Т.САЙХАН

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан, Гүйцэтгэх товчооны гишүүн, Эдийн засгийн ухааны доктор Д.Дуламсүрэн нар Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ.

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан– Монгол Улсын шүүхээс “Дубайн гэрээ”-г хууль бус байсныг тогтоосныг та бүхэн мэдэж байгаа. Уг нь хуультай, хууль нь хэрэгждэг оронд Засгийн газар нь шүүхийн шийдвэрээ хүндэлдэг. Дубайн гэрээг цуцлан, “Оюу толгой”-нхонтой дахин хэлэлцээр хийх хэрэгтэй. Гэтэл тэгэх учиртай, хууль ёсыг сахиулах ёстой Ц.Нямдорж УИХ-д муудалцлаа, зодууллаа л гэнэ. Тэгээд хэвлэл мэдээлийнхнийг дуудаа их олон юм ярьж байна. Дубайн гэрээг цээжээрээ хамгаална, Монгол Улсад ашигтай л гэнэ. Тиймээс бид энэ талаар байр сууриа илэрхийлж байна. “Оюу толгой”-н гэрээг баталснаас хойш өнөөг хүртэл хамгаалж, ард түмнийг хуурсаар ирсэн луйварчин. Өөрөө өөрийгөө илчилсэн нь сайн хэрэг. Монголын ард түмэн 100 хувь эзэмших ёстой байсан баялгийг хамгийн дээд тал нь 34 хувь эзэмшинэ гэж баталсан хүн бол Ц.Нямдорж юм. Оюутолгойн гэрээ батлагдахад энэ хүн Хууль зүйн сайд байсан. УИХ-ын нууцаар хуралдуулан, олны эсэргүүцлийг үл хайхран, шөнөөр баталсан. Ашигт малтмалын хуулийг хууль бусаар батлахад нь тусалсан хүн бол Д.Одбаяр. Одоо эх орныхоо нэрийг дэлхийд шившиг болгочихоод байгаа Д.Одбаяр шүү дээ. “Дубайн гэрээ”-г хууль бусаар байгуулалцсаныхаа төлөө авсан шагнал нь одоо амьдарч буй маш үнэтай байр нь. Алтжингийнх гэдэг нь худлаа шүү дээ. Дубайн гэрээ хүчин төгөлдөр бус гэж шүүх батлаад байхад шүүхийнхээ эсрэг ярьдаг Хууль зүйн сайдтай бид байж болохгүй. Хэрвээ Монгол Улсад хууль хэрэгждэг байсан бол Ц.Нямдорж сайдын сэнтийд бус шоронд суух байсан юм. Ц.Нямдорж “Рио Тинто”-гийн Монгол дахь суурин төлөөлөгч, тагнуулч, урвагч. Өнөөдөр ч бас эх орноосоо урваж байна. Энэ хүнээ одоо огцруул, байранд нь тавь. Ц.Нямдорж “Би эх орноосоо урваагүй” гэдэг ном бичиж байгаа сурагтай. Би өнөөдрөөс эхлэн Ц.Нямдоржийн хийсэн муу муухай бүхнийг илчилнэ, дахиж улс төрд гаргахгүй. Хэрэв УИХ-д дахин нэр дэвшвэл унагах ажлыг хийнэ.

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар: – Ойрын үед төрд шургалсан улаан хамгаалагч нар ил болж, Монголын ард түмэнд сайн зүйл болж байна.  “Риотинто”-гийн Засгийн газар,  УИХ манай улсыг өрөнд оруулсан.  Одоо хэн хэн Риотинто өмөөрч гарч ирж байна, урвагчид ил болж байна.  Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун тэргүүтэй гишүүд тухайн үед ч одоо УИХ дээр байдаг тэнхээгээрээ л ард түмний эрх ашиг ярьж байна.  Харин төрд шургалсан хувалзнууд сайдын суудалд суучихаад үнэнд  гүйцэгдэж байна.  Анхны Ерөнхийлөгч П.Очирбат олигархиудад үйлчилсэн.  Дараагийн Ерөнхийлөгч Н.Багабанди одоо Оюутолгойн  ТУЗ-д байгаа. Маш их олон сая ам.долларын ашигтай ажиллаж байна. Харин ард түмний гурван хүний нэг ажилгүй байна.  Ядуурал 34 хувьтай байгаа. Өнөөдөр Оюутолгой ярихаар яагаад бүгд чимээгүй суугаад байгаа юм бэ. Үндэсний аюулгүйн зөвлөл яагаад ямар ч байр суурь илэрхийлэхгүй байгаа юм бэ. Өнөөдөр монголчууд 29,7 тэрбумын өртэй болсон. Монгол Улс бол гадаадын 16 компанид барьцаанд үлдээдэг хэрэгсэл нь болсон” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn