Т.САЙХАН

Эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар улайрч байна.  Ингэхдээ хуулийн дагуу зөвшилцлийн зарчмаар биш хулгай, луйврын аргаар энэ өөрчлөлтийг хийх гэнэ.  Ялангуяа Үндсэн хуулийн төслийн  хоёрдугаар хэлэлцүүлгийн дараагаас тэдний хуулийн хулгай улам бүр тодорч эхэлсэн.  Ард нийтийн санал асуулга явуулна гэсэн ч  энэ зарчмаасаа ухарсан. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, гуравдугаар хэлэлцүүлгээр Үндсэн хуулийг өөрчлөхөөр яригдаж байна.

Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулаад байна. Үүнийг ч хуулийн дагуу явагдаагүй, хулгай болсон гэдгийг зарим хуульч хэлж байгаа.   Тэгэхээр МАН-ын боловруулсан  Үндсэн хуулийн төсөл анхнаасаа хууль зөрчиж орж ирсэн, явцдаа хууль зөрчсөн, сүүлдээ хууль өөрчилж хулгай хийсэн гээд бүрэлдээ жонхуу болж байх шиг байна.   Уг нь  Үндсэн хуулийн төслөө анхнаасаа л ард түмнээсээ асуух байсан юм.

Монголын ард түмэнд санал асуулгын зарчмаар тусгаар тогтнолоо баталгаажуулж байсан түүх бий.  Тэр түүхэн өдөр энэ сарын 20-нд тохиолоо.  Тухайн үед санал асуулгыг нийт 4251 хэсэгт явуулсан бөгөөд нэрсийн жагсаалтад 494.074 хүн бүртгэгджээ.Тэдгээрээс 487285 хүн буюу нийт сонгогчдын 98.6 хувь нь саналаа өгсөн байна. Харин үлдсэн нь буюу 6791 хүн замд явж байсан, өвчтэй зэрэг байсны улмаас санал хураалтад оролцож чадаагүй ажээ. Санал хураалтад оролцсон бүх хүн БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн түүхэн баримт Монгол улсын Үндэсний төв архивт хадгалагдаж байна.  Ингэж хоёр том гүрний шахалтаас тусгаар тогтнолтойгоо үлдэж байсан.  Харин энэ удаа МАН ард нийтийн санал асуулга явуулсан бол энэ түүхэн өдөртэй давхцаж,  хуулийн шинэчлэлийн асуудлаа ард түмэн шийдэх байв.  Гэвч МАН ард түмэнд боломж олгохгүйгээр өөрсдийн эрх ашгийн үүднээс зарим хуулийн зүйл заалтыг зөрчсөнөө л үл харгалзан Үндсэн хуулийн төслөө зүтгүүлсээр байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.22

№ 209 (6176)