Ч.ҮЛ-ОЛДОХ
Манай улс Оюутолгойн ордоо эдийн засгийн эргэлтэд оруулаад 10 жил болж байна. Энэ хугацаанд Монгол Улсын эрх ашиг зөрчигдөж байна гэсэн хэл ам тасраагүй. Тэгвэл УИХ энэ асуудлыг 10 жилийн дараа буюу 2018 онд эргэн харж, гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг томилсон юм. Тус ажлын хэсгийг эхлээд Д.Дамба-Очир гишүүн, дараа нь Д.Тэрбишдагва гишүүн ахлан ажилласан ч нэгдсэн хуралдаан, нийтийн сонсгол, олон нийтэд хандсан мэдээлэл огт хийж байгаагүй. Гэтэл өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Оюутолгойн ордыг ашиглахад Монголын талын эрх ашгийг хангуулах талаар УИХ-аас шийдвэр гаргуулах Ажлын хэсгийн дүгнэлт, тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг боловсруулсныг Т.Аюурсайхан гишүүн байнгын хорооны гишүүдэд уншиж танилцуулсан. Гол агуулга нь Оюутолгойн ордыг ашиглахад чиглэсэн гэрээ хэлэлцээрүүдийг Монголын талын эрх ашигт нийцүүлж сайжруулах чиглэлийг Засгийн газарт үүрэг болгосон гэв. Түүнээс гэрээг хүчингүй болгох, цуцлах, төслийг зогсоох утгыг агуулаагүйг тэрээр онцолсон. Оюутолгойн гэрээг сайжруулах УИХ-ын ажлын хэсгийн тогтоол нь Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хэлэлцэх асуудал дотор байгаагүй бөгөөд хуралдааны дундуур гэнэт оруулж ирсэн юм. Байнгын хорооны хуралдаанд гишүүдийн тавьсан асуулт, хариултыг хүргэе.
Ж.Бат-Эрдэнэ:
-Тогтоолын төслийг ерөнхийд нь дэмжиж байгаа. Харин Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд сайжруулах чиглэлээр цогц арга хэмжээ авах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйчилгээ авах гэдгийг тодруулна уу. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд зөвлөх үйлчилгээ авах хэрэгтэй байх. Гэхдээ тэрийгээ яаж харж байна вэ. Монгол Улсын эрх ашиг гэдгээ яаж тодорхойлох вэ.
Т.Аюурсайхан:
-УИХ-аас баталсан хууль, гаргасан шийдвэрүүд үндэслэлтэй, тооцоотой, хэрэгжих боломжтой байх ёстой. Сайжруулах гэдэг нь зөвхөн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга замаар явах ёстой. Энэ хүрээнд үүнийг хэрэгжүүлэх ЗГХЭГ, аудит, “Оюутолгой” компани, ТЕГ-ын төлөөллийг ажлын хэсэгт өргөтгөсөн хэлбэрээр байлгаж тогтоолын төслийг эцэслэсэн. Оюутолгойн гэрээ хоёр талын эрх ашигт нийцсэн байх ёстой. Ингэхдээ Монгол Улсын эрх ашиг орхигдох ёсгүй. Монгол Улсын эрх ашиг орхигдсон ялангуяа, санхүүжилтийн, менежментийн хавсралтаар батлагдсан гэрээнд Монголын талын эрх ашгийг тусгах ёстой гэдэгт ажлын хэсгүүд, холбогдох байгууллагууд санал нэгдсэн.
З.Нарантуяа:
-Тогтоолын төсөлтэй холбогдуулж санал хэлэхээс өмнө нэг зүйлийг тодруулъя. Анх 2018 оны есдүгээр сарын 29-нд УИХ-ын даргын 57 дугаар захирамж гарч Оюутолгойн ордыг ашиглах ХОГ-ний хэрэгжилтийг шалгах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Би энэ ажлын хэсэгт ажилласан. Ажлын хэсэг дороо дөрвөн дэд ажлын хэсэгтэй. Ажлын хэсгүүд жил тойрон шалгаж нэлээн удсан. Дэд ажлын хэсгийн дүгнэлтийг өмнө нь Эдийн засгийн байнгын хороогоор нэг удаа хэлэлцсэн. Дэд ажлын хэсгийн гаргасан дүгнэлтэд гарын үсэг зураагүй дөрвөн гишүүний нэг нь би. Тооцооллын болон тодруулах, дахин шалгах зүйлүүд байна гэж үзсэн учраас дэд ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн 57 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэг нэгдсэн байдлаар хуралдана гэсэн хүлээлттэй өнөөдрийг хүртэл явсан. Харамсалтай нь ажлын хэсэг нэгдсэн байдлаар хуралдаагүй. Таван дэд ажлын хэсгийн гаргасан дүгнэлтүүдийн уялдаа холбоог сайн шүүж ярилцаад УИХ-аас гаргах тогтоолын төслийг бэлдэж чадаагүй, дарга нарын асуудал ярьж халж, сольсоор ажлын хэсгийн ажил дууссан. Дараа нь 2019 оны зургадугаар сарын 3-нд УИХ-ын даргын 102 дугаар захирамжаар санал, дүгнэлтэд үндэслэн УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Би их гайхаж байна. Шалгалтын ажлын хэсэгт нь орж үзэж судалсан хүн нь орох байтал огт шалгаж, судлаагүй хүмүүс ороод шийдвэрийн төсөл боловсруулж, түүнийг нь ярьж байна. Яагаад Оюутолгойг шалгасан ажлын хэсгийнхэн нэгдсэн байдлаар санал дүгнэлт гаргаагүй юм бэ. УИХ-ын дарга үүнийг зохион байгуулж чадаагүй атлаа яагаад өөр ажлын хэсэг гаргаад ийм санал оруулсэн юм бэ. УИХ дээр ямар нэг хууль, тогтоомж, шийдвэрийн төсөл гаргахдаа дүрэм журмын дагуу, үндэслэл, тооцоо судалгааг ажлын хэсгийн актад үндэслэж ажил явдаг байх. Ийм хүлээлттэй байсан учраас миний хувьд бэлдсэн саналаа хэлэх, тусгуулах газар олдсонгүй. М.Оюунчимэг гишүүн “Чи ажлын хэсгийнхээ хуралд ирээгүй учраас хасагдсан” гэсэн юм яриад байна. Тийм зүйл байхгүй, ажлын хэсгийн хуралд орох, орохгүйгээ би мэднэ, УИХ-ын гишүүний эрхээ эдлэхэд минь битгий халдаарай. Би зарчмын хувьд хоёр өөр зорилготой ажлын хэсгийн учрыг олох гэж хүлээсээр өдий хүрлээ. Тогтоолын төсөлтэй холбоотой 2-3 асуулт байна. Нэгдүгээрт, Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай гэж тогтоолын толгой гарчээ. Монгол Улсын эрх ашиг гэдэгт та бүхэн УИХ-ын даргын 57 дугаар тогтоолоор зааж өгсөн чиглэлийг хэлж байна уу. 57 дугаар тогтоолыг гаргахад хүргэсэн Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтийг ярьж байна уу. Эсвэл гэрээний үр дүнгийн дараа Монгол Улсад энэ төслөөс орж ирж байгаа хүртээмж өгөөжтэй холбогдуулж эрх ашгийг тодорхойлж байна уу. Ямар байдлаар нийцүүлэх гэж тогтоолын төсөл гаргаж байна вэ. Хоёрдугаарт, тогтоолын хоёр дахь заалтад Оюутолгойн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлж сайжруулах чиглэл өгч байна. Энэ чиглэлийн тогтоолууд Захиргааны хэргийн шүүх дээр сая бүгд хүчингүй болсон. Хүчингүй болгосон тогтоолуудыг Монгол Улсын эрх ашигт нийцүүл гэж байгааг юу гэж ойлгох вэ. Шинэчилж байгуул гэсэн утгатай юм уу. Гуравдугаарт, 34 хувийн хувьцээ эзэмшдэгийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл эсвэл АМНАТ-өөр орлуулах хувилбарыг судал гэжээ. Ингэж гаргалаа гэхэд Монгол Улсад ямар ашигтай байх вэ.
Т.Аюурсайхан:
-2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн УИХ-ын даргын 57 дугаар захирамжаар Оюутолгойн ордыг ашиглах ХОГ-ний хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Улмаар санал дүгнэлтээ гарган ЭЗБХ-нд танилцуулсан. Тогтоолын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан шийдвэр нь тусдаа байгаа. Энэ шийдвэрийг УИХ-ын даргын 2019 оны 152, 154, 160 дугаар захирамжаар байгуулсан. Тогтоолын төслийг боловсруулахдаа үндэслэлийг нь зөвхөн ажлын хэсгийн санал дүгнэлтэд үндэслэж биш 43 дугаар зүйлийн 43.1.1-ийг үндэслэн тогтоосон. Ажлын хэсгийн дүгнэлтэд тусаагүй зарим зүйлийг оруулж өргөн хүрээнд авч үзсэн. Монгол Улсын эрх ашиг гэдгийг өргөн хүрээтэй ойлгох ёстой. Үүнд үр өгөөжийг нэмэгдүүлэх, үр ашгийг хангуулах хоёр шаардлага байгаа. Үүнийг тооцоо, судалгаанд тулгуурлаж гаргасан. З.Нарантуяа гишүүн шүүх дээр хүчингүй болгосон гэдэг асуудал ярьж байна. Үүнд бид гаргалгаатай хандсан. Хууль тогтоомжид нийцүүлэх гэдэг нь хэрэв өнөөдөр Захиргааны хэргийн шүүх дээр холбогдох хуулийн зөрчил байна гэж үзвэл хуулийн зөрчлийг арилгах чиглэл өгч байгаа. Гэхдээ зөвхөн үүгээр тогтохгүй Монгол Улсын эрх ашигт нийцүүлж сайжруулсны үндсэнд хуулийн зөрчлийг арилгаж гэрээг ойлгомжгүй байдлаас гаргаж асуудлыг шийднэ.
Я.Содбаатар:
-Ажлын хэсгийн санал дүгнэлт байнгын хороогоор орж, 17 гишүүнтэйгээр шийдвэрийн ажлын хэсгийн гаргах санал гарч дэмжигдээд УИХ-ын даргын шийдвэрээр таван ажлын хэсгийн дарга орсон ажлын хэсгийг Б.Баттөмөр гишүүнээр ахлуулан гаргасан. Энэ ажлын хэсэг таван сарын турш ажиллаад өнөөдөр тогтоолын төсөл орж ирж байна.
М.Оюунчимэг:
-Оюутолгойн төсөл хоёр улс, хоёр аж ахуйн нэгжийн хэмжээний бус олон улсын том төсөл. Иймд УИХ, Засгийн газар маш нухацтай хандаж байгааг З.Нарантуяа гишүүнд хэлье. Ажлын хэсгүүдэд өргөн бүрэлдэхүүн оролцож, хяналт тавьсан, хангалттай сайн ажилласан. Үүнд үндэслэн өнөөдөр ажлын хэсгийн дүгнэлт гарч байна. Бид энэ тогтоолоор 10 жил ярьж ирсэн маргааныг зогсооно.
Үүний дараа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “ УИХ-аас ажлын хэсэг гарч дүгнэлт гараагүй учраас өнгөрсөн 5-6 сарын хугацаанд Засгийн газар Оюутолгойн ордын ашиглалтын талаар Монгол Улсын эрх ашгийг хангуулах, гишүүдийн хэлж буй саналын талаар тодорхой алхмыг хийх улс төрийн боломжгүй явж ирсэн. Өнөөдөр УИХ-аас холбогдох байнгын хороогоор энэ асуудал яригдаж, УИХ өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд ажлын хэсгийн дүгнэлтээ хэлэлцэж, нэг талдаа гарч байгаад талархаж байна. Засгийн газраас найруулгын зарим саналыг тавьсан. Тэдгээр саналыг хүлээж авсан нь ч бий, аваагүй нь ч бий. Тэгэхээр ажлын хэсгийнхэн, түүнд ажилласан УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал гэж би хүлээн авч байгаа. Ер нь бол маргаантай, цаашид анхаарах зүйлүүд 2009 оноос яригдсан. Ямар арга замаар яаж шийдэх вэ гэдэгт бодох ёстой. Урт хугацаанд нарийвчилсан ажлууд хийж байж шийдэх байх. Дүгнээд хэлэхэд, Оюутолгой төслийн Монголын талын хэрэгжүүлэгч байгууллагын санхүү болон хүний нөөцийн чадварыг сайжруулах шаардлагатай. Бусад асуудлаар 6-7 заалт харагдаж байгаа ч энэ нь 1700 заалтын талаарх үйл ажиллагаа гэсэн үг юм. Тэгэхээр хугацаа шаардана. Засгийн газраас хэрэв УИХ-аар шийдвэр гарвал тогтоолын хүрээнд ажиллах боломж бий” гэв.
Хуралдааны төгсгөлд Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар Оюутолгойн гэрээг Монгол Улсын эрх ашигт нийцүүлж сайжруулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.11.21 ПҮРЭВ №232 (6199)