Т.САЙХАН

Ерөнхийлөгчийн зүгээс таван улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татаж, томилох саналыг оруулж ирсэн. Уг саналыг өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцлээ. Тодруулбал, ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Д.Даваа, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Ш.Батцэцэг, Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад А.Төмөр, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Т.Жанабазар, НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад В.Энхболд, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б. Дорж нарыг томилохоор саналаа оруулж ирсэн.  Ерөнхийлөгчийн саналыг МАН-ын бүлэг,  өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.

Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийлж, нэр дэвшигчдээс сонирхсон асуултдаа хариулт авав. УИХ-ын гишүүн О.Содбилэг “Манай улсын гадаад бодлогын нэн түрүүнд баримталдаг зүйл бол хоёр хөрш, гуравдагч, бусад улс гэж явдаг. Хоёр хөршид манай улсаас төлөөлж суух Элчин сайд нарын асуудал хамгийн түрүүнд орж ирэх учиртай. ОХУ-д суух Элчин сайдын нэр орж ирлээ. БНХАУ-д суух Элчин сайдын асуудал хэзээ орж ирэх вэ. Мөн БНСУ-д суух Элчин сайдын томилгоог яагаад оруулж ирсэнгүй вэ. Тус улсад манай улсын маш олон иргэд ажиллаж, амьдардаг. Мөн хоёр улсын хооронд яригдаж байгаа асуудлууд бий” гэв. Гадаад харилцааны сайд  Д.Цогтбаатар “Хоёр хөрш улсдаа бид тэргүүлэх ач холбогдол өгсөн бодлого явуулдаг. Тэр утгаараа хоёр хөршдөө суух Элчин сайд нарыг  өндөр шалгуураар судалж үзэж байгаа. БНХАУ-ын хувьд одоогоор Элчин сайд нь  ажиллаж байгаа. ОХУ-д Элчин сайд байхгүй учир энэ асуудлыг оруулж ирж байна. БНСУ-д суух Элчин сайдын асуудлыг Засгийн газарт өргөн барьсан” гэлээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Засгийн газраас Ерөнхийлөгчид өнгөрөгч тавдугаар сарын 22-нд санал өргөн мэдүүлсэн. Оруулж ирсэн хүмүүс дотор хоёр хүнийг  Ерөнхийлөгч үлдээгээд зургаан хүнийг нь оруулж ирсэн. БНСУ-д суух Элчин сайдаар Д.Даваасүрэнг, Австралид суух Элчин сайдаар Н.Анхбаярыг томилох саналаа Засгийн газраас хүргүүлсэн. Энэ хоёр хүнийг яагаад оруулж ирээгүй юм бэ, үндэслэл нь юу вэ” гэхэд Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Г.Тэгшжаргал “Энэ зургаан хүний дараа дараагийн хүмүүсийг оруулж ирэхээр ажиллаж байгаа. БНСУ болон Австралид суух Элчин сайдад Засгийн газраас нэр дэвшүүлсэн Д.Даваасүрэн, Н.Анхбаяр нарын асуудлыг судалж байгаа. Ойрын үед шийдэгдэнэ гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн А.Ундраа “ОХУ-д суух Элчин сайдаар орж ирсэн Д.Даваа нэр дэвшигчийн хувьд өмнө нь ажиллаж байсан туршлага чиглэлийн хувьд батлан хамгаалахын чиглэлд ажиллаж байсан хүн.  Хоёр орны хувьд худалдааны тэнцэл сайнгүй байгаа. Суугаа орондоо худалдааг хэрхэн хөгжүүлэх вэ. ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч Д.Даваа “Манай гадаад бодлогын үндсэн чиглэл болох хоёр хөршийн нэгд нь намайг томилохоор оруулж ирлээ. Хэрэв намайг томилбол монгол төрөөс надад өгсөн том хариуцлага гэж ойлгож байгаа. Хууль дүрэмд заагдсан үндсэн чиг үүргийн ажлаа хийхээс гадна эдийн засаг, худалдаатай холбоотой асуудалд онцгой анхаарч ажиллана. Бүхий л боломжоо дайчлан ажиллана” гэлээ.  Ийнхүү Ерөнхийлөгчөөс  хүргүүлсэн саналын дагуу эхний ээлжийн зургаан Элчин сайдын асуудлыг байнгын хороод дэмжээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.7  ПҮРЭВ  №221  (6188)