Ч.ЗОТОЛ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж , Ажлын хэсэг болон зөвшилцөх ажлын хэсгээс гаргасан найруулгын 11 саналаар дахин санал хураалт явуулахаар болов.
АН-аас тавьж буй саналын талаар Д.Эрдэнэбат гишүүн хэлэхдээ “Өчигдөр ажлын хэсэг дээр ярилцаж Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудлаар ойлголцолд хүрэлгүй орхисон. Бидний ойлголцсон хоёр санал болох Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ бүрдүүлэх, мөн сонгуулийн холимог тогтолцоог дэмжсэн. АН-аас оруулсан гурван саналын хоёр нь зөвшилцөх ажлын хэсэг дээр дэмжигдсэн тул эхэлж санал хураалт явуулах горимын санал гаргаж байна” гэв. О.Баасанхүү гишүүн “62 гишүүний санаачлан өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн заалтыг ард түмнээсээ асууна гэсэн атал 10 гаруй саналыг хоёрдугаар хэлэлцүүлэгт огт яриагүй. Хэн энэ төслийг өргөн барьсан болж хувирав. Ажлын хэсгийн санал гэх юм уу. АН-ын саналыг авч үзэх шаардлагатай байна гэж ард түмний тархийг угааж хуулиа зөрчиж байна” хэмээн эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт “Санал хураах саналын томъёоллуудаас хоёрхон санал нь 73 дугаар тогтоолоор батлагдсан ард нийтийн санал асуулга явуулах тухай болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах 73 дугаар тогтоолыг хэлэлцэж байх үед дэмжигдсэн. 73 дугаар тогтоолоор хүчингүй болсон учраас дахин гуравдах хэлэлцүүлгээр санал хураах шаардлага үүссэн. Түүнээс үг, үсгийн өөрчлөлт ороогүй. АН-аас гаргасан гурван саналын хоёрт нь санал хураалт явуулна. Энэ хоёр санал нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд анхнаасаа байсан, хоёрдох хэлэлцүүлгийн явцад олонхийн дэмжлэг аваагүй. Холбогдох хуулиудын дагуу хоёр саналыг хэрэв гишүүдийн гуравны хоёр нь дэмжвэл цааш санал хураана” гэлээ.
Байнгын хорооны хурлаас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн төсөлд “Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” гэсэн агуулгаар нэмэлт хийхээр тогтлоо. Мөн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 13 нь дэмжив. Хуулийн заалт 2024 оноос хэрэгжих юм.
Эх сурвалж: www.polit.mn