Р.ОЮУН
Энэ удаагийн “Залуус” булангийн зочноор “Мөнхийн харилцаа” ТББ-ын тэргүүн Э.Цэрэнбатыг урилаа.
-“Талын түмэн адуу” эвент зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон гэсэн. Энэ талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
-“Талын түмэн адуу” эвентийг зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байна. 10 гаруй төрлийн үйл ажиллагаа болдог. Энэ жилийн хувьд адуучид руугаа илүү чиглэсэн гэж хэлж болно. Тухайлбал, шургуунд 21 аймгаас оролцох сонирхолтой хүмүүс урьдчилж бүртгүүлэх хэрэгтэй. Учир нь 20 хүн л оролцох боломжтой. Сүүлийн үед өвөл морь унадаг уламжлал маань алдагдсан. Үүнээс гадна морь унадаг хүүхэд гэж байхгүй. Зөвхөн наадмын үеэр уралдааны морь унадаг болсон. Өмнө нь цагаан сараар морио унаад айл хэсдэг байлаа. Тэгвэл энэ удаа дээл, малгай өмссөн, өөрийн морио унаж ирсэн эхний 100 хүүхдэд бэлэг өгнө. Тэгэхээр энэ хүүхдүүдийг дагаад ээж аав нь морио унаж ирнэ шүү дээ. Өмнө нь аав ээжтэйгээ машинд суугаад эсвэл унах морио ачиж ирдэг байсан.
-Сүүлийн үед хөдөөнийхөн маань морио унахгүй, мотоцикль, машинаар хонь, ямаагаа хариулдаг болсон шүү дээ?
-Морио унахгүй болохоор уургаа барьдаг соёл маань үгүй болж байна. Тиймээс олон адуу цугладаг эвент бол “Талын түмэн адуу”. Энэ эвентийг зохион байгуулснаар адуу дагасан соёлоо хамгаалж үлдэх зорилготой. Морио унахгүй байгаагаас морио дэллэхгүй, морийг зүсэлж нэрлэдэг хүн алга. Өнгөрсөн жил долоохон зүс нэрлэж байсан. Даяаршлын нийгэмд энэ соёл маань алдагдах гээд байна. Иймд морины соёлоо хамгаалж үлдэх “Талын түмэн адуу” эвентийг ирэх сард зохион байгуулна. Ингэж нэрлэсэн учиртай. Талд олон адуу байхаас гадна тал газрын нүүдэлчдийн ахуй амьдрал ялангуяа, намар, өвлийн цагт адуугаа хэрхэн уургалдаг уламжлал болон хамгийн шилдэг адуучдын ур чадварыг харуулахыг зорьсон. Мөн адуучдын үнэнч анд тайган анч нохойны уралдааныг зохион байгуулна.
-“Талын түмэн адуу” эвент хэзээ, хаана болох вэ. Энэ үеэр өөр ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?
-Хэнтий аймгийн Батноров суманд ирэх сарын 1-3-нд болно. Энэ жил Хэнтий аймгийн шилмэл үүлдрийн гүүг шалгаруулна. Наадам үзэх бус та морь унаад морьтон жагсаалд оролц. Та морь зүслэх, морины тухай дууны тэмцээн, сумын бүжгэнд оролц. Тайган анч нохойтой бол нохойны уралдаанд ор, үгүй бол бооцоо тавь. Мөн богино зайны морьтны уралдаанд нутгийн иргэдийн морийг унаад оролцоорой. Бас дээлтэй бөх тэмцээнийг зохион байгуулна. БОАЖЯ, БСШУСЯ, аймгийн ЗДТГ болон адуунд хайртай хүн бүр дэмждэг. Тухайлбал, Баян-Өлгий аймгаас айраг, Дундговь аймгаас айрагны хөхүүр ирүүлээд байна.
-Эвентэд оролцох хүмүүсийн тоо хязгаартай юу. Ирсэн зочид, төлөөлөгчид хаана, яаж байрлах вэ?
-“Талын түмэн адуу” гэж кириллээр бичсэн пэйж хуудас руу ороод хөтөлбөртэй танилцахаас гадна яаж очих, байр, хоолны талаар багц үйлчилгээ гаргасан учраас сонголтоо хийж урьдчилж бүртгүүлэх ёстой. Манай эвентийг үзэх хүмүүсийн тоо жил бүр нэмэгдэж байгаа болохоор 500 хүн хүлээж авах боломжтой. Түүнээс шууд явж очоод байрлах боломжгүй гэдгийг “Зууны мэдээ” сониноор дамжуулж байна. Энэ жилийн “Талын түмэн адуу” эвентэд маань Өвөрмонголоос 50 адуучин оролцохоор бүртгүүлсэн. Мөн 10-аад орны жуулчин ирж үзэхээр захиалгаа өгсөн байгаа. Дэлхий дээр монголчуудыг адуугаар төсөөлдөг. Адуу чинь өөрөө Монголыг илэрхийлдэг шүү дээ. Энэ жил манай эвентийг Өмнөговь аймгийн гурван жуулчны бааз, Архангай аймгаас гадна мэргэжлийн тур оператор 2-3 компани дэмжиж, ивээн тэтгэж байгаа.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.22
№ 209 (6176)