Ч.ОЛДОХ
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Оюутолгойн ордыг ашиглахад Монголын талын эрх ашгийг хангуулах талаар УИХ-аас шийдвэр гаргуулах Ажлын хэсгийн дүгнэлт, тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг боловсруулсныг Т.Аюурсайхан гишүүн байнгын хорооны гишүүдэд уншиж танилцуулсан. Тогтоолын гол агуулга нь Оюутолгойн ордыг ашиглахад чиглэсэн гэрээ хэлэлцээрүүдийг Монголын талын эрх ашигт нийцүүлж сайжруулах чиглэлийг Засгийн газарт үүрэг болгоход чиглэжээ. Байнгын хорооны хуралдаанд Ж.Бат-Эрдэнэ гишүүн Монгол Улсын эрх ашиг гэдгийг хэрхэн тодорхойлох вэ гэдгийг онцлон асууж байв. Түүний асуултад Т.Аюурсайхан гишүүн хариулахдаа “УИХ-аас баталсан хууль, гаргасан шийдвэрүүд үндэслэлтэй, тооцоотой, хэрэгжих боломжтой байх ёстой. Сайжруулах гэдэг нь зөвхөн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга замаар явах ёстой. Энэ хүрээнд үүнийг хэрэгжүүлэх ЗГХЭГ, аудит, Оюутолгой компани, ТЕГ-ын төлөөллийг ажлын хэсэгт өргөтгөсөн хэлбэрээр байлгаж тогтоолын төслийг эцэслэсэн. Оюутолгойн гэрээ хоёр талын эрх ашигт нийцсэн байх ёстой. Ингэхдээ Монгол Улсын эрх ашиг орхигдох ёсгүй. Монгол Улсын эрх ашиг орхигдсон, ялангуяа санхүүжилтийн, менежментийн хавсралтаар батлагдсан гэрээнд Монголын талын эрх ашгийг тусгах ёстой гэдэгт ажлын хэсгүүд, холбогдох байгууллагууд санал нэгдсэн” гэв. Энэ үеэр З.Нарантуяа гишүүн “Ажлын хэсгүүд жил тойрон шалгаж нэлээн удсан.дэд ажлын хэсгийн дүгнэлтийг өмнө нь Эдийн засгийн байнгын хороогоор нэг удаа хэлэлцсэн.Дэд ажлын хэсгийн гаргасан дүгнэлтэд гарын үсэг зураагүй дөрвөн гишүүний нэг нь би. Тооцооллын болон тодруулах, дахиж шалгах зүйлүүд байна гэж үзсэн учраас дэд ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн 57 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэг нэгдсэн байдлаар хуралдана гэсэн хүлээлттэй өнөөдрийг хүртэл явсан. Харамсалтай нь ажлын хэсэг нэгдсэн байдлаар хуралдаагүй. Таван дэд ажлын хэсгийн гаргасан дүгнэлтүүдийн уялдаа холбоог сайн шүүж ярилцаад УИХ-аас гаргах тогтоолын төслийг бэлдэж чадаагүй, дарга нарын асуудал ярьж халж, сольсоор ажлын хэсгийн ажил дууссан. Дараа нь 2019 оны зургадугаар сарын 3-нд УИХ-ын даргын 102 дугаар захирамжаар санал, дүгнэлтэд үндэслэн УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Би их гайхаж байна. Шалгалтын ажлын хэсэгт нь орж үзэж судалсан хүн нь орох байтал огт шалгаж, судлаагүй хүмүүс ороод шийдвэрийн төсөл боловсруулж, түүнийг нь ярьж байна. Яагаад Оюутолгойг шалгасан ажлын хэсгийнхэн нэгдсэн байдлаар санал дүгнэлт гаргаагүй юм бэ. УИХ-ын дарга үүнийг зохион байгуулж чадаагүй атлаа яагаад өөр ажлын хэсэг гаргаад ийм санал оруулсэн юм бэ. УИХ дээр ямар нэг хууль, тогтоомж, шийдвэрийн төсөл гаргахдаа дүрэм журмын дагуу, үндэслэл, тооцоо судалгааг ажлын хэсгийн актад үндэслэж ажил явдаг байх. Ийм хүлээлттэй байсан учраас миний хувьд бэлдсэн саналаа хэлэх, тусгуулах газар олдсонгүй” гэсэн шүүмжлэлийг хэлж байсан. Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Я.Содбаатар түүний асуултад “Ажлын хэсгийн санал дүгнэлт байнгын хороогоор орж, 17 гишүүнтэйгээр шийдвэрийн ажлын хэсгийн гаргах санал гарч дэмжигдээд УИХ-ын даргын шийдвэрээр таван ажлын хэсгийн дарга орсон ажлын хэсгийг Б.Баттөмөр гишүүнээр ахлуулан гаргасан. Энэ ажлын хэсэг таван сарын турш ажиллаад өнөөдөр тогтоолын төсөл орж ирж байна” хэмээн хариулсан. ХАрин ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд“ УИХ –аас ажлын хэсэг гарч дүгнэлт гараагүй учраас өнгөрсөн 5-6 сарын хугацаанд Засгийн газар Оюутолгойн ордын ашиглалтын талаар Монгол Улсын эрх ашгийг хангуулах, гишүүдийн хэлж буй саналын талаар тодорхой алхмыг хийх улс төрийн боломжгүй явж ирсэн. Өнөөдөр УИХ-аас холбогдох байнгын хороогоор энэ асуудал яригдаж, УИХ өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд ажлын хэсгийн дүгнэлтээ хэлэлцэж, нэг талдаа гарч байгаад талархаж байна. Гэхдээ энэ нь урт хугацаанд шийдэх асуудал юм” гэв.
Хуралдааны төгсгөлд Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар Оюутолгойн гэрээг Монгол Улсын эрх ашигт нийцүүлж сайжруулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив.
Тогтоолын төсөлд:
- Засгийн газар, “Рио Тинто интернейшнл холдинг” болон “Айвенхоу Майнз” компанийн 2009 оны аравдугаар сард байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд байгуулсан “Эрдэнэс Монгол”, “Айвенхоу Оюутолгой”, “Оюутолгой Нидерланд Би Ви”, “Оюу Толгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын 2008 оны “Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” тогтоол, 2009 оны “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” тогтоол болон Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд сайжруулах цогц арга хэмжээ авах, энэ чиглэлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авахыг даалгах,
- Засгийн газар, “Оюутолгой”, “Ресурс Лимитед”, “Ти Эйч Ар Оюутолгой”, “Оюутолгой Нидерланд”, “Рио Тинто интернейшнл холдинг” компанийн 2015 онд байгуулсан Оюутолгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг Монгол Улсын эрх ашиг, хууль, тогтоомжид нийцүүлэн сайжруулах,
- Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-т оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах,
- Оюутолгойн ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөж буй олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн ТЭЗҮ-ийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах,
- Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг Говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох,
- УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Оюутолгой ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын багийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах,
- Оюутолгой төслийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүү болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж бэхжүүлэх,
- Тогтоолын хэрэгжилтийг хангахыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хоёрдугаар зүйлээр үүрэг болгож, Ажлын хэсгийн нэр бүхий гишүүдэд тус, тус даалгасугай гэжээ.
Эх сурвалж: www.polit.mn