Б.ДАМДИН-ОЧИР
2019 оны аравдугаар сарын 31-ний өдөр. Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс НИТХ-ын дарга асан, Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуйд дөрвөн жилийн ял оноов. Түүнийг яллахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэг буюу сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор, энэ хуулийн 14.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна шүүх үзсэн байгаа юм.
Ер нь бол шүүх Ц.Сандуйг бус МАН-ыг яллачихсан юм. Гэвч МАН-ынхан ингэж бодохыг хүсэхгүй байгаа бололтой. Харин ч Ц.Сандуйг ялласанд ихэд баярлаж, хундага тулгах нь холгүй хөөрсөн хэдэн хүн энэ намд бий. Үүнийг МАН-ын хариуцлагатай хүмүүс олон нийтийн өмнө хэлсэн байдаг.
Ц.Сандуй бол ганц л хүн. Гэтэл түүнийг ялласан зүйл анги нь нэг хүн, хэдхэн хүн ч хийж чадахааргүй сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэж буй юм.
Хэрэг гэж үзэхдээ тулахад Ц.Сандуй хувьдаа бус намдаа авах хандив ярьж байгаад шоронд орчихсон юм. Энэ хүн намынхаа төлөө явж байгаад хэрэгт холбогдчихлоо гэж С.Баяр хүртэл хэлж байв. Ц.Сандуй өөрөө ч энэ талаар намынхандаа, бас олон нийтэд хандаж хэлж байжээ.
Тэрээр 2017 оны наймдугаар сарын 16-нд болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан дээр “…Сонгуулийн үеэр би ажлаа өгье гэсэн боловч зөвшөөрөөгүй. Нам мөнгөгүй байхад би өөр яах байсан юм бэ” гэсэн тухай хэвлэлд мэдээлж байсан. Бас 2018 оны арванхоёрдугаар сарын 25-нд “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгөхдөө “…Би Хотын намын дарга байхдаа нийслэлийн 45 төлөөлөгч, хотоос УИХ-д өрсөлдөх 28 хүнийг сонгох эрхтэй байсан. Манай намд фракц гэж байдаггүй учраас тэрний хүн, энэний хүн гээд бүх хүнийг гомдолгүй байлгах, гол гол чиглүүлэгч хүмүүсийн бүгдийнх нь эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргаж, нэр дэвшүүлсэн. У.Хүрэлсүхийн ч, Д.Сумъяабазарын ч, Д.Амарбаясгалангийн ч хүмүүсийг дэвшүүлсэн. Би өөрийнхөө үгнээс гардаггүй хүмүүсийг дэвшүүлэх боломж байсан ч тэгээгүй” гэж ярьсан нь бий.
Нөгөө талаас, Шүүх Ц.Сандуй /МАН/-г яллахад МАН-ынхан өөрсдөө гэрч болцгоосон. Дээрээсээ доошоогоо хүртэл, том жижиггүй 60 тэрбумын бичлэгийг гэмт хэрэг хэмээн ярьсан.
Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх 2018 оны арваннэгдүгээр сарын 23-нд хэвлэлийн бага хурал зарлаж “…Өнөөдөр нэг зүйлийг албан ёсоор хэлмээр байна. тэр 60 тэрбумын бичлэг үнэн шүү. Тэр яриаг М.Энхболд хийсэн нь үнэн. Тэр бол эвлүүлэг биш гэдгийг батлан хэлье. Монголын төрийн албан тушаалыг ингэж хууль бусаар зарж мөнгөжих гэсэн оролдлогыг М.Энхболд хийсэн нь үнэн. Тэр бичлэг дээрх яриа бол үнэн. Харин хэрэгжүүлсэн эсэхийг би сайн мэдэхгүй. Тэрийг хууль хяналтын бййгууллагынхан тогтоох байх гэж бодож байна. Ийм яриа хийснээрээ М.Энхболд огцрох ёстой” гэж байлаа.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан 2017 оны наймдугаар сарын 18-нд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “…Би саяхныг хүртэл 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг гэж бодож байсан. Тухайн үед бичлэгт холбогдсон нөхөд эвлүүлэг гэсэн тайлбарыг өгсөн. Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагаас энэ бичлэг эвлүүлэг гэсэн албан тоотыг намд ирүүлсэн. Энэ бүхнийг үндэслээд би 60 тэрбумын бичлэг эвлүүлэг гэсэн итгэл үнэмшилтэй явж ирсэн. Харамсалтай нь намын УЗ-ийн хурал дээр Ц.Сандуй энэ бичлэг бодитой гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Эвлүүлэг гэж олон нийтэд мэдээлэл хийж байсандаа харамсаж байна”, 2018 оны наймдугаар сарын 6-нд Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн бага хурал хийж “Ганц 60 тэрбумын гэлтгүй ёс зүйгүй нөхдөд бүгдэд нь хариуцлага тооцно” гэж мэдэгдэж байв.
УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар 2018 оны аравдугаар сарын 1-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “…МАН урагшаа явахад түвэгтэй байдал үүслээ гэж харж байгаа. Өнгөрсөн сонгуулиар яригдсан 60 тэрбумтай холбоотой, газартай холбоотой авлигын асуудал гээд олон түмэн бүгдээрээ л харж, шүүж, мэдэж байгаа” гэжээ.
МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны 2018 оны наймдугаар сарын 3-ны өдөр Хариуцлага тооцож ажиллах тухай 13 тоот тогтоол гаргаж, түүндээ “…МАН-ын Дүрмийн Дөрөвдүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8, 4.2.9 дэх заалтыг зөрчиж, ёс зүйн алдаа гаргасан МАН-ын гишүүн М.Энхболдын асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, хариуцлага тооцож ажиллахыг. … МАН-ын гишүүн Ц.Сандуй МАН-ын Дүрмийн Дөрөвдүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8, 4.2.9 дэх заалтыг зөрчиж, ёс зүйн алдаа гаргасан байх тул 4.4, 4.5 дахь заалтад заасан хариуцлагыг тооцож ажиллах” тухай заасан байна.
УИХ-ын дарга М.Энхболд 2018 оны наймдугаар сарын 2-нд энэ тогтоолын хариу болгож МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд бичгээр өгсөн тайлбартаа “…Намынхаа нэр хүндийг 60 тэрбумын асуудалд холбогдуулсандаа туйлын харамсч байна” гэсэн байдаг.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 2018 оны зургадугаар сарын 20-нд Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж, “…УИХ-ын дарга М.Энхболд та ёс зүйн хариуцлага хүлээж огцрох ёстой. 60 тэрбумтай холбоотой асуудлыг цаасан дээрх байдлаар бус бичлэг дээрх нэр бүхий гурван хүн буюу УИХ-ын дарга М.Энхболд, гэрч Доржзодов, бусад гэрчиүүд, хууль хяналтын байгууллага, эхлээд бичлэг эх хувиараа байна гэж нотолсон шинжээчид, хэвлэл мэдээллийнхэн, олон нийтийн өмнө нээлттэй сонсгол хийхийг уриалж байна” гэв.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж 2018 оны есдүгээр сарын 19-нд телевизийн ярилцлагад оролцох үеэрээ “…Дахиад сая Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр асуудал сэдэрлээ. Ард түмэн дургүйцэхэд ихээхэн хэмжээний нөлөө үзүүлсэн гэж хүн болгон ярьж байгаа шүү дээ. Би дахиад Ц.Сандуйд өргөдлөө өг гэж Удирдах зөвлөлийн хурал дээр хэлсэн. Эвлүүлэг гэцгээж байна лээ. Наадах чинь эвлүүлэг биш гэж. А.Ганбаатар ярьж, Ц.Сандуй дэмжсэн. Үүний дараа М.Энхболд дарга дээр орж, танилцуулсан. Гурван хүний асуудал байгаа. Энэ бол эвлүүлэг биш. Эвлүүлэг гэдэг чинь Ц.Нямдоржийн хоолойг Чапи дуурайхыг хэлдэг. Тэрнээс М.Энхболд, Ц.Сандуй хоёр ярьчихсан юмыг яаж эвлүүлэг гэх вэ. Одоо болно.Тэр ярьсан мөнгөө авсан эсэхийг би мэдэхгүй. Ингэж ярьсныхаа төлөө зайлах ёстой шүү дээ. Улс төрийн наад захын асуудал. Би тэр бичлэгийг саяхан сонссон. Бүр дотор муухайрмаар зүйл ярьсан байх юм. Тэр А.Ганбаатар нь галзуу ч юм уу, согтуу ч юм уу. Ямар янзын этгээд вэ. Ийм хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй” гэж байлаа.
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “…Ер нь бол 60 тэрбумын асуудлыг ярих ёстой. Нэг тийш болгох ёстой. Тэгж байж дараагийн сонгуульд орох ёстой” гэж 2018 оны наймдугаар сарын 6-нд МАН-ын Бага хурлын үеэр хэвлэлд ярьжээ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 2017 оны наймдугаар сарын 23-нд Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай бичгийг УИХ-ын дэд даргад гардуулан өгсөний дараа “…60 тэрбумтай холбоотой Монгол төрийг худалдсан ийм шившигт явдал болж байна. Хэрвээ монголчууд бид төрөө мөнгөөр худалддаг болж байгаа бол монголчуудын төрд итгэдэг үнэт зүйл нурж унана. Монголын ард түмэн өөр хаашаа хандах юм бэ. Итгэж байсан төр нь, итгэж найдсан, сонгуульд 65 суудал өгсөн МАН нь тэдний итгэлийг мөнгөөр үнэлж зарж байгаа байдал гэдэг бол туйлын ноцтой, Монгол Улсын язгуур эрх ашгаас урвасан, Монголын төрт ёсыг худалдсан, төрийн эсрэг ноцтой гэмт хэрэг гэж үзэж байгаа” гэж байлаа.
Өөрөөр хэлбэл, МАН-ынхан 60 тэрбумын бичлэгийг гэмт хэрэг гэж ингэж гэрчилцгээсэн. Харин шүүх эдгээрт нь машид нийцсэн шийдвэрийг гаргажээ.
Нэгэнт шүүх ингээд үзчихээр Ц.Сандуйг буруутгаж байгаачлан 2016 оны сонгуулийг хууль бусаар, хуйвалдаан зохион байгуулж явуулсан гэж үзсэн болж таарна. Ингэхээр уг сонгуулийн дараа байгуулагдсан УИХ ч, Засгийн газар ч хууль бус гэсэн үг. Мөн ийм хэрэг өдүүлсэн МАН-ыг тараах эрх Улсын Дээд шүүхэд шууд нээгдэж байгаа юм.
Товчлоод хэлбэл, тэд гэрчлэв, шүүх нотлов, тарах үлдэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.11.14 ПҮРЭВ №226 (6193)