Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголын эмч нарын VI их хурал “Эрүүл мэнд-Хөгжлийн тулгуур” уриан дор 2019 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Төрийн ордны Их танхимд болж өндөрлөв. Хурлаар эмч нар салбарынхаа тулгамдсан асуудалд, шийдвэрлэх гарцыг тодорхойлох, гаргасан амжилтаа бататгах, цаашид хэрэгжүүлэх бодлого, чиглэлээ ярилцаж, санал, бодлоо солилцов.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хурлын төгсгөлд эрүүл мэндийн салбарт тангараг өргөн ажиллаж буй 52 мянга гаруй эмч, ажиллагсдад талархаж буйгаа илэрхийлээд, оролцогчдод хандан хурлаар хэлэлцсэн асуудлуудыг ажил хэрэг болгох нь чухал, хэрэгжүүлэхэд Засгийн газраас бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ хэлэв.
Монголын эмч нарын VI их хуралд Нийслэлээс 350, хөдөө орон нутгаас 450 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнууд оролцсон бөгөөд ДЭМБ, Хүн амын сан, Хүүхдийн сан, АХБ-ны суурин төлөөлөгчид, Дэлхийн банк, Дэлхийн зөн болон бусад олон улсын байгууллагууд, ТББ-ын зочид төлөөлөгчид мөн урилгаар оролцжээ.