TV-9 телевизээс санаачлан зохион байгуулж байгаа “Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх уу, өнгөцхөн засах уу ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн ээлжит дугаарт  хуульч, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг, хуульч өмгөөлөгч Д.Амгалан, Монголын үндэсний фронт хөдөлгөөний дэд тэргүүн Б.Батсайхан,  Хөвсгөл аймаг дахь МАХН-ын Мянгатын дарга, эрх зүйч Э.Магнайбаяр нар оролцлоо. Тэдний хэлсэн онцлох эшлэлийг хүргэж байна.

Б.Батсайхан: Үндсэн хуулийг “алсан” хүмүүс өөрчлөлт хийнэ гэдэгт итгэхгүй

-Монголын ард түмэн яаж амьдрах, ямар нийгэм байгуулахаа өөрсдөө шийддэг болсон нь 1992 оны Үндсэн хуулийн амин сүнс юм.

-Байгалийн баялаг гэдэг бидний амьсгалах агаар, уух ус, бидний эх орон.

-Газар нутаг хэмээх бидний гараар бүтээгүй зүйлийг өмчийн хэлбэрт оруулж болохгүй.

-Үндсэн  хууль өнөөдөр үхлүүт хэвтэж байгаа хүн шиг болсон. Үндсэн хуулийг ийм болгосон хүмүүс сайжруулна гэдэг худал. Итгэх ч хэрэггүй.

-Шинэ Үндсэн хууль хийх бол одоо төрд байгаа хүмүүсээр биш Хүний эрхийн конвенцид заасны дагуу ард түмний хүсэл зориг байх ёстой гэдэг үндэслэлээр Монголын оюун санааны охь болсон хүмүүсийг  цуглуулж хийлгэх ёстой.

-УИХ дахь хоёр нам эцсийн аргаа хэрэглэж, хөшигний  ард  тохиролцож байна.

-Бид өвгөд дээдсийнхээ  төрөө байгуулж байсан уламжлалт ухаанаас авах ёстой.

-Аравт, зуут, мянгатын систем бол хүссэн хүн, эсвэл тохиолдлын нэгэн, захиалгат этгээд гарч болдоггүй дэлхийд шалгарсан тогтолцоо гэдгийг монголчууд мэдэхийн дээдээр мэдэх учиртай.

Э.Магнайбаяр: Хүн амын 80 хувь нь гадагшаа явахыг хүсч байна

-Үндсэн хууль Монголын гурван сая ард түмний эрх ашгийг хамгаалах ёстой. Гэтэл өнөөдөр 30 гэр бүлийн эрх ашигт үйлчилдэг болсон.

-30 гэр бүлийг 1992 оны Үндсэн хууль өлгийдөж гаргаж ирсэн. Тиймээс шинэ Үндсэн хууль хэрэгтэй.

-Үндсэн хууль нийгмийн гэрээ учраас бүх ард түмний хүсэл эрмэлзэл багтсан байх ёстой.

-Өнөөдөр хүн амын 80 хувь нь Солонгост очиж ажиллахыг мөрөөдөж байгаа гэсэн судалгаа гарсан. Монголд хэн үлдэх юм бэ?

-Гадагшаа ажиллахаар явж байгаа иргэдийн гол зорилго нь орон байртай болохын тулд мөнгө олохоор явдаг.  Монголчууд эх орондоо сайхан амьдрах  ёстой.

-Манай улсад жилд 12 мянган хүн нас барж байгаагийн зургаан мянга нь хавдар өвчний оноштой байна. Боловсрол, эрүүл мэнд, орон сууц гээд бүх асуудлыг төр анхаарч шийдэх учиртай.

-Үндсэн хуулиар хүн бүрт тэгш боломж олгох ёстой. Ийм Үндсэн хууль хэрэгтэй.

-Ард түмнээсээ асуусны дараа л   Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх ёстой байсан. Гэтэл 3.2 сая хүний эрхийг хязгаарласан хууль хийх гэж хоёрхон нам дайраад байна шүү дээ.

Б.Гүнбилэг:  УИХ-ын хэлэлцүүлгүүд утгаа алдсан, одоо  таамаг  л  үлдсэн

-Үндсэн хуулийн хэлэлцүүлгүүд утгаа алдсан. Одоо зөвхөн таамаг л явж байна.

-Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолд хориг тавьсан. Гэтэл УИХ хуулиудыг хүчингүй болгочихсон. Эмх замбараагүй байдал үүссэн.

–Ард түмний санал асуулга эргэлзээтэй байсан. Тухайлбал, нийт 19 зүйл, 35 заалтыг өөрчлөх асуудлаар, дэмжинэ  дэмжихгүйг ард түмнээс асууна гэж байсан. Энэ бүтэхгүй, тиймээс асуугаагүй нь дээр.

-Үндсэн хуулийн асуудлаар  хуульчид Цэцэд хандсан. Эрх биш нааштай шийдвэр гарах байх.

-Ер нь бол Монгол Улсын Үндсэн хуулийн бяр чадал шавхагдаагүй юм шүү дээ. Бусад хууль дээр алдаа гараад байгаа. Тэр нь завхралд хүргээд байна.

-1992 оны Үндсэн хуулиар порпорциональ тогтолцоо байгаа. Цэц буруу тайлбарласан.

-Хууль гэдэг бичигдэж байхдаа маш олон шалгуурыг давдаг.

-Хүлээн зөвшөөрөгдөх гэдэг тусдаа ойлголт. Журмын хуулиа  зөрчөөд Үндсэн хуулийн бус аргаар өөрчлөлт оруулбал буцаад “Дордуулсан долоо” шиг зүйл болно.

-Үндсэн хууль бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдөх ёстой.

-Төр гэдэг үгнээс битгий ай.

Д.Амгалан: УИХ-д  Үндсэн хуулийн ямар ч төсөл байхгүй

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төсөл өнгөрсөн хавраас хэлэлцэгдсэн ч энэ явцад УИХ хууль зөрчсөөр цааш явах боломжгүй боллоо.

-Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хамгаалсан Журмын тухай хуулийг УИХ  зөрчиж ирлээ.

-Хуулийн төсөлд байгаагүй таван саналыг УИХ  нэмж хураасан учраас Ерөнхийлөгч хориг тавьсан. Хоригийг хамгийн хортой ашигласан  зөрчил энэ удаагийн УИХ-д гарлаа.

-Үндсэн хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараа УИХ 85 дугаар тогтоол гаргаж төслөө хүчингүй болгосон. Одоо УИХ дээр ямар ч төсөл байхгүй.

– Гартаа барьсан төсөлгүй болчихоод “Гуравдугаар хэлэлцүүлэг явуулна”  гээд байгааг ойлгохгүй байна.

-Иргэдийн хувьд Үндсэн хуульд ямар нэмэлт, өөрчлөлт оруулах тухай мэдлэг, мэдээлэл алга. Ойлголтын зөрүү их байна.

-Шүүх эрх мэдлийн байгууллага ҮХЦ-д би итгэдэг.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийг тойргийн шугамаар байгуулж болно гэсэн заалт орж ирсэн. Энэ болохгүй.

-Иргэний эрхийг дордуулсан зүйл, заалтыг Үндсэн хуульд оруулж болохгүй.

-УИХ зөвшилцөл нэрээр шүүх эрх мэдэлд халдаж байгаа.

-Зөвшилцөл нэрийн дор улс төрийн асуудлыг УИХ ярих ёсгүй.

Эх сурвалж: www.polit.mn