Б.ДАМДИН-ОЧИР

ЖДҮ-гээс болж нуман тулгуурт орсон МАН-ын бүлэг мөн ч олон удаа хуралджээ. Гарц хайж байгаа нь тэр. Тэгээд одоогоос 10 сарын өмнө болсон нэг удаагийн хурал дээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ийм байдлаас яаж гарч байсан “туршлага” яриад, гарцаагүй хэдэн өөрчлөлт хийх хэрэгтэй гэж намынхандаа зөвлөсөн байна. Нөгөөдүүл нь ч ёсоор болгов. 2019 он гаргаад М.Энхболдыг унагаж авсан. Удалгүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг хөдөлгөн хэлэлцэж эхэлсэн байдаг.

Харин өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэдэг нь жинхэнэ холион бантан болчихоод байж байна. УИХ-ын 62 гишүүн, бас Ерөнхийлөгчийн өргөн барьсан хоёр төсөл холилдож, сүүлдээ хэнийх нь санал болгосон заалт албажиж яваад байгаа нь ч тодорхойгүй болов. Энэ юу ч биш. Явсаар УИХ-ын гишүүдийн олонх нь ойлгохоо больж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ард нийтийн санал асуулга явуулахаар болсон. Тэрэнд нь Ерөнхийлөгч хориг тавьсан. Хоригийг нь хүлээгээд авчихав. Цаашаа яасан нь тодорхойгүй. Юутай ч хамгийн сүүлд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг гуравдугаар хэлэлцүүлгээр нь батлах юм болоод явчихсан. Тэгээд таг чиг.



Товчдоо энэ юм.

Энэ нэмэлт, өөрчлөлтийн утга агуулгыг  энд хөндөхгүй. Чухал биш юм. Харин эрх баригч намынхан Үндсэн хуулийг өөрчлөх талаар яриад, хэлэлцээд эхэлсний цаана юу байгааг бид ухаж ойлгох учиртай болж байна.

Яг үнэндээ УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн гаргаж ирсэн гарцаар бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байх үед өөр бусад хуулийн төслийг хэлэлцэхгүй. Тиймээс энэ хооронд бөөн бөөнөөрөө АТГ-т шалгагдаж байгаа УИХ-ын гишүүдийг ЖДҮ, бусад хэргээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал прокуророос орж ирсэнгүй. 1992 оны Үндсэн хуулийг нүдний цөцгий мэт хайрлаж ирсэн Д.Лүндээжанцан энэ удаа намдаа эцэг хуулийг ингэж хэрэглүүлсэн болж таарч байгаа юм. Үндсэн хуулиас илүү үнэт зүйл нь МАН ажээ.

Үүнээс гадна МАН дахь “эсэргүүнүүд”, сөрөг хүчин нийлээд Засгийн газрыг дэнжигнүүлж, бүр унагачихаж ч магадгүй болоод байсан нөхцлийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцсэнээр арилгаж чадсан.

Ер нь бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ хэлэлцсэнээр МАН маш том аюулаас аврагдаж чаджээ.

Одоо эдгээр аюул холдсон хойно 2019 оны зургадугаар сарын 7-нд УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд “…Хуулиар УИХ-аас батлах хугацааг нь тусгайлан заасан асуудлыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн дундуур хэлэлцэн шийдвэрлэж болно” гээд оруулчихсан. Бас Үндсэн хуулийг хэлэлцэх эрх баригчдын төлөвлөгөө ямар байсныг дээрх өдөр нэмж оруулсан “Гурав (1) дүгээр бүлэг буюу Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх журам”-аас тодорхой харж болохоор байна.

Эрх баригчид Үндсэн хуулиар ийм маягаар наадаж байна. Юунд хүргэхийг бүү мэд.

Хамгийн хачин нэг юм гэвэл Үндсэн хуулийн манаач болсон Цэц дуугарсан ч үгүй. Дээр нь хөх тэнгэр л байдаг гэж ирээд тэдэнд хэн ч нөлөөлж чадахгүй гэж сүрхий томъёолдог Цэц Үндсэн хуулиар ингэж “тоглож” байхад ганц үг ганхийхгүй байна гэдэг анхаарал татаад байгаа юм.

Үндсэн хуулийг хоттой хонь гэж бодвол Цэц нь малчин юм. Гэтэл өнөөгийн УИХ, эрх баригчид Үндсэн хууль руу хонинд орсон чоно мэт халдлага үйлдээд байдаг. Малчин таг чиг. Хоттой хонины дэргэд босгосон мануухай мэт дуугүй суугаад байгаа юм. Уг нь мануухай ч чоно үргээдэг. Гэхдээ хоттой хонь сүйдлээд сурчихсан чоно бол мануухайг тоохгүй л дээ. Яг л одоогийн эрх баригчдын Цэцийг үл тоон Үндсэн хуулийг сүйтгэж байгаа шиг хоттой хонь руу дайрдаг. Нуух аргагүй үнэн нь энэ. Тэд “гарцаагүй хэдэн өөрчлөлт”-ийг хийхээр намынхаа бүлэг дээр нэг яриад л Үндсэн хуулийг дураараа оролдоод эхэлсэн.

Өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийг Дорнодын Засаг дарга, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Доржийн Одбаяр даргалдаг.

Гишүүдээр нь Оюуны өмчийн газрын дарга байсан Намжилын Чинбат, МЖИС-ийн ХЗС-ийн захирал байсан Дамдинсүрэнгийн Солонго, ГЕГ-ын дэд дарга, МУИС-ийн ХЗС-ийн профессор байсан Шараагийн Цогтоо, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга байсан Шилагарьдын Солонго,  “Cентерра гоулд Mонголиа” ХХК-д менежер, “Дорнын тал экологи” ХХК-ийн захирал байсан Батсүхийн Буяндэлгэр, ТӨХ-ны дарга асан Цагааны Нанзаддорж, ШШГЕГ-ын дэд дарга байсан Гомбожавын Туулхүү, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга байсан Гунгаагийн Баясгалан нар ажилладаг. Д.Одбаяр, Ш.Солонго, Г.Баясгалан нарыг УИХ-аас, Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү нарыг Ерөнхийлөгчөөс, Н.Чинбат, Д.Солонго, Ш.Цогтоо нарыг Улсын дээд шүүхээс санал болгож, УИХ-аас энэ албанд зургаан жилийн хугацаатай томилсон байдаг юм.

Тэднийг томилсон субъектуудыг бие биедээ хяналт тавих, хамгийн гол нь Үндсэн хуулийн манаанд хэний ч нөлөөлөлгүй зогсох ёстой гэсэн зарчмыг бариулахаар сонгосон аж.

Гэвч энэ есөн эрхэм Үндсэн хууль руу чоно шиг халдаж байхад мануухай мэт харсаар сууна.

“…Үндсэн хуулийн цэг, таслал бүр гүнзгий утга, агуулга агуулж байдаг” гэж УИХ-ын гишүүн, Үндсэн хуулийг өөрчлөх олон удаагийн ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан хэлсэн. Тэгвэл Цэцэд хэний ч хяналтгүйгээр Үндсэн хуулийг сахиулан хамгаалах боломж нь бас байгаа юм. Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “…Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ” гэжээ. Энд Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийг зөрчсөн маргааныг “өөрийн санаачилгаар” хянан шийдвэрлэх тухай заасан байна. Өөрийн санаачилгаар гэж байгаа юм шүү. Энэ бол дээр хэлсэнчлэн тодорхой утга агуулгатай. Санаандгүй орчихсон үг биш.

Тэгэхээр Үндсэн хууль халдлагад өртөөд байгаа нь хуулиас бус хүнээс болоод байгаа хэрэг. Учир нь өнөөгийн Цэц Үндсэн хуулийг зөрчсөн аливаа хэрэг явдалд чимээгүй суусан тухайгаа “…Цэцэд хэн нэгэн тийм мэдээлэл гаргаагүй байна” гээд л тайлбарлачихдаг.

Өөрөөр хэлбэл, Цэц хэмээх малчин маань хоттой хонинд чоно орчихоод байхад “…Хоттой хонинд чинь чоно орлоо” гэж хэн нэгэн гаднаас хашгирах ёстой гээд л гэртээ суугаад байна гэсэн үг.

Энэ агуулгаар нь харахаар Цэцийг Цэцэд өгчихмөөр л харагдаад байгаа юм. Угтаа энэ Цэц чинь  Монголоос бусад улс оронд Үндсэн хуулийн шүүх гэсэн томъёололтой явдаг. Шүүх гэдэг ч Үндсэн хуулийн манаач гэдэг үүргээ илүү эрх мэдэлтэйгээр, гадны нөлөөлөл багатайгаар, гагцхүү Үндсэн хуульд захирагдаж гүйцэтгэдэг байна. Харин манай Цэц “…Чоно орлоо” гэж хашгирахыг хүлээсэн хэдэн нойрмог малчин шиг эсвэл хотны захад босгосон мануухайтай л ижилхэн үүрэгтэй аж. Ийм Цэцийн гишүүдийг Үндсэн хуулийг “…Мэдэхтүн, Сахигтун” хэмээж чаддаг хүмүүсээр л бүрдүүлэх хэрэгтэй ажээ.

Эх суралж: Зууны мэдээ сонин 2019.10.25

№212 (6179)