Ч.ЗОТОЛ
Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг баривчлан саатуулсан гэх мэдээлэл ирэх сонгуулийн улс төр эхэлсний дохио боллоо. МАХН-аас “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодит боломжуудыг гаргаж тавьсантай дээрх үйл явдал давхцаж байгаа юм. Ард түмнээ зээлийн хүүгээр хүүлж ирсэн эрх баригчид айсандаа өрсөлдөгчөө айлгах тактик хэрэглэж буй нь энэ бололтой. Учир юу гэвээс хэрэг гэж тулгасан асуудал дотор нь З.Баянсэлэнгэд наалдах нэг ч зүйл алга.
Тухайн үед юу болсныг мөшгиж үзвэл З.Баянсэлэнгэ 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа сайдын үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн байдаг. Гэтэл түүнээс нэг жилийн дараа буюу 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр түүнийг Төрийн банкны санхүүжилтийн гэх асуудалд холбогдуулан шалгаж эхэлсэн.Ингэхдээ салбарын сайдаар ажиллаж байхдаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын байрыг Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулан худалдан авалт хийж, улсыг хохироосон хэмээн буруутгасан. Гэтэл сайд дангаараа асуудал шийдэх, хөрөнгө мөнгө захиран зарцуулах эрхгүй. Засгийн газраас эсвэл Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу асуудал боловсруулж танилцуулах үүрэгтэй.
Түүнийг нь танхимаараа хэлэлцэж байж эцсийн шийдвэрийг гаргаж, Ерөнхий сайд тогтоолыг баталдаг бол Хууль зүй, дотоод хэргийн сайд хяналт тавьж, Сангийн сайд төсөв мөнгөний асуудлыг хариуцдаг. Гэтэл өнөөдөр тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж, тогтоол баталсан Ч.Сайханбилэг гадаадад аялж, төсөв хөрөнгийг шийдсэн Сангийн сайд Б.Чойжилсүрэн сулдаа ганхаж, харин боловсруул гэсэн төслийг нь барьж орсон З.Баянсэлэнгэ шоронд хоригдов. Гол нь өөртэй нь огт хамааралгүй асуудлаар шүү дээ.
Төрийн банкны гээд байгаа хөрөнгө мөнгөтэй холбоотой хэрэг бол 2017 оны зургадугаар сарын 23-ны өдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханд хүргүүлсэн бичигтэй холбоотой, эзэн нь ч тодорхой. Тэр бичигт “Эдийн засгийг идэвхжүүлэх, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулсан хуулийн этгээдийн санхүүгийн үр ашигтай концессийн төслийн 20 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийн хүсэлтийг Сангийн сайдаас Төрийн банкинд хүргүүлсэн 2016 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 7-1/6647 дугаар албан бичгээр тогтоосон зээлийн хязгаарлалтад хамааруулахгүйгээр холбогдох дүрэм журамд нийцүүлэн судлан үзэхийг зөвшөөрч байна” гэсэн байдаг. Энэ нь Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн зөвшөөрлийн дагуу 20 тэрбум төгрөг Төрийн банкнаас гараад явчихсан гэсэн үг. Энэ мөнгийг гаргахдаа “Зээлийн хязгаарлалтад хамааруулахгүйгээр” гэжээ.
Ингэхдээ Сангийн сайд Б.Чойжилсүрэн 2016 оны арваннэгдүгээр сарын 3-нд Төрийн банкны ТУЗ-ийн дарга Б.Нямаагийн нэр дээр Чиглэл өгөх тухай албан бичиг явуулжээ. Б.Нямаа нь өөрийнх нь яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан. Тэгэхээр Сангийн сайдаас Төрийн нарийн бичгийн даргадаа Төрийн банкны ТУЗ-ийн даргын хувьд чиглэл өгсөн гэсэн үг. Сангийн сайдын тэр чиглэлд “Танай байгууллагын ТУЗ-өөс “Хүсэлт гаргах тухай 2016 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 01а/11235 тоот албан бичигтэй танилцлаа. Танай банк нь хувьцаа эзэмшигчийн зүгээс өгсөн чиглэлийн дагуу банкны шаардлага, зохион байгуулалтыг өөрчлөн сайжруулах ажил, банкны үйл ажиллагааны хэвийн, тогтвортой байдлыг хангах ажлуудыг хийж гүйцэтгээд байгааг харгалзан үзэж, банкны хэвийн үйл ажиллагаанд эрсдэл учруулалгүйгээр дараах чиглэлийг баримтлан ажиллах чиглэлийг үүгээр хүргүүлж байна. Үүнд:
-Банкнаас олгох зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын дүн таван тэрбум төгрөгөөс хэтрэхгүй байх.
-Нэг зээлдэгчид болон банкны холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох актив, хөрөнгө, баталгаа, батлан даалтын нийлбэр дүн нь 5.0 тэрбум төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний ам.доллараас дээш дүнтэй биш байх.
-Зээл шийдвэрлэх эрх хэмжээг Зээлийн ерөнхий хороонд бүрэн шилжүүлэх. Ингэхдээ хувьцаа эзэмшигчийн зүгээс танай банкинд 2016 оны есдүгээр сарын 20-ны өдрийн 7-1/5765 тоот албан бичгээр хүргүүлсэн зарим чиглэлүүд, Монголбанкнаас танай банкинд Банкны тухай хуулийн зарим заалтууд, “Банкны зохистой засаглалын зарчмыг хэрэгжүүлэх журам”-ын хүрээнд хийсэн шалгалт болон ээлжит шалгалтын дүнгээр тус банк нь зээлийг холбогдох журмын дагуу ангилаагүй, зээлийн эрсдэлийн санг дутуу байгуулсан, Монголбанкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл дутуу, зөрүүтэй, давхардуулан нийлүүлсэн, чанаргүй зээлийн хэмжээ өссөн зөрчлийг арилгах талаар Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 оны долдугаар сарын 22-ны өдрийн тушаалыг тус тус үндэслэн дээрх үүргүүдийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг улирал тутам Сангийн яаманд ирүүлж байхыг үүрэг болгож байна” гэсэн байв. Үүгээр таван тэрбумаас дээш санхүүжилтийг Төрийн банкнаас гаргахгүй байхыг үүрэгдсэн гэсэн үг. Гэтэл Б.Чойжилсүрэн өөрөө үүнд хамааруулахгүйгээр 20 тэрбум төгрөг гаргахыг зөвшөөрсөн нь анхаарал татна. Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дөхчихсөн 2017 оны зургадугаар сарын 23-ны өдөр байгаа юм.
Мэдээж 20 тэрбум төгрөгийг хэн, яах гэж сонгуулийн үеэр авсан бэ, түүнийгээ юунд зарцуулсан бэ гэдэг асуулт гарна. Тэр нь сайдын ажлаа жилийн өмнө хүлээлгэж өгчихөөд байсан З.Баянсэлэнгэд огт хамааралгүй юм. 20 тэрбумыг хааш нь хэнд өгч вэ гээд хөөгөөд үзэхээр БНХАУ-ын “Шинжиан Шинфа” ХХК-д өгсөн баримт байдаг. Төрийн банкныхан ч тухайн үед “Сангийн сайдад тайлбар өгсөн юм байна. Өмчийн эзэн тайлбар өгчихөөд байхад биднийх илүүц байх” гэж байв. Гэтэл дараа “…”Шинжиан Шинфа” нь Сангийн яамнаас ажил гүйцэтгэсэн их хэмжээний авлагатай. Зээл эргэн төлөгдөөгүй тохиолдолд Сангийн яамнаас мөнгийг нь суутгаад авах бүрэн боломжтой гэсэн утгатай тайлбарыг өгч эхэлсэн байдаг. 20 тэрбумын асуудлаар Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайхан шалгуулсан. Гэхдээ тэрээр яг энэ асуудал дээр зүгээр л гүйцэтгэгч. Харин түүнд “зарлиг” буулгаж, банкнаас нь 20 тэрбумыг гаргуулсан хүн нь Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн юм. Тэгэхээр хуулийн хүрээнийхэн дунд далд яригддаг “хэрэг нь байхад хүн нь олдоно” гэдэг хэлц үг З.Баянсэлэнгэ дээр ийнхүү хэрэгжиж эхлэв. Өөрөөр хэлбэл, МАХН-ынханд тохохоор МАНАН-гийн зохиосон барьцгүй хэргүүд энэ мэтээр цааш үргэлжлэхийг таашгүй. Сонгууль ч ойртож байна даа.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.23
№ 210 (6177)