С.САРУУЛ

УИХ дахь АН-ын зөвлөл агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон сайжруулсан шахмал түлшний талаар холбогдох албанхнаас мэдээлэл сонслоо. Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшинд 206 иргэн хордсон дуудлага ирж, 549 хүн угаарын хийж хордож, найман хүн амиа алдсан байна. 199 хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээж ажиллаж байгаа юм байна.  АН-ын зөвлөлөөс сайжруулсан шахмал түлштэй холбоотойгоор хүний амь эрсдэж, хэдэн зуун хүний эрүүл мэндийг хохироосон хүмүүст хариуцлага тооцохыг шаардлаа.

АН-ын дарга С.Эрдэнэ “Сайжруулсан түлшийг хэрэглэхэд ханан пийшин болохгүй, цооролттой зуух болохгүй гэсэн анхааруулга алга. Уутан дээр нь бүх төрлийн зуух ашиглаж болно гэсэн байгаа. Уутаа өөрчилж, залруулахгүй юм уу. Иргэдэд буруу өгч болохгүй. Нөхөн олговорыг яаралтай шийд. Угаарт хордсон иргэдийн эрүүл мэндэд ямар ч өөрчлөлт гараагүй гэдэгт би итгэхгүй. Дотор эрхтэнүүдийн хордлого, тэндээс үүсэх эмгэг урт хугацаанд гарна. Алдаа гаргасан бол уучлалт гуйх хэрэгтэй” гэсэн юм.

Харин Хотын даргын орлогч Ж.Батбаясгалан “Олон туршилт явагдсан. Гэр хорооллын иргэдийн бараг 99 хувьд буюу 174 мянган айл өрхийг сайжруулсан зууханд шилжүүлсэн байсан. Харамсалтай нь айл өрхийн 65 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй зуухтай байна. Түлшний уутан дээр ханын пийшин болохгүй гэж бичихээс илүүтэй үндэсний хорооноос айл бүрээр орж мэдээлэл өгсөн. Ирэх сарын 1-ний дотор угаар мэдрэгчийн асуудлыг шийднэ. Эхний ээлжинд зургаан дүүргийн галлагаагаа шийдсэн айл өрхүүдэд угаар мэдрэгч нийлүүлнэ” гэв.

Эх сурвалж: www.polit.mn