдсан хуулийн этгээд, ашигт малтмал экспортолсон этгээд, Монголбанк түүнээс эрх олгосон арилжааны банкинд алт тушаасан этгээд төлбөр төлөгч байна. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь олборлож өөрийн хэрэгцээнд ашигласан, худалдсан, ашигт агуулгыг нэмэгдүүлж баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон бүх төрлийн хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож улсын төсөвт төлнө.
Мөн төлөгч нь борлуулалтын үнэлгээний таван хувь байхаар хуулийн төсөлд тусгаад байна.
Эх сурвалж:www.polit.mn