Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны төсвийн тухай хуулийг батлаад байгаа билээ.  2020 онд  нийт 12.9 их наяд төгрөгийн орлого олохоор төсөвлөсөн бөгөөд үүний 10 их наядыг нь татвараас бүрдүүлнэ.  Харин 13.9 их наяд төгрөгийн зарлага гаргана гэж тооцоолсон.  Төсөв батлагдсанаас хойш Ерөнхийлөгч хориг тавих болов уу гэсэн таамаг байсан.  Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны төсөв, ялангуяа НДШ-тэй холбоотой заалтад хориг  тавихаар болжээ.   Энэ талаар өчигдөр ЕТГ-ын дарга З.Энхболд “Ерөнхийлөгч Нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх хоёр хувь дээр хориг тавихаар бэлтгэж байгаа. 25 болох гэж байгаа шимтгэлийг 23 дээр нь зогсоох талаар арга хэмжээ авна” гэлээ.  Үүний дараа  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мөн байр сууриа илэрхийлсэн. Тэрээр “Ерөнхийлөгч үнэн хэрэг дээрээ ОУВС-гийн хөтөлбөрт хориг тавьж байна гэсэн үг. ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж байгаа хөтөлбөр үр дүнгээ өгч, зогсчихсон байсан эдийн засгаа, өндөр хүүтэй зээл, бондуудад дарлуулж байснаа эргэж санах хэрэгтэй. 2017 онд батлагдан, хэрэгжээд хоёр жил долоон сар болсон хуульд хориг тавьж болдоггүйг мэдэж байгаа болов уу” гэсэн юм.  Ямартай ч Ерөнхийлөгч  сонгогдсоноосоо хойш есөн удаа хориг тавьсан байдаг.  Тэгвэл 10 дахь хориг нь 2020 оны Төсвийн хуулийн нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой заалт болж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.19 №230 (6197)