Т.БАТСАЙХАН
УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн төслийг парламент таван сарын хугацаанд хэлэлцэж, өнгөрсөн долоо хоногт баталлаа. Ингэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга болон АН-ын саналыг тусгахгүйгээр МАН даргаараа өөрчлөлт оруулсан юм. Энэхүү өөрчлөлт түүхэнд ямраар тэмдэглэгдэн үлдэхийг цаг хугацаа харуулна. Харин Үндсэн хууль өөрчлөгдсөний дараах улс төрийн нөхцөл байдал хэрхэн өрнөх нь анхаарал татаж байна.
Цэц маргаан үүсгэх үү?
МАН-ын баталсан Үндсэн хуулийн төсөл анхнаасаа процессын дагуу яваагүй, хуулийн алдаа гарсан гэдгийг зарим хуульч мэдэгдэж байгаа. Хэлэлцэх явцад Үндсэн хуулийн эхийг батлах, ард түмнээс асуух тухай УИХ-ын 73 дугаар тогтоолыг 85 дугаар тогтоол гаргаж хүчингүй болгосон асуудал бий. Энэ талаар зарим хуульч Цэцэд гомдол гаргаад байгаа билээ. Харин цэц маргаан үүсгэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Цаашид Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал ч цэц дээр очих магадлалтай.
Ерөнхийлөгч хориг тавихгүй, судална
Түүнчлэн өчигдөр эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Ерөнхийлөгчид танилцуулж, эхийг нь баталгаажуулж өгөхийг хүслээ. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч хориг тавих тухай яригдаж байсан. Учир нь Үндсэн хуулийн төсөлтэй холбоотой саналыг нь МАН хүлээж аваагүй. Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газрын гишүүд 100 хувь “дан дээл”-тэй байх ёстой гэсэн санал гаргасан. Өөрчлөн батлагдсан Үндсэн хуульд гүйцэтгэх засаглалын тэргүүнтэйгээ нийлээд дөрөв хүртэлх гишүүн давхар дээлтэй байж болно гэсэн заалт оруулсан билээ. Хуулийг хэлэлцэх үед ЕТГ-ын дарга З.Энхболд “Давхар дээлтэй холбоотой саналыг дэмжихгүй бол Ерөнхийлөгч хориг тавина” хэмээн мэдэгдээд байв. Харин өчигдөр тэрээр Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгч хориг тавихгүй гэсэн утгатай тайлбар өгсөн. ЕТГ-ын дарга З.Энхболд “Ерөнхийлөгч нэмэлт, өөрчлөлтөд орсон “давхар дээлтэй” дөрвөн сайдын асуудлаар хориг тавих тухай судалж байна. УИХ хүлээж авахааргүй бол хориг тавихгүй. Бусад хуулийн өөрчлөлтүүдтэй санал нэгдэж байгаа” гэсэн юм. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор “Ерөнхийлөгч бусад хуулиудад хориг тавих бүрэн эрхтэй. Гэхдээ Үндсэн хуульд хориг тавих бүрэн эрхтэй юу гэсэн асуудал яригдаж байгаа. 1999 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тухайн үеийн Ерөнхийлөгч хориг тавьж байсан. Гэхдээ тухайн үеийн УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуульд Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхгүй гэж үзээд хүлээж аваагүй. Харин 2010 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтөд оруулах Журмын тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч хориг тавьж болох заалт байгаа. Хэрэв Ерөнхийлөгч хориг тавибал тогтсон практик болон хууль хоёрын аль нь Үндсэн хуулийн суурь үндэслэлд нийцэж байна гэдгийг УИХ авч хэлэлцээд илүү нийцсэнээр нь шийднэ” гэсэн юм. Тэгэхээр Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтөд хориг тавих асуудал бараг боломжгүй асуудал болох нь.
Эрх баригчдын дараагийн асуудал Оюутолгой…
Тэгвэл Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталсан эрх баригчид дараагийн асуудалдаа шилжиж байгаа бололтой. Өчигдөр болсон МАН-ын бүлгийн хурлаар Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ. Улмаар Оюутолгойн гэрээг судлах Ажлын хэсгийг өргөтгөсөн байдлаар дахин байгуулахаар болсон байна. Одоогоор УИХ, Засгийн газар дээр тус тусдаа Ажлын хэсэг гэрээг судалж байгаа юм. Бүлэг хэлэлцээд эхний ээлжинд тэднийг нэгтгэхээр болжээ. Түүнчлэн Оюутолгойн гэрээг дахин судалж, монголын талд ашиггүй бол гэрээг цуцлах эсэх, асуудлыг ч цаашид хэлэлцэхээр болсон байна.
Үндсэн хуулийн онцлох зарим өөрчлөлтүүд
Ийнхүү өөрчлөн батлагдсан Үндсэн хуулийн зарим заалтуудыг хүргэе.
Тухайлбал, Улс төрийн нам улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллахаар заажээ. Намууд аймаг, сум болгонд бүтэцтэй байхыг шаардаагүй. Нам зохион байгуулалтын хувьд заавал ардчилсан байхыг үүрэгжүүлсэн байна. Мөн намын хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт ил тод байх, иргэдээс авсан саналаар нь хувилж төрөөс санхүүгийн дэмжлэг намд өгөх эрх зүйн үндсийг хуулиар тогтоожээ. Түүнчлэн намыг сонгогчдын нэг хувиас доошгүй иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна гэж заасан.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, эсхүл нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон. Ингэснээрээ урьдчилж тогтсон дүрмийн дагуу шударга сонгууль явуулах нөхцөл дээшилнэ гэж эрх баригчид үзсэн байна.
Ерөнхийлөгчийн эрх үүрэгтэй холбоотой хоёр заалт оруулжээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 50 болгож, зургаан жилээр нэг удаа сонгогдох зохицуулалт оруулав. Мөн Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн Үндсэн хуулийн 33 зүйлд заасан хүрээнд хуулиар олгохоор заасан. Ингэснээр Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгоогүй бүрэн эрхийг хуулиар нэмж өгч эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийг алдагдуулдаг байдал хумигдана гэж үзсэн байна. Харин Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулах бөгөөд Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө гэж заажээ. Түүнчлэн Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхийг УИХ-д хориглоно гэж заасан. Нэмэгдүүлэхийг хүсч байвал Засгийн разарт санал тавиад дахин оруулж болно гэсэн заалтуудыг оруулжээ.
Харин УИХ-тай холбоотой хэд хэдэн заалт оруулсан парламент бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэвэл УИХ-ын нийт гишүүний гуравны хоёрын саналаар УИХ өөрөө тарна. Мөн УИХ дахь олонхоос нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч УИХ-д оруулах бөгөөд ийм саналыг анх оруулснаас хойш 45 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ийг Ерөнхийлөгч тараана. Түүнчлэн, УИХ Ерөнхий сайдыг огцруулснаас хойш, эсхүл Ерөнхий сайдад итгэл үзүүлэхээс татгалзсанаас хойш 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг Ерөнхийлөгч тараана. Эдгээр зохицуулалт нь УИХ Ерөнхий сайдыг томилох асуудал дээр илүү хариуцлагатай ханддаг болоход чиглэнэ гэж үзжээ.
Нөгөө талаас. УИХ-ын гишүүн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татагдах үндэслэл болно. Мөн УИХ-ын ээлжит, чуулган хагас жил тутам 50-иас доошгүй ажлын өдөр хуралддаг байсан бол 75-аас доошгүй болгож сунгажээ. Хуулийг 20-иос доошгүй гишүүд баталж болдог байсан бол 39-өөс доошгүй гишүүд хуулийг эцэслэн батлахаар болсон байна. .
Үндсэн хуулийн өөрчлөлтийн улс төрийн намтай холбоотой заалтыг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөхөөр тогтсон бол Үндсэн хуулийн бусад заалтыг 2020 оны тавдугаар сарын 25-наас дагаж мөрдөх юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.19 №230 (6197)