TV-9 телевизээс санаачлан зохион байгуулж байгаа “Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх уу, өнгөцхөн засах уу ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн ээлжит дугаарт ахмад хуульч Д.Нэргүй, БНС компанийн захирал, “Хөгжлийн гарц” ТББ-ын тэргүүн Ч.Цэндээ, Түүхийн ухааны доктор, судлаач Д.Хоролдамба, Ногоон намын дарга О.Бум-Ялагч, Эрүүл Улс төр, нийгмийн зүтгэлтэн, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал нар оролцсон юм. Тэдний байр суурйиг хүргэе.
Н.Удвал: Эрх баригчдад хууль үйлчлэхгүй байна
-Үндсэн хуулийн өөрчлөлт хэсэг бүлэг хүний ашиг сонирхлын төлөө байж таарахгүй.
-Хууль нийгмийн харилцааг зохицуулж чадахаа байсан. Хүн бүрт хууль тэгш үйлчлэх ёстой атал эрх баригчдын хувьд замыг нь засдаг “индүү”, энгийн иргэдэд заазуур болсон.
-Эрх баригчид өөрсдөдөө зориулан хуульд өөрчлөлт оруулах гэж зүтгээд нийгмийн зөвшилцлийг хангахгүй байна.
-Өнөөгийн нийгэм маш их хямралтай, эрх мэдлийн эмгэг давамгайлсан. Үүнийг яаралтай эмчлэх ёстой.
– Эрх мэдлийн эмгэг яаж илэрч байна гэвэл, Үндсэн хуульд өөрсдийн эрх мэдлийг 12 жил болгоё, зургаан жил болгож хугацааг сунгая гэж байгаагаас харагдаж байгаа.
-Монголын уламжлалт ухаан, өвгөдийн сургаальд “Гурван ноёныг зэрэг бүү засаглуул” гэсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын болон Цэцийн дарга нар заримдаа хуйвалдаж, зарим үед тэрсэлдэж, ард түмэн хохирч ирлээ.
-Аливаа төр өөрийн гэсэн засаглалын онолтой байх ёстой. Хариас импортолсон онол хэрэггүй. Ингэвэл засаглалын тусгаар тогтнолоо алдана.
Д.Хоролдамба: Хуульгүй мэт авирлах нь дарангуйлал тогтсоны илрэл
-Дарангуйлал байгаа цагт хэлмэгдүүлэлт явж байдаг. Дарангуйлал, хэлмэгдүүлэлт нь нэг зоосны хоёр тал юм.
-Үндсэн хуулийг нийгмээрээ хэлэлцэж байж өөрчлөх ёстой. Тодорхой дүрэм байх хэрэгтэй.
-Төлөөллийн ардчилал, Бүгд найрамдах засаглалын сонгодог үзүүлэлт. Монголчуудад энэ ойлголт эртнээс суусан. 1924 оны Үндсэн хуульд энэ ойлголт бий.
-Монголчууд гадагшаа харах бус өөрсөд рүүгээ өнгийж харах хэрэгтэй.
-Бид газраараа наадвал улс орон мөхнө. 30 жилийн дараа дэлхийн хүн амын тоо 30 тэрбум болно. Энэ эрсдэл дунд бид ухаантай байх учиртай.
-Газар бол улсын үндэс гэсэн өвгөдийн ухаан дээр томъёоллоо боловсруулж зөв шийдэл гаргах ёстой.
-Шүүх засаглал улстөрчдийн тоглоом болсон. Хуульзүйн шинжлэх ухааны талаарх ойлголт муутай, зан харилцааны эмгэгтэй этгээд хууль сахиулна гэж байхгүй.
О.Бум-Ялагч: “Дордуулсан долоон өөрчлөлт”-ийг буцаая
-Манай нам Монголд Үндсэн хуулийн хямрал болсон гэсэн байр сууриас ханддаг.
-Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд янз бүрийн хууль гаргаж хуйвалдаж байна.
-Хоёр нам 10 жилийн өмнөөс Үндсэн хуулийг өөрчилнө гэж ярьсан. Ингэхдээ байгалийн баялгийг нийтийн өмч гэж хуульчлаад өөрсдөө хувааж авах гэж байна уу гэсэн хардлага байгаа.
– Үндсэн хуулийг өөрчлөх үйл явц хууль зөрчсөн.
-Ерөнхийлөгч хориг тавьсныг УИХ хүлээж авснаар Үндсэн хуулийг өөрчлөх үйл ажиллагаа зогссон гэж ойлгож байна.
-Гуроавдугаар хэлэлцүүлэг хийх гэж улайрч яваагаас харахад хоёр нам Үндсэн хуулийн бус аргаар төр, засгийн эрхийг авах гэж байна.
-Ирэх сонгуульд МАН, АН-ыг татан буулгахыг дэмжиж байгаа нь нэг тал болж, хариуцлага тооцох шугаман дээр санал авах үйл ажиллагаа өрнөх байх.
-Засаглалын энэ хэлбэр Монгол Улсыг цаашид мөхөөнө.
Д.Нэргүй: Парламентад мөнгөний эрх мэдэл байж болохгүй
-Парламентын засаглал бол төрийн сонгодог ардчилсан хэлбэр гэж дэлхий нийт үздэг. Гэтэл тэрийг манайхан зөрчиж ирлээ.
-Манайд нэг хүний бус олон хүний дарангуйлал тогтсон, тэр нь 76 гишүүн.
-Монголд ардчилал алга, төрд “мангас” тогтолцоо бий болсон.
-Эрх баригч намууд Үндсэн хуулийг өөрчлөх талаар хөтөлбөр боловсруулсан нь алдааг нь засах бус өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэхэд чиглэжээ.
-Шүүгч ажилд орохдоо тангараг өргөдөг. Гэтэл хэний ч нөлөөнд орж болохгүй гэсэн далдын хар малгай өмсчихөөд эрх баригчдын харцаар хөдөлж байна.
-АН Ерөнхийлөгчийг парламентаас сонгоё гэсэн. Хэрэв тэгэх юм бол ерөөсөө Ерөнхийлөгчтгүй байвал яасан юм бэ.
-МАНАН бүлэглэл Төрийн тэргүүний дууг хорих арга руу орж байна. Ард түмнийхээ сонгох эрхийг булаах гэж байна. Энэ байж болохгүй.
-2020 оны сонгуульд олон намын тогтолцоо бүхий парламент байгуулагдах байх. Тэгэхээр Эвслийн засгийн газар байгуулагдах байх.
Ч.Цэндээ: Ерөнхийлөгч Засгийн газраа тэргүүлэх нь зөв
-Миний хувьд Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх ёстой гэдэгт хатуу зогсдог.
-1992 оны үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн. Гэхдээ өөрчлөхийг МАН дангаараа шийдэх эрхгүй.
-Өнөөгийн УИХ-д хууль өөрчлөх эрх байхгүй. Монгол Улс дахь бүх муу муухай гэмт хэргийн үүр уурхай нь УИХ болчихоод байхад тэдэнд итгэх арга алга.
-УИХ-ын гишүүд ЖДҮХС-гаас хулгай хийж, хүчингийн хэрэгт холбогдож, 60 тэрбумаар төрийн эрхийг авсан хэрэгт холбогдсон. Тэд хууль өөрчлөх биш өөрсдөө хурдан тарах хэрэгтэй.
-МАН, АН зөвшилцөнө гэдэг худал, тэдний наймаагаар явж болохгүй.
-Бүлэг хулгайч хамтран Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулна гэдгийг зөвшөөрч болохгүй. Машинаар бол элэгдэж явахаа байсан Үндсэн хуулийн засварлаад цааш явна гэдэгт итгэж болохгүй.
-Хоёр намыг татан буулгах цаг болсон.
Эх сурвалж: www.polit.mn