Ч.ЗОТОЛ
Олон улсын байгууллагаас Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан гол шалтгаан нь мөнгө угаах гэмт хэргүүдийг илрүүлж хариуцлага тооцохгүй байгаа, эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөний урсгалд хяналт тавиагүй гэдэг үндэслэлээр хориг арга хэмжээ аваад байна. Тэгвэл үүнд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж буруутай, түүнийг огцруулж хариуцлага тооцох ёстой гэдэг асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлэв.
Тэрээр хэлэхдээ “Миний бие саарал жагсаалтад оруулсан гол буруутнуудад хариуцлага тооцуулахын төлөө ажиллана гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье. Өнөөдөр ам.долларын ханш огцом өссөн. 2011 онд ам доллар 1300 төгрөг байсан. Тэр үед манай улс саарал жагсаалтад орж, олон улсын байгууллагаас 40 гаруй шаардлага тавьж байсан. Тухайн үед ХЗДХ-ийн сайдаар Ц.Нямдорж ажиллаж байсан. 2012 онд “Шударга ёс” эвсэл, АН-тай засаг барьж, ховхордоггүй сайдыг чөлөөлж ХЗДХЯ ажил хийсэн. Наад зах нь нууц хөрөнгүүдийг ил гарга гэдэг асуудал тавьсан учраас 2015 онд Ил тод байдлын тухай хуулийг гаргаж, тодорхой хөрөнгүүдийг ил болгосон. Гэтэл одоо үүнээс болж дахиад саарал жагсаалтад оруулсан мэтээр худал ярьж эхэллээ. Яагаад гэвэл, 2016 онд засаг солигдсон. 2017 онд Ц.Нямдорж дахиад ХЗДХ-ийн сайд болсон. Ц.Нямдорж сайд болонгуут бид дахиад саарал жагсаалтад орчихлоо. Би яагаад түүнийг онцлоод байна гэвэл саарал жагсаалтад оруулахгүй байх, үүнд хяналт тавьж байх ёстой нуусан мөнгө, терроризмтай тэмцэх үндэсний хороог тэр хүн даргалдаг. Гэтэл ажлаа хийсэнгүй. Тиймээс ажлаа өг, огцор гэж шаардаж байгаа.
Олон улсын байгууллага FATF-аас өгсөн мэдээллийг орчуулж олон нийтэд ил болгосон байна лээ. Түүнд байгаа долоон шаардлагын нэг нь СЗХ-ны асуудал байсан. Тэр нь юу вэ гэвэл, Монгол Улсад маш олон Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ оршин тогтнож байна. Энэ нь бидний нэрлэдгээр Хадгалмж зээлийн хоршоо, ломбард юм. Энэ байгууллагуудад байгаа хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй. Лицензүүд өгөөд байдаг ч хөрөнгийн эх үүсвэр нь тодорхойгүй. 49 ЖДҮ-чин гарлаа гэдэг дуулиан гарахад АТГ шалгалт хийсэн. Тэгэхэд 34 ББСБ нь төрийн өндөр дээд албан тушаалтны өмч байсан. Түүнээс 11 нь 100 хувь УИХ-ын гишүүдтэй холбоотой. Найм нь мөнгө угаасан гэж үзэж байгаа. өөрөөр хэлбэл, ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлээс 950-аас дээш гурван тэрбум төгрөг хүртэл авчихаад нөгөө мөнгөө иргэдэд 30 хувийн хүүтэй хүүлсэн гэсэн үг. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч өнөөг хүртэл ямар ч прокурорын болоод шүүхийн шийдвэр гараагүй. Тэгэхээр энэ байдлаас болж, Олон улсын байгууллага манай улсыг та нар хяналт тавихгүй, арга хэмжээ авахгүй байна гэж үзэж байна. Ингээд саарал жагсаалтад орчихсон болохоос биш Өршөөлийн хууль, Ил тод байдлын тухай хууль, 2015 оны үе хамаагүй. Би 2015 онд алдаа гарсан байж болох ч түүнээс хойш дөрвөн жил өнгөрлөө, тэрийг засна гэж МАН гарч ирж засаг авсан биз дээ. Тийм байж зассан юмгүй, харин ч 49 ЖДҮ-чин гаргаж, мөнгө угаалтын гэмт хэргийг УИХ-ын гишүүд нь хийнэ гэдэг аймшигтай үзэгдэл. Тэгэхээр терроризмтай тэмцдэг, үүнд хяналт тавьдаг олон улсын байгууллагын зүгээс манайд хориг тавихаас аргагүй. Өнөөдөр Монгол Улсын эрх мэдэл бүхий этгээдүүд мөнгө угаалтын гол эзэд болсон, тэгээд өөрсдөдөө ял өгдөггүй, тэрийг нь 20 жил харж хандаад ирсэн сайдтай байна шүү дээ. Ардын намд гайгүй хуульч бий, н.Мөнхбаатар, Ш.Раднаасэд, Х.Нямбаатар нарынхаа аль нэгийг сайдаар тавьж, Ц.Нямдоржийгоо зайлуулах хэрэгтэй. Залуу хүмүүс хүчтэй сайн ажиллах байх, зургаан сарын дотор яаралтай саарал жагсалтаас гарахгүй бол ам.долларын өсөлтийн байдал, гадны санхүүжилтийн ирээдүй, том төслүүдийн хувь заяа эрсдэлтэй болж зогсохыг үгүйсгэхгүй” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn