Т.САЙХАН

УИХ дахь АН-ын зөвлөлийн өнөөдрийн /10.28/хуралдаанаар гурван асуудал хэлэлцжээ. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ирэх оны төсвийн төсөлд АН урьдчилсан дүгнэлт хийжээ. Энэ талаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Ирэх оны төсвийг хэт өөдрөгөөр төсөөлөгдсөн. Эрх баригчдын хэлж байгаагаар ирэх оны төсөв МАН-ын мөрийн хөтөлбөрийг ханган биелүүлэхийн тулд хэтэрхий хөөсөрсөн, улс төрийн зорилго агуулсан, төрийн бодлого алдагдсан ийм төсөв болжээ гэж урьдчилсан дүгнэлт гарч байна. Тухайлбал, төсвийн орлогын өсөлт борлуулалтын орлогын, мөн татварын орлогоос бүрдэхээр тооцоолон гэж харж байна.

Орлогын татвараас олох орлогын өсөлт 37.1 хувь, Нийгмийн даатгалын шимтгэлээс олох орлогын өсөлт 41.6 хувь, Гаалийн татвараас олох орлогын өсөлт 11.7 хувь, Онцгой албан татварынх 13.8 хувь, Хөрөнгийн орлогын өсөлтийн хэмжээ 19.3 хувьтай байхаар төлөвлөжээ. Үүн дотор хамгийн их анхаарал татаж байгаа нь орлогын татвараас олох орлогын өсөлт 37.1 хувь байгаа. Энэ төсөөллийг хийхдээ экспортын нийт орлогыг уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтад хэт өөдрөгөөр хандсан байна. 2020 онд түүхэндээ байгаагүйгээр 42 сая тонн нүүрс экспортлох нь урьд хожид байгаагүй тоо. Орлогыг хийсвэрээр өсгөж, зардлыг мөн л хийсвэр төсөөлсөн нь сонгуульд зориулсан төсөв болсныг илтгэнэ.

Төсвийн нийт зарлагын хэмжээний ихэнх хувийг хөрөнгийн зардалд зориулахаар байна. Төсвийн зарлага огцом өссөн нь төрийн түүхэнд байгаагүй үзэгдэл. 2015 оны төсвийн зарлагыг ирэх оны төсвийн зарлагатай харьцуулахад хоёр дахин их тоо харагдаж байна. Зарлага хяналтаа алдсан байна гэсэн үг. 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтаар театр, музейн барилгын засвар, шинэ барилгад 447.2 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ нь 2015 оны нийт хөрөнгө оруулалтын төсвийн 50-иас дээш хувьтай тэнцэж байна. Үүн дотроо ДБЭТ, УДЭТ-ын барилгад 50 тэрбум төгрөгөөр төсөвлөжээ. Энэ хоёр барилгыг нураахад төсөвлөсөн мөнгө гэж харагдахаар байна. Хэзээ барих нь тодорхойгүй.

Үндэсний урлагийн их театрын барилгыг Улаанбаатарт барихад 152 тэрбум төгрөг төсөвлөжээ. Чингис хаан музей барихад 53 тэрбум төгрөгийг төсөвлөөд ирэх жилдээ барихаар төсөвлөсөн байна.  Энэ том барилгыг нэг жилийн дотор барьж дуусгана гэдэг нь эргэлзээтэй. Үндэсний номын сангийн барилга барихад 10 тэрбум төгрөг мөн төсөвлөсөн. Тохижилтын арга хэмжээнд 39.4 тэрбум төгрөг, сумдад 128 сая төгрөгөөр мотоцикл авах гэх мэтээр тус тус төсөвлөсөн байна. Сонгуульд зориулсан төсөв болсон нь ойлгомжтой. Тиймээс үр ашиггүй хөрөнгө оруулалтыг хасч тооцох хэрэгтэй. Гишүүдийнхээ тойргийг услахын тулд төсвийн алдагдлыг хоёр наяд байхаар төсөвлөсөн” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:-Засгийн газрын өр болон Монгол Улсын өр талийсан. 2016 онд 24 тэрбум ам.долларын өртэй хүлээлгэж өгсөн. Өнөөдөр 30 тэрбум ам.долларт хүрсэн. Иргэн бүр 25 сая төгрөгийн өртэй болсон гэсэн үг. Энэ их өр тавьчхаад хийж, бүтээн ажил МАН-д алга. Засгийн газрын нийт өр 2.4 тэрбум ам.доллараар өссөн. Энэ бол 2012-2016 онд АН-ын авсан бүх зээлтэй тэнцэнэ. Жишээ нь, энэ мөнгөөр 3000 км зам тавьсныг бүгд мэднэ. Гэтэл баруун аймгууд руу тавьсан замаас  200 км гаруй зам үлдсэний 130 км замыг одоо хүртэл тавиагүй байна. Ирэх жилүүдэд 2.9 тэрбум ам.долларын өр төлнө. Эдийн засаг өсөлттэй байгаа энэ үед хөрөнгө мөнгөө хэмнэж байгаад гадаад өр төлбөрүүдийг төлөх ёстой. Харамсалтай нь, хөрөнгө мөнгөө маш үр ашиггүй зарцуулж байна. Үүний нэг жишээ нь нэг аймагт 235 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг  тавьж байна. Хэнтийн аймгийн Бэрх гэдэг ганц тосгонд 27 тэрбум төгрөг төсөвлөсөн нь зарим аймгаас хоёр дахин өндөр дүнтэй байна. Орлого талаа маш хариуцлагагүй тооцсон. Зэсийн үнэ буугаад эхэллээ. Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ мөчлөгтэй байдаг. Одоо унадаг мөчлөг нь эхэлсэн.

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:-Ард нийтийн санал асуулга явуулахгүй боллоо гэж нийтэд зарлаж байгаа хэлбэр. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг явуулснаар УИХ өөрөө батална гэсэн үг. Энэ долоо хоногт УИХ түр завсарлаж, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх ажилдаа орж байх шиг байна. Энэ хугацаанд зөвшилцлийн ажлын хэсэг ажиллана. Хоёрдугаар хэлэлцүүлэггүйгээр гуравдугаар хэлэлцүүлэгт ороход ҮХЦ дээр очих маргаан үүснэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт зарчмын зөв байр суурин дээр байх ёстой. Одоо зарчмын гурван байр сууриа бид хэлж байна. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, сонгуулийн тогтолцоог холимог хэлбэртэй болгох, Ерөнхий сайд танхимаа өөрсдөө байгуулах боломж бүрдүүлэх гурван саналыг АН тавьж байгаа. Тийм учраас АН энэ долоо хоногт зөвшилцөлд оролцож, асуудлаа хамтарч шийдэхийн төлөө явна гэлээ.

-“Саарал жагсаалт”-д орсноор Монголбанк, СЗХ-ны удирдлагуудад хариуцлага тооцно гэдгийг мэдэгдсэн. АН-ын зөвлөл ямар байр суурьтай байна вэ?

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Терроризм, үй олноор хөнөөх зэвсэгтэй холбоотой, санхүүгийн мэргэжлийн хуульд өөрчлөлт оруулах, хяналтын байгууллага байгуулах зэрэг “Саарал жагсаалт”-д орсонтой холбоотой асуудалд орсон. “60 тэрбум”-ын нөлөөгөөр очсон, хэлний мэдлэггүй хүмүүс ФАТФ дээр очоод ажлаа тайлагнаж чадаагүй. Өнөөдөр МАН Засгийн газарт хариуцлага тооцож чадахгүй байгаа. “Саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулан Ц.Нямдоржид хариуцлага тооцох ёстой гэлээ.

 Эх сурвалж:www.polit.mn