Т.БАТСАЙХАН

МАН-ын бүлэг хуралдаж, Саарал жагсаалтад багтсан асуудлыг хэлэлцэж “гол буруутнууд”-ыг хайжээ. 

Тэд энэ асуудал МАН-д хамаагүй, 2013-2016 онд болсон үйл ажиллагааны гажуудал одоо илэрч байна гэв. 

Түүнчлэн энэ асуудалтай холбоотойгоор эдийн засгийн савлагаа, валютын өсөлт гарахгүй гэж мэдэгдлээ.

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах ФАТФ олон улсын байгууллага Монгол Улсыг саарал жагсаалтад багтаасан нь олны анхаарлын төвд байна.   Юун түрүүнд Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуулт гарч ирнэ.   Цаашлаад улс төр, хуулийн байгууллагын  үйл ажиллагаа яаж үргэлжилж хэдий хугацааны дараа санхүүгийн хоригоос гарах вэ гэдэг асуудал яригдах учиртай.

Гэвч манай эрх баригчид гарц шийдэл ярих дургүй байна.   Саарал жагсаалтад орсон бурууг бие бие рүүгээ түлхэж, энэ асуудлыг улстөржүүлэх, аргацаах өнгө аястай болчихлоо.  Энэ жагсаалтад багтахын өмнө нь ч  УИХ-ын дарга Г.Занданшатар би бичиг явуулсан, манайхыг багтаахгүй юм шиг байна мэтийн хариуцлагагүй мэдэгдэл хийж, нийгэмд төөрөгдөл үүсгэсэн.   Мөн  АН-ын дарга С.Эрдэнэ “Саарал жагсаалтад багтлаа, байдал хүндэрлээ” гэж мэдэгдсэн.  Улстөрчдийн энэ бүх мэдэгдэл, мэдээлэл нь эргээд эдийн засагт савалгаа үүсгэж байна.  Саарал жагсаалтад орсон гэх мэдээллийн дараагаар ам.долларын ханш 20-40 төгрөгөөр нэмэгджээ.   Ханшийн талаар Монголбанкнаас тодорхой мэдэгдэл гаргасан ч  , валют арилжааны зах, зарим банкны мэдээллээс өссөн үзүүлэлтийг харж болно.

Түүнчлэн өчигдөр МАН-ын бүлэг хуралдаж, Саарал жагсаалтад багтсан асуудлыг хэлэлцэж “гол буруутнууд”-ыг хайжээ.  Тэд хэлэлцээд энэ асуудал МАН-д хамаагүй, 2013-2016 онд болсон үйл ажиллагааны гажуудал одоо илэрч байна.  Тодруулбал,  гол буруутан  Ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн хууль гэнэ.  Харин ч эрх баригчид  2013-2016 онд гарсан гажуудлуудын засах гэж оролдож байна гэх мэдэгдлийг хийлээ.  Өнөөдөр тэдний мэдээллийн хариуг АН  нь барих юм бил үү. Энэ мэтээр улстөрчид гарц, шийдэл хайх дургүй байгаа юм.

МАН-ын бүлгийн хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн бөгөөд  ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар байр сууриа илэрхийллээ.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: 2013-2016 оны үйл ажиллагааны үр дүн юм

-Энэ асуудлыг улстөржүүлэх  муу ажил хийгдэж байгаа учраас тодорхой ганц зүйлийг хэлье.  2016 онд 2013-2016 оны санхүүгийн байдалд үнэлгээ хийж эхэлсэн.  Тухайн үед буюу 2015 оны наймдугаар сард Ил тодын тухай  хууль гэж батлагдсан.  Энэ үеэр  Монгол Улсын хөрөнгө 34 их наяд төгрөгөөр нэмэгдэж, байснаасаа 150 хувь нэмэгдсэн. Ийм сэжигтэй хөрөнгийн хөдөлгөөн хийгдсэн учраас  энэ шалгалтад хамрагдсан түүхтэй. Энэ хууль 2015 оны нэгдүгээр сард орж ирээд нэг удаа буцсан.  Мөн оны наадмын үеэр тухайн үед эх барьж байсан АН болон МАХН-ын хооронд тодорхой тохиролцоо явж хоёр хуулийг хүчээр баталсан.  Үүний нэг нь Ил тодын,  нөгөө нь Өршөөлийн хууль юм. Ингэж хууль гаргасны дараа Монголын хөрөнгийн хэмжээ 150 хувиар нэмэгдсэн нь олон гадаад улсад сэжиг төрүүлсэн нь мэдээж. Ингээд 2016 оны сүүлчээр  ФАТФ-ын есөн хүнтэй баг ирж ажиллаад,  үнэлгээ хийсэн. Тайлангаа 2017 оны тавдугаар сард гаргасан. Үүгээрээ 40 зөвлөмж өгсөн юм. Үүнийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газар ажиллааад 4-5 асуудлаас бусдыг нь биелүүлсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хамгийн сүүлд 2019 оны аравдугаар сарын 11-нд сард Азийн хамтарсан  бүлгийн даргаас  надад захидал ирүүлсэн.  Ингэхдээ  Монгол Улсыг эрчимтэй хяналтаас гаргаж,   өргөтгөсөн  хяналтын төлөвт орууллаа гэдгээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл,  хяналтын зэрэглэлийг нь бууруулсан юм.  Тэгээд үргэлжилсэн хурал нь Парист саарал жагсаалтад орууллаа. Энэ бол 2013-2016 оны үйл ажиллагааны үр дүн ингэж гарч байгаа гэдгийг хэлье.

-4-5 асуудалд нь юу юу багтаж байгаа вэ?

-Энэ 4-5 асуудал дотор мөнгө угаахтай тэмцэх асуудлаар шүүх шийдвэр гаргахгүй байна. Хоёрт, хөрөнгө хураагдахгүй байна гэсэн хуулийн байгууллагатай холбоотой хоёр асуудал байгаа юм.  Энэ дурдсан ажлыг нь хийгээд дуусгачихвал энэ жагсаалтаас удахгүй гарах боломжтой. Хоёр ажил нь хийгдсэн. Нэг нь сая мөнгө угаахтай холбоотой шинэ хуулийг баталсан. Тэр дотор үнэт эдлэлийн наймаатай холбоотой шаардлага байгаа. Тэр нь хяналтад орно. Мөн гадаадын ажиллах хүчний асуудал байгаа. 2000-аад хүний асуудал арваннэгдүгээр сард  энэ асуудал шийдэгдээд дуусна.  Ингээд тавьж байгаа дөрвөн шаардлагаас хоёр нь шийдэгдээд явна гэсэн үг.

– Хөрөнгө хураах асуудал дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Хөрөнгө хураах асуудлыг Засгийн газар шийддэггүй. Хуулийн байгууллага гэм буруутайг нь тогтоовол  тэр хэрэгтэй  холбоотой хөрөнгийг нь хураах асуудал байдаг.  Би гурван жилийн турш энэ “Эрдэнэт”-ийг тойрсон Худалдаа хөгжлийн банкны тухай ярьж байна. Үүний цаана энэ  л байсан. Одоо нэг хэрэг шүүхэд шилжих процесс хийгдэх гэж байна. Яаж шийдэгдэхийг мэдэхгүй. Ер нь Монголын банк санхүүгийн салбарт асуудал байгаа нь бодитой зүйл.  “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авахад хуурамч гэрээгээр гаргасан 400 сая ам.доллараас эхлээд.  Энэ зөвлөмж дотроос хоёр зүйлийг Засгийн газар биш шүүх, хуулийн байгууллага хийнэ. Нэг нь тэр хүн шийтгээгүй байна гэх зүйл. Мөнгө угаах хэргийг шалгадаг газар нь Тагнуулын байгууллага. Монголбанкинд мөн алба бий. Тэр алба 20 саяас дээш, сэжигтэй гүйлгээг хянадаг. Тэгээд хууль бус гэж үзвэл тагнуулд өгдөг. Ингээд цааш шалгах ёстой. Гэтэл энэ асуудлаар маш хойрго ажиллаж байна гэдгийг би сүүлийн  гурван жил ярьж байна. Маш хүнд нөхцөлд “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал шийдэгдэхээр явж байна.  Хөрөнгө хураах асуудал нь шүүхийн эрх мэдлийн асуудал.

– Та мөнгө угаах тероримзтой тэмцэх үндэсний зөвлөлийг тэргүүлдэг.  Эрх  зүйн орчинд ямар байгаа вэ ?

– Сүүлийн үед тодорхой улс төрийн зорилгоор дэл сул яриа явж байгаа.  Би 2002-2003 оны хооронд хуулийн байгууллагын мөрддөг 10 хууль батлуулсан.  2002 оны Эрүүгийн хуулийг шоронжсон хууль гэж шүүмжилсээр байгаад 2015 онд  Х.Тэмүүжин  сайд байхдаа одоогийн Эрүүгийн хуулийг батлуулсан. Ингэхдээ ялыг нь багасгасан, хөөн хэлэлцэх хугацааг багасгасан. Жишээ нь  15 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай байсныг 12 жил болгоод тав байсныг нь гурав болгоод, 25 байсныг нь 20 жил болгоод багасгачихсан. Тэр надтай холбож яриад байгаа тэр хөөн хэлэлцэх хугацааг багасгасан гэдэг чинь үүнээс эхтэй юм. Одоо бол үүн дээр зүгээр л улс төр хийж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Валютын ханш хөөрөгдөхгүй

-Буруу бодлого, буруу үйлдэл Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д орууллаа. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн дархлааг сайжруулах ажил хийгдэж байна. Улсын валютын нөөц 3.8 тэрбум ам.доллар болж өслөө.  Өртэй байсан бол одоо 363 тэрбум төгрөгийн хуримтлал үүсгээд байна.  2018 онд төсөв ашигтай, 2019 онд төсвийн орлого давж биелэх боломжтой байна.  Эдийн засгийн өсөлт 7.3 хувь байна. Энэ бүхэн бол багахан шиг савлагааг даваад гарчих эдийн засгийн дархлааг бий болгохоор хийж байгаа ажлын маань үр дүн.  Саарал жагсаалтад орсноор валютын ханшийг хөөрөгдөнө, гадаад гүйлгээ зогсоно гэхчлэн сандраад байх шаардлаггүй болов уу гэж харж байна.  Бүтэн сайн өдөр Ерөнхий сайд “Саарал жагсаалт”-аас Монгол Улсыг гаргах үүрэг даалгавар өгсөн. Үүний дагуу төлөвлөгөө гаргаж байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.22 № 209 (6176)