Т.БАТСАЙХАН
Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооноос “Ажлын байр, дарамтгүй орчин” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Ажлын байранд иргэдэд олон хэлбэрийн дарамт ирдэг ч хамгийн ноцтой нь бэлгийн дарамт болохыг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна. Тухайлбал, Монголын эмэгтэйчүүдийн сангаас 2016 онд хийсэн цахим судалгаагаар ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн хохирогчдын 97.5 хувийг эмэгтэйчүүд, 2.5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байсан. Харин үйлдэгчдийн 97.5 хувь нь эрэгтэйчүүд, 87.4 хувь нь дээд боловсролтой, 69.2 хувь нь удирдах албан тушаалтнууд байжээ. Мөн төрийн бус байгууллагуудын эвслээс хийсэн судалгаагаар 2017 онд ажлын байран дахь бэлгийн дарамтын талаар 17-70 насны 654 эмэгтэй, 99 эрэгтэй нийт 753 хүнээс судалгаа авахад 79.6 хувь нь “ажлын байрны бэлгийн дарамт их байдаг” гэж хариулсан байдаг.
Энэ нь өөрөө эмзэг асуудал учраас нийгэмд төдийлөн ил болоод байдаггүй. Харин сүүлд ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгч эмэгтэйд дарамт үзүүлсэн хэргээр БНСУ-ын хуулийн байгууллагад шалгагдсан. Энэ хэргийн дараагаар ажлын байр дахь бэлгийн дарамтын асуудал нийгмийн анхаарлын төвд орж ирлээ. Өчигдөр гэхэд энэ талаар Төрийн ордонд хэлэлцэж, гарц шийдэл хайлаа. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар “Монгол Улс 1981 онд “Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай” НҮБ-ын конвенцод нэгдэн орсон. Гэсэн ч дотоодын хууль тогтоомжуудаар энэ асуудлыг зохицуулж, нэг мөр болгож чадаагүй байна. Тиймээс манай байнгын хороо санаачлан Эрүү, Зөрчлийн тухай хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлтөөр засч, залруулахаар ажиллаж байна” гэв. Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудлыг анх 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд оруулсан байдаг. Харин бусад органик хуульд ийм зохицуулалт одоогоор байхгүй гэдгийг мөн тодотголоо. Мөн судалгаанаас харахад ажлын байрны бэлгийн дарамтыг ихэвчлэн удирдах албан тушаалтнууд үйлддэг байна.
ХЭҮК-ын Боловсрол судалгааны хэлтсийн ахлах ажилтан Ц.Адьяахишиг “Сүүлийн 6-7 жилд ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой өргөдөл, гомдол эрс нэмэгдсэн. Тэдгээр нь дандаа идэвхтэй үйлдэл буюу эмэгтэйн биед хүрсэн, санал тавьсан, албан тушаалаар айлган сүрдүүлж тулган шаардсан байдаг. Шалгаж тогтоогоод хариуцлага тооцуулахаар удирдах албан тушаалтанд нь хандахад хариуцлага тооцож байна гээд өөр байгууллагад дарга болгоод явуулчихдаг. Ийм учраас л энэ асуудал газар авсаар байна” гэлээ.
Сүүлд Төрийн албаны тухай хуульд ажлын байрны бэлгийн дарамтыг хязгаарлах заалт оруулсан ч хариуцлагын тогтолцоо нь зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчдад хамаатай. Харин улс төрийн болон тусгай, үйлчилгээний албан хаагчид зөрчил гаргавал хариуцлага хүлээхгүй байхаар тусгасан. Гэтэл судалгаагаар ажлын байрны бэлгийн дарамт хамгийн ихтэй салбар нь улстөр, хууль сахиулах, үйлчилгээнийхэн байна.
Тэгэхээр эрх зүйн зохицуулалтаар бол хувийн компанийн захирал дарамт учруулах юм бол ХЭҮК-оос өгсөн шаардлагыг бэлгийн дарамт учруулсан этгээд өөрөө цохож таарч байна. Тиймээс ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд тусгах шаардлагатайг хүний эрхийн хамгаалагчид, эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл хэлсэн юм. Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд зөвлөмж гарган, холбогдох Байнгын хороо, Засгийн газарт хүргүүлж, УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн төслүүдэд тусгахад анхаарч ажиллана гэдгээ хэлж байна. Ийнхүү төрийн албан дахь “Одбаярууд”-ын асуудлыг төрийн ордонд хүртэл хэлэлцэв.
2019.11.20 ЛХАГВА №231 (6198)
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин