TV-9 телевизээс санаачлан зохион байгуулж байгаа “Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх уу, өнгөцхөн засах уу ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн ээлжит дугаарт Ногоон намын дарга О.Бум-Ялагч, АИХ-ын депутат асан Б.Лханаасүрэн, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн С.Ононбаяр, Ардын Их хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан, Монгол Улсын гавьяат хуульч Д.Чилхаажав, Ардын Их Хурлын депутат асан Г.Нороврагчаа нар оролцлоо. Тэдний хэлсэн онцлох эшлэлийг хүргэж байна.
Б.Лханаасүрэн: Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөвшөөрөхгүй
-Ардын Их хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийн олонх нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг зөвшөөрөхгүй байгаа.
-Тунхаглалын чанартай өөрчлөлт улстөрчдөд л ашигтай, өөр асуудал шийдэхгүй.
-Бид 1992 оны Үндсэн хуулийг батлахдаа төр нийт ард түмний төлөөллийн байгууллага гэж бодсон. Гэтэл одоогийн төр нийт ард түмнийг төлөөлж чадахгүй байна.
-Монгол Улс газрын доорх баялгаараа дэлхийд 10-т орж байгаа. Нэг хүнд ногдох баялгаараа нэгдүгээрт орно. Үүнийг өөрсдийгөө төр гэж бодсон цөөн хүн ашиглаж байна.
-Ашигт малтмалын баялгийг нийтийн өмч бус, нийт ард түмний өмч гэж тодорхой заалтаар хуульчлах ёстой.
-Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгож болохгүй. Хэрэв сонговол нэг намын даргын томилгооны хүн л гарна.
-Нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч эрх биш ард түмний нэрийн өмнөөс асуудал ярина. Намаас сонгогдсон Ерөнхийлөгч намынхаа төлөө л явна.
О.Бум-Ялагч: Хоёр нам “залилан” хийж байна
-Үндсэн хуулийг өөрчилснөөр бүх зүйл сайхан болно гэж эрх баригчид ярьдаг. Гэтэл хоёр нам өөрсдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх гэж байна, иргэд юу ч хожихгүй.
– Гэхдээ одоо Үндсэн хуулийн өөрчлөлт мухардалд орсон.
-УИХ төслөө хүчингүй болгочихсон. Тэгсэн атал хэлэлцэхгүй болсон зүйлээ яриад байгаа нь цаг хожих гэсэн арга.
-Нийгэмд үүссэн бүх болохгүй зүйл Үндсэн хуулиас болсон мэтээр хоёр нам ярьж байгаа нь улс төрийн залилан.
-Байгалийн баялгийг “нийтийн өмч” гэж хуулчьлан өөрсдийн хашаалсан газрын асуудлыг шийдэх гэж байна.
-Баялгийг ашиглахдаа түүний эзнээс, тодруулбал ард түмнээсээ асуух ёстой.
-Хүчтэй Ерөнхийлөгчийн засаглалтай улс оронд Ерөнхий сайдыг сонгохдоо Ерөнхийлөгчөөс заавал асуудаг. Үүнээс болж улс хөгжихгүй байна гэх нь тархи угаалт.
-УИХ-ын ЖДҮ-чин гишүүд бидний татварын мөнгийг аваад эргүүлээд 30 хувийн хүүтэй бидэнд зээлүүлж хөлжөөд байна. Монголчууд мөнгөнөөс болж хүний адаг болсон ёс зүйгүй хүмүүсийг сонгочихоод байна.
-Үндсэн хуулийн бус аргаар бий болсон, ёс суртахууны ялзралд орсон УИХ тарж, шинэ сонгууль явагдаж шинэ хүмүүс гарч ирэх байх.
Б.Чилхаажав: УИХ зоргоороо авирлаж байна
-Үндсэн хуулийн өөрчлөлт бол хүн бүрийн амин чухал асуудал.
-Монголд үүссэн хямралын гол учиг тогтолцоонд байна.
-Хууль тогтоогдог байгууллага УИХ ямар ч хяналтгүй, дур зоргоороо ажиллаж байна.
-Бид 1992 онд Үндсэн хуулийн манаач нь Цэц гэж үзэж, нэг танхимтай парламент байгуулсан. Гэтэл Цэцийн хяналт үндсэндээ байхгүй болсон.
-Үндсэн хуульд оруулахаар ярьж буй нэмэлт, өөрчлөлт асуудлын голыг олоогүй.
-Монгол Улс асар их баялагтай. Тэр нь ард түмний мэдэлд төрийн өмч гэсэн хуультай. Гэтэл төр баялгаа бусдад ашиглуулчихаад хяналт тавьж чадахгүй байгаа.
-АМНАТ 2.5 байсныг тав болгосны дараа аж ахуй нэгжүүд төлбөр төлөхөө байсан. Тэгэхээр муу эзэн. Баялгийг нийтийн өмч гэж хуульчлаад нэмэргүй, ард түмэнд нь өг.
-МАНАН-гийн АТГ, прокурор, цагдаа гэж ярьдаг. Эдгээрийг хэрхэн зохицуулах тухай Үндсэн хуулийн өөрчлөлтөд огт алга.
-Сонгодог парламенттай улс орнууд Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог гэж зарим судлаач хэлдэг. Ийм улс орон байдаг ч манайд ингэх юм бол аль нэг ялсан намаас сонгоно гэсэн үг. Тэгэхээр ард түмнээс сонгодог хэвээр байсан нь дээр.
– Улстөрчид өөрсдийн хүссэн зүйлээ Үндсэн хуульд оруулах гэж зүтгээд, дуртайгаа оруулж баталдаг. Нийт ард түмний ашиг сонирхолд хэрэгтэй өөрчлөлтийг ярихаар Журмын тухай хууль руу заачихаад хөдөлдөггүй.
-Одоо ярьж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол УИХ –ын гишүүд өөрсдийн насыг уртасгах гэсэн ядсан зүйлүүд. Түүнээс улс орны хөгжлийн төлөө, нийгмийн төлөө, ард түмний төлөө хийсэн юм алга.
Г.Нороврагчаа: Олигархиуд хууль батлах ёсгүй
-Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх авсан УИХ өөрчлөх тухай ярих эрхгүй.
-Эрх баригчид 60 тэрбумаар төрийн эрх авсан нь тогтоогдож, зарим нь шүүхээр шийгдээд явж байна. Эднээр хууль өөрчлүүлэх бус огцруулах ёстой.
-Монгол Улсад шинэ Үндсэн хууль хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Тэрийг төрд байгаа луйварчдаас өөр хүмүүс хийх ёстой.
-Баялгийг төрийн, нийтийн өмч гэх нь эзэнгүйдүүлэх гэсэн арга.
-Монголын төр, ард түмэн хоёр тус тусын замаар өөр зүг рүү явж байна.
-Ард түмэн шударга тогтолцоог хүсч байхад төрд байгаа эрхмүүд эрх мэдлээ лавшруулж, идэж завшиж болох бүхнийг залгихыг хүсч байна.
-Ерөнхийлөгчийг парламентаас сонгох юм бол 76 хүн дийлдэхгүй “мангас” болно.
-Ер нь бол УИХ-д байгаа хүмүүс болдог бол үе уламжилсан бээс, бээл, гүнгийн зэрэг олгодог хууль батлахын төлөө шамдаж байгаа нь нууц биш.
-УИХ-д сууж байгаа хүмүүс амиа бодсон, аргацаасан юм хийж байна. Дураараа авирлах, хулгай хийх аргаа л хуульчлах гэж зүтгэж байгаа.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэдхэн хүнд зориулагдсан учраас Цэцэд өгсөн байгаа. Цаашдаа ч Цэцэд очих олон асуудал бий.
С.Ононбаяр: Баялгаа ард түмэнд тэгш хүртээе
-Үндсэн хуулийн хэлэлцүүлэг эхнээсээ мордохын хазгай болж, 62 гишүүний өргөн барьсан нэмэлт,өөрчлөлт хууль зөрчсөн.
-1992 оны Үндсэн хуулийг батлахдаа муу хүмүүс төрд гарвал яах вэ гэдгийг тооцсонгүй.
-МАХН-аас боловсруулсан Дээд хуулийн төсөлд байгалийн баялгийг ард түмний дундын өмч гэж хуульчилсан.
-Монголчууд баялгаасаа ашиг хүртэж чаддаггүй. 50 гаруй жил “Эрдэнэт” үйлдвэр дангаараа тэжээж ирсэн.
-Байгалийн баялаг нийтийн өмч гэсэн тодорхойгүй заалтыг Үндсэн хуульд оруулбал 30 гэр бүл дахиад иднэ.
-Ерөнхийлөгчийг парламентаас сонговол намын халаасанд орно. Энэ тохиолдолд Ерөнхийлөгч байх хэрэггүй.
-УИХ чадамжгүй. П.Сандуй, А.Ганбаатар нар 60 тэрбумын хэргээр яллагдсан нь МАН ял авсан гэсэн үг. Ийм нам УИХ-д байх эрхгүй, тарах ёстой.
-Хууль бус УИХ-ыг сонсоод суугаад байх хэрэг байхгүй.
-Дээдийн хуулийн төслийг ард түмнээс асууж явахад олонх нь “Хүчтэй Ерөнхийлөгчтэй байя. Ард түмнээс сонгодог байя. Ерөнхийлөгч Засгийн газраа тэргүүлээд явбал 20 гаруй жил явсан гажиг тогтолцоо өөрчлөгдөнө” гэсэн саналыг хэлж байсан.
-БНХАУ, ОХУ, АНУ –ыг харахад хүчтэй төрийн тэргүүнтэй улс орнууд л хөгждөг.
Эх сурвалж: www.polit.mn