УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмонтой Төрийн ордонд таарч, цөөн асуултад хариулт авснаа хүргэе.

-Та Үндсэн хуулийн төслийг боловсруулах үед иргэдийн санал авах, мэдээлэл боловсруулах ажлыг гардан хийсэн хүн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ саяхан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталлаа. Хууль амьдралд хэрэгжээд ирэхээр л алдаа, оноо нь тодорхой болдог. Одоо тааж мэдэх арга байхгүй. Ямар ч байсан олон хүний санаа бодол, хөлс хөдөлмөр  шингэсэн төслийг энэ УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд хэлэлцэж баталлаа.

-Гэхдээ хуульч хүнийхээ хувьд яригдаж байсан төсөл ямархуу хууль болж батлагдав гэдгээр байр сууриа илэрхийлж болохгүй юу?

-Хувьдаа бол төрийн тогтолцооны хамгийн чухал асуудал болох төрийн удирдлагын хэлбэрийг тодорхой болгож шийдэлгүй орхилоо доо гэж харамсаж байна. Нэг бол Ерөнхийлөгчийн, эсхүл Парламентын засаглалын аль нэгийг нь сонгоод явсан бол тогтолцооны хувьд тулгамдсан асуудлаа шийдэх байсан. Зарим гишүүн парламентын сонгодог хэлбэрийг сонгох ёстой байсан гэж чуулганы хуралдаан дээр хэлж байна лээ.

-Та ч бас парламентын засаглалыг дэмждэг үү?

-Би ардчилсан засаглалыг л дэмждэг.

-Тодруулбал?

-Төрийн удирдлагын хувьд Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын хэлбэр аль нь ч байж болох хувилбар. Хамгийн гол нь Засгийн газар улстөрчдийн хуйвалдаан, намуудын тохиролцоо, институц хоорондын зөвшилцлөөр бус харин иргэдийн сонголтын үр дүнд байгуулагдах нь ойлгомжтой байх ёстой. Улс төрийн ямар ч нам засгийн эрхийг, тодруулбал гүйцэтгэх эрх мэдлийг авч дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө л байгуулагддаг. Гүйцэтгэх эрх мэдэл бол хамгийн чухал институц. Парламент, шүүх, улс төрийн намууд байхгүй байхад  төр байсаар байж болдог. Харин гүйцэтгэх эрх мэдэл байхгүй бол төр шууд байхгүй болдог гэж улс төрийн онолын ном зохиолд бичсэн байдаг. Иргэд сонгуульд орохдоо хэн нэгэн нэр дэвшигчийг сонгодог боловч, үүний хажуугаар ямар улс төрийн хүчнээр Засгийн газрыг удирдуулахаа бодож  сонголт хийдэг шүү дээ.

-Манайх парламентын засаглалтай нь тодорхой биз дээ?

-1996 онд Үндсэн хууль боловсруулах ажлын хэсгийн гишүүн, Монголын томоохон хуульч нарын нэг Ерөнхийлөгчийг бүх ард түмний сонгуулиар сонгодог учир Монгол Ерөнхийлөгчийн засаглалтай гэхэд, Улсын Бага Хурлын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж гуай Монгол Улсын тогтолцоо бол зөвхөн бэлэг тэмдгийн Ерөнхийлөгчтэй, Парламентын Бүгд Найрамдах Улс гэж маргаж байсан. Энэ маргааны хариултыг одоо ч өгч чадахгүй л байна. Яагаад гэвэл зөв хариулт  гэж байхгүй. Одоо эргээд бодоход хэнийх нь ч талд орох боломжгүй байгаа биз.

Тухайн үед 1998 онд юмуу даа, санаж байгаа бол УИХ-ын олонхиос Да.Ганболдыг Ерөнхий сайд болгох гэж долоон удаа Ерөнхийлөгчид санал оруулаад зөвшөөрөөгүй. Та тэгвэл хэнийг зөвшөөрөх юм бэ гэхэд Ерөнхийлөгч ийм хүмүүсээс Ерөнхий сайдыг томилж болох юм гэсэн байдаг. Тэгээд тэр хүмүүс дундаас нь Ерөнхий сайдыг УИХ томилсон байдаг. Энэ бол зүгээр нэг л жишээ.Сонгуулиар ард түмэн Засгийн газрыг байгуулах эрхийг УИХ-ын олонхид олгодог болохоос биш Ерөнхийлөгчид олгодоггүй. Ардчилсан сонгуулиар ард түмэн намын хөтөлбөр бодлого, зорилтыг нь харж байгаад Засгийн газраа бүрдүүл гээд аль нэг намыг нь УИХ-ын олонхи болгож сонгодог.

Гэтэл нөгөө талаас Ерөнхийлөгч бол бүх ард түмний сонгуулиар гарч ирсэн хамгийн хүчтэй хүн байдаг. Тэгээд яагаад тийм хүчтэй мөртлөө зөвхөн бэлэг тэмдэг төдий байх ёстой гэж. Зөрчил үүснээ дээ. Энэ зөрчил, түүнийг дагасан хямрал үеийн үед Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Цэцийн дунд байсаар ирсэн. Одоо ч байж л байгаа.

Нэг бол парламентын гишүүдээсээ Засгийн газраа бүрдүүлдэг парламентын засаглал, эсхүл бүх ард түмний сонгуулиар гарч ирдэг Ерөнхийлөгч нь Засгийн газраа бүрдүүлдэг Ерөнхийлөгчийн засаглалын аль нэгийг нь сонгох ёстой. Гурав дахь хувилбар бол дэмий. Дөрөв дэх бол бүр ч дэмий. Уг нь ингэж удаан туршилт хиймээргүй байгаа юм. Үүнийг нэг мөр шийдэх боломжийг өнгөрөөчихлөө дөө л гэж харж байна.

-Харин ч “Давхар дээл” тайлах асуудлаар нэлээд ахиц гарсан гэж судлаачид үзэж байгаа шүү дээ.

-Гаднын эрдэмтэд манай тогтолцоог баримттай маш сайн судалсан байдаг юм билээ. Олон дахин засгаа огцоруулж байсан 1996-2001 оны Үндсэн хуулийн хямрал нь сайд нарыг УИХ-ын гишүүдээс биш парламентын гаднаас бүрдүүлэх хууль үйлчилж, түүнийг Цэц хамгаалж байснаас үүссэн гэсэн дүгнэлтэд хүрсэн байна лээ.

Тэрний дараа юу болсныг бид мэднэ. 2001 онд дордуулсан долоон өөрчлөлт гэж нэр хоч өгсөн өөрчлөлтийг баталсан. Энэ өөрчлөлтийн хэрэгцээ шаардлага өмнөх таван жилийн улс төрийн хямралаас л бий болсон байдаг. Чухамдаа дордуулсан гээд байгаа тэр өөрчлөлт өнөөдрийг хүртэл 18 жил Монголын төрийн тогтолцоог тогтвортой байлгах суурь болж ирсэн гэж би боддог. Гишүүд сайдын алба давхар хашиж болохгүй гэж сүүлийн жилүүдэд их ярилаа. Ийм үзэл баримтлалаар ч Үндсэн хуульд өөрчлөлт орж байж шиг байна. Гэхдээ парламентын засаглалтай улсад парламентын гишүүдээс сайд нарыг томилдог. Сайд нар салбараа авч явахаас гадна, улс төрийн намын нүүр царай, өнгө төрх болж улс төрийн манлайллыг хэрэгжүүлдэг гэдгийг бодолцох ёстой байсан болов уу. Парламентад хүчтэй лидерүүд сууж байхад сулхан Засгийн газрыг огцруулах заналхийлэл бодитой байсаар л байх болно. Яагаад ч нэмэргүй. Угаасаа парламентын засаглалын мөн чанар нь тийм.

-Яг ийм тогтолцоогоор олон жил яваад ирсэн шүү дээ. За ингээд таны хэлснээр засаглалын хэлбэрээ тодорхой болгоё гэж бодъё. Амьдрал дээр яг юу өөрчлөгдөх юм бэ?

-Хууль эрх зүйн онол талаасаа Ерөнхийлөгчийн, эсхүл парламентын засаглал гээд баахан ойлгомжгүй байж болох юм. Амьдрал дээр бол нийгэм, эдийн засгийн томоохон шийдвэрүүдийг яаж хурдан шуурхай, зөв гаргаж монголчуудын  амьдралыг л яаж хурдан өөд нь татах вэ гэдэг асуултын хариултыг л эрэлхийлж байгаа хэрэг.

Сүүлийн жилүүдийн болж өнгөрсөн үйл явцыг харахад төрийн эрх мэдлийн хуваарилалт тодорхой бус байгаа нь улсын хэмжээний томоохон шийдвэр гаргаж чадахгүй байх нөхцөл байдалд л биднийг оруулж байна.  Яг үнэндээ бол гүйцэтгэх эрх мэдлийн эдийн засгийн томоохон шийдвэр гаргах үйл ажиллагаанд Ерөнхийлөгч, УИХ бүгд татагдан оролцож үл ойлголцох байдал үүсгэх, эдийн засгийн томоохон шийдвэр гаргах үйл явц удааширах, улмаар огт шийдвэр гаргаж чадахгүй нөхцөл байдалд орж байсан. Энэ байдал л засрах ёстой. Үндсэн хуулийн шинэчлэл ч үүнд л чиглэгдэх ёстой. Төрийн институц болгон өөр өөрсдийн хийх ёстой юмаа хийж бие биенийхээ ажилд хутгалдаад ажлыг нь хийлгэхгүй байх нөхцөл байдал арилна л гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.22  БААСАН  №233  (6200)