Б.БАЯРЖАВХЛАН

Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг удирдах нь төслийн нээлт өчигдөр НҮБ-ын байранд боллоо. Тус төсөлд НҮБ-ын шилжилт хөдөлгөөний байгууллага ОУШХБ болон Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА) хамтран Монгол дахь дотоодын шилжин суурьшилтын асуудлыг илүү ойлгож, удирдах замаар ажиллах юм байна.

Хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн хэт их шилжилт хөдөлгөөнөөс улбаалан Монгол Улсын 3.2 сая хүн амын  48 хувь нь Улаанбаатар хотод оршин сууж байна. Улаанбаатар хотод шилжиж ирэгсдийн олонх нь хотын захад дэд бүтэц, үйлчилгээний хүртээмж муутай, агаар, хөрс усны бохирдолтой, газар ашиглалтын төлөвлөлт хийгдээгүй, ядуурлын түвшин өндөр гэр хороололд суурьшиж байгаа юм. Тиймээс шилжилт хөдөлгөөнд тусгасан, нотолгоонд суурилсан бодлого боловсруулж, анхан шатны оролцоотойгоор бодит үр дүнд хүрэхүйц үйл ажиллагаа хэрэгжүүлэх замаар Монгол орны дотоодын шилжин суурьшигчдын нийгэм эдийн засгийн байдлыг сайжруулахыг гол зорилт болгож байгаа аж. Энэ талаар Швейцарын хамтын ажиллагааны дэд захирал, нэгдүгээр нарийн бичгийн дарга Бенуа Мейэр-биш хэлэхдээ “Хотод шилжин суугчдын хувьд олонх нь нийслэлийн төрийн үйлчилгээ авах боломжоор хязгаарлагдмал болон агаарын бохирдлын хэмжээ өндөр бүсэд амьдарч байна. Дээр нь мэдээлэл хомс, тогтвортой ажлын байр олдохгүй, шилжин суурьшихыг эрх зүйн хувьд хязгаарласан зэрэг асуудлууд байна. Иймээс Улаанбаатар хотын ядуу иргэдийн тоо өсч байна. Түүнчлэн залуус эх орноо орхиход хүрч байна. Тиймээс Үндэсний болон орон нутгийн удирдлагыг дотоодын шилжилт хөдөлгөөний тухай нотолгоонд суурилсан мэдээллээр тогтмол хангаж, дотоодын шилжилт хөдөлгөөнийг бодлогод тусгаж, уялдаатай байлгахын тулд холбогдох ажилтнуудыг чадавхжуулан мэргэжлийн дэмжлэг үзүүлснээр дотоодын шилжилт хөдөлгөөний зохицуулалт сайжирч, шилжин суурьшигчдын эмзэг байдал буурах юм” гэсэн юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.22

№ 209 (6176)