Ч.ЗОТОЛ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монгол Улсад жуулчны визээр ирээд хууль бус үйл ажиллагаа явуулсан БНХАУ-ын 800 иргэний асуудлаар  мэдээлэл хийв.

Тэрээр хэлэхдээ “800 хятад иргэнийг Хуан хэмээх хятад хүн оруулж ирсэн байна. Энэ хүн  Монгол Улсын Засгийн газрын хоёр сайдтай  2019 оны аравдугаар сарын  12-15-ны  хооронд уулзсан. Улмаар Цагааннуур, Алтанбулагийн чөлөөт бүсийн захирагч нарын хүмүүстэй уулзаж, Монгол Улсад цахим казино явуулах талаар ярилцаж, манай дарга нар зөвшөөрчээ. Монголд орж ирсэн хятадууд нь Камбожоос хөөгдсөн хүмүүс юм байна. Энэ хэрэгтэй холбогдсон Уулаа, Баяраа гэх хоёр хүн хоригдож байгаа юм байна. Харин Монголд болсон баривчилгааны өмнөх долоо хоногт Хуан гэх хятад хүн  хилээр гарч зугтсан байна. Уг хэрэгт холбоотой өөр хоёр хятад  иргэн  зугтаж яваад Замын-Үүд дээр баригдсан гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр энэ асуудлыг Монголын  цагдаа, тагнуулын байгууллагынхан анхнаасаа мэдэж байж. Мөн ГХЯ ч мэдэж байсан байна. Тэднийг нийт 53 халхавч компани байгуулж жуулчны визээр оруулж иржээ. Одоо 14 хүн нь 461-р ангид хоригдож байна. Энэ хэргийг хууль,  шүүхийнхэн нууцын зэрэглэлтэй гэж байгаа ч нуугаад байж таарахгүй учир би илчилж байна” гэв.

Энэ үеэр  ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан гүтгэсэн гэх  хэрэг шүүх дээр байсан нь юу болсон талаар сэтгүүлчид тордуулсан юм. Үүнд Ж.Батзандан гишүүн хариулахдаа “Шүүх шийдвэрээ гаргаж намайг буруугүй гэдгийг тогтоосон. Шүүх миний талд шийдвэрээ гаргасан. Түүнчлэн С.Зоригийн хэргийг шалгах  түр хорооны гишүүд ч  тагнуулын байгууллагынхантай уулзсан, нийтийн сонсгол хийсэн. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэдгийг ХЭҮК тогтоосон. Олон улсын байгууллага ч тогтоосон. Улмаар гурван шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгох боломж бүрдсэн. Тиймээс дээрх хэргийг буцааж, задлах ёстой гэсэн шийдвэрт хүрсэн”  гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn