Эрх баригч МАН-ын голдуу албан тушаалтнууд ЖДҮХС-гаас “зээл” авсан, зарим нь тэр мөнгийг ББСБ-д оруулж хүүлсэн, зориулалтын бусаар зарцуулсан зэрэг үйлдэлтэй “ЖДҮ-гийн хэрэг” АТГ, прокурор, шүүхийн гар дамжаад удлаа.

Энэ хэрэгт ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг тэргүүтэй долоон хүн холбогдож, яллагдагчаар татагдаад шалгуулж байна. Гишүүд сугараад үлдэж байгаа бололтой юм.

Хэргийг Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн аравдугаар сарын 31-нд шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл дээрх хүмүүст холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг уржигдар буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 18-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Энэ үеэр яллагдагчаар татагдаад байгаа хүмүүс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар гаргасан хүсэлтээсээ татгалзаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрчээ. Тэд Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, уг хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна. Прокурор хэрхэх нь одоогоор тодорхойгүй.

Харин энэхүү “ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм.

“Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв.

Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэх гэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ.

МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэр­сайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаан­гүйгээр хуралдаа суугаагүй байна.

Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.

Гишүүд энэ асуудлаар юу гэж ярьж, ямар байр суурь илэрхийлж байсныг “Зууны мэдээ” сонин маргаашийн дугаараасаа эхлэн хүргэнэ.

2019.11.20  ЛХАГВА  №231  (6198)

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин