Ч.ҮЛ-ОЛДОХ

“Монгол Улс саарал жагсаалтад орсон хариуцлагыг хэн хүлээх вэ” гэдэгт манай засаг,төр тэр дотор  улс төрчид  сүүдрээсээ үргэж, тоосноосоо бусгах гэгч л болж байна. Эрх баригч МАН-ынхан бид буруугүй, АН-ын үед эхэлсэн алдаа явсаар ийм болголоо гэсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарт хариуцлага тооцохоо мэдэгдсэн. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдэхдээ “Саарал жагсаалтад орсон асуудал УИХ, Засгийн газарт хамаагүй. Банкууд алдаа гаргасан” гэлээ. Мөн тэрээр  олон улсын байгууллагуудын зүгээс Монгол Улсыг харах  үзэмж, ойлголт гэж нэг юм байдаг гэх утга бүхий үгсийг унагав. Тухайлбал, Хойд Солонгос тэрхүү жагсаалтын бас нэг хоригт байдаг. Монгол Улсыг тэдэнтэй хамтарч ажиллаад байна уу гэж хардсан, харсан талтай. Гэтэл тийм биш, оёдолчноор ажиллаж байсан ганц нэг хүнийг гаргасан гэх тайлбар хэлсэн. Тэгвэл АН-ынхан  саарал жагсаалтад орсон явдалд эрх баригч Ардын нам буруутай гэв. УИХ-ын зарим гишүүн ХЗДХ-ийн Ц.Нямдоржийг огцруулах ёстой гэцгээлээ.

АН: СЗХ, Монголбанкны удирдлагатай хамт Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нар огцор 

АН-ын дарга С.Эрдэнэ мэдэгдэл хийхдээ  ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг энэ асуудалд хариуцлага хүлээх гол хүн хэмээсэн юм.  Тэрээр “Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийг Ц.Нямдорж  даргалдаг, тав дахь удаагаа ХЗДХ-ийн сайдаар томилогдон ажиллаж байгаа.  FATF байгууллагын 2017 оны сануулга ч  гэсэн түүнийг сайд болсноос  хойш ирсэн. Гэтэл ажлаа хийж чадахгүй байж   буруугаа  бусдад тохдог зуршлаараа саарал жагсаалтад оруулсан алдаагаа  АН руу  чихэж байна.  МАН 2008-2012 онд эрх барьж байхдаа мөн л FATF -ын шалгалтад унаж саарал жагсаалтад оруулж байсан хар үйл явдал дахин давтагдлаа. Олон улсын байгууллагаас муу үнэлгээ авч Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд унагасан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц. Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нар нь ажил үүрэгтээ хайнга хандсан, энэ албан тушаалыг эрхлэх чадамжгүй улс төрийн болон мэргэжлийн хариуцлага  хүлээлгэж, холбогдох хуульд заасны дагуу огцруулах ёстой”  гэв.

Гадаад  харилцааны яам, гааль, тагнуулынхан  ч буруутай

Манай улс “Саарал жагсаалт”-д орох болсон дөрвөн  үндсэн шалтгааныг АН тодорхойлохдоо:  

  1. Санхүүгийн бус бизнес эрхлэгч нарт тавих хяналт шалгалтын механизмын хэрэгжилт хангалтгүй, \Шууд хэрэгжүүлэх байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам\
  2. Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлсэн байдал хангалтгүй, \ Шууд хэрэгжүүлэх байгууллага нь ХЗДХЯ, Хууль сахиулах байгууллагууд\
  3. Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураах авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх тогтолцоо хангалттай ажиллахгүй байгаа, \ Шууд хэрэгжүүлэх байгууллага нь ХЗДХЯ, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар,Хууль сахиулах байгууллагууд\
  4. Хориг арга хэмжээг хэрэгжүүлэх тогтолцоо хангалттай түвшинд ажиллахгүй байгаа \Шууд хэрэгжүүлэх байгууллага нь ХЗДХЯ, Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар\ зэрэг шалтгаанууд шалгалтаар илэрч, хяналтад орсон хэмээн тус, тус тэмдэглэсэн. Үүнээс үзэхэд ГХЯ, гааль, тагнуулын байгууллагууд ч хариуцлага хүлээх үндэслэлтэй гэсэн үг юм.

Н.Баяртсайхан VS  С.Даваасүрэн

Одоогоор хариуцлага тооцно гэж нэр цохогдон  чичлүүлж байгаа хоёр хүн бол   Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан,СЗХ-ны дарга С.Даваасүрэн нар юм. УИХ-ын дарга Г.Занданшатар тэднийг өрөөндөө дуудаж, хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн. Тэднийг УИХ-аас шууд  томилдог учраас Г.Занданшатар дарга  Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж асуудал оруулах нь нээлттэй гэсэн үг.

Н.Баяртсайханы хувьд   “Манай улс хар жагсаалтад орох байсан. Харин ч бид ажилласны хүчинд  саарал жагсаалтад орсон” гээд үүнд  Засгийн газар   ч буруутай  асуудал бий  гэх утгатай үгсийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд хэлсэн. С.Даваасүрэн СЗХ-ноос   шалгалт явуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа гэдгээ тайлбарласан.

УИХ-ын зарим гишүүн яг үнэндээ Монголбанкнаас ч болчихсон юм биш. Бид дотооддоо арилжааны банкуудын аудитыг ил тод, шударга байхад хяналт тавиагүй гэлцэж байгаа ч олон улсын байгууллагаас манайд ирүүлсэн шаардлагад Монголбанкны талаар дурдсан зүйл байхгүйг хэлж байгаа юм.  Харин СЗХ –ны тухайд  нэг асуудал бий, тэр нь  Монгол Улсад маш олон Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/  оршин тогтнож байгаа. Энэ нь нь  Хадгаламж зээлийн хоршоо, ломбард юм. Тэдний  байгууллагуудад байгаа хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй.  Жишээ нь, 49 ЖДҮ-чин гарлаа гэдэг дуулиан гарахад АТГ шалгалт хийсэн. Тэгэхэд 34  ББСБ нь төрийн өндөр дээд албан тушаалтны өмч байсан. Түүнээс 11 нь 100 хувь УИХ-ын гишүүдтэй холбоотой. Найм нь мөнгө угаасан гэж үзэж байгаа. өөрөөр хэлбэл, ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлээс  950-аас дээш гурван тэрбум төгрөг хүртэл авчихаад нөгөө мөнгөө иргэдэд 30 хувийн хүүтэй хүүлсэн  хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн ч өнөөг хүртэл ямар ч прокурорын болоод шүүхийн шийдвэр гараагүй нь олон улсын байгууллагын хараанд орсон гэдгийг  нэр бүхий гишүүд баримтаар дурдаж байна.

Г.Занданшатар ба  У.Хүрэлсүх

Энэ бүхний эцэст хариуцлага тооцох төрийн машин хэрхэн ажиллахыг харах л үлдэж байна. Энд эрх баригчдын ажлын арга барил, хүмүүжил төлөвшил, мэдлэг боловролын ялгаа ч бас харагдана. Хүмүүжлээр хандах уу, боловсролоор хандах уу гэдэг хоёр өөр асуудал юм.

Ерөнхий сайдын хувьд Японд хийсэн айлчлал нь амжилт муутай, тус улсын Засгийн газраас өгөх дэмжлэгийг авч чадалгүй ганзага хоосны  дээр   ууртай ирсэн. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ манай Ерөнхий сайдад  танай улс санхүүгийн сахилга батгүй учраас энэ байдлаа сайжруулсны дараа дэмжлэг өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн.  Ёс зүйтэй орны гүйцэтгэх засаглалын тэргүүний зүгээс  дипломат ёсоор бодлого, байр сууриа хэлсэн нь энэ. Гэвч далд утгаараа бол У.Хүрэлсүхийг  хариуцлагагүй албан тушаалтнуудаа амаараа  биш жинхэнээсээ сэлэмд хэмээн гуядсантай адил юм.

Үнэндээ манай Ерөнхий сайдын хувьд сүр  үзүүлж, хашгичиж хаагаад байхаас биш хариуцлага тооцдоггүй. Тэр нь нэг ёсондоо  имиж  нь болчихсон, манайхан ч жүжиг үзэж байгаа юм шиг “гоё байна” хэмээн алга ташаад сурчихсан. Тэгэхээр намын даргын хувьд, Гүйцэтгэх засаглалын тэргүүний зүгээс  У.Хүрэлсүхээс өнөөх хаагдаг, хашгирдаг  хувийн зан чанар, хүмүүжил, төлөвшил нь ил гарахаас биш хариуцлага тооцох талаас алхам хийхгүй биз.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатарын  тухайд саарал жагсаалтад орсон явдалд хүмүүжлээр юм уу, хувийн зан араншингаар хандахгүй л болов уу. Учир нь тэрээр эдийн засгийн  мэдлэгтэй, улс төрийн туршлагатай нэгэн. Бас ч гэж  төрийн сангийн хулгайтай тэмцэж явсан мөртэй, хэлбэл ч хэлэх үгтэй.  Нэгэн үе  гадаад харилцааг эдийн засагжуулсан  банкир сайд хэмээн өргөмжлөгдөж явсан түүхтэй. Энэ удаа саарал жагсаалтын асуудлаар   өөрийн эрх мэдлийн хүрээнд  яаралтай гаргасан шийдвэр нь СЗХ, Монголбанкны удирдлагад хариуцлага тооцохоо  шулуухан мэдэгдсэн явдал юм. Тэр  энэ байр сууриасаа ухрахгүй байх. Нөгөөтэйгүүр, мөнгөний бодлого ярьж байгаа өнөөгийн нөхцөл байдалд нэгэнт хариуцлага хүлээхээр  болчихоод байгаа хүмүүсийг  суудал дээр нь  байлгаад байхгүй л болов уу.  Тэгэхээр асуудлыг яаралтай шийдэж, томилгоог яаравчлах нь  ойлгомжтой юм.

Эдгээр үйл явдлын   эцэст хэн нь хэн бэ, хэн жинхэнээсээ  хариуцлага хүлээх вэ  гэдэг нь тодрох болно. Саарал жагсаалт манай эрх баригчдын болоод 76 гишүүний хэн болохыг сонгуулийн өмнө таниулж өгсөн   нэгэн том шалгуур  болох нь ээ.

Эх сурвалж: www.polit.mn