Б.БАЯРЖАВХЛАН
“ТВ-9” телевиз “Үндсэн хуулийг өнгөцхөн засах уу, Үндсээр нь өөрчлөх үү?” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Ээлжит хэлэлцүүлэгт Академич А.Бакей, эрх зүйч Б.Батсайхан, Эдийн засагч Б.Оюунсайхан, Нийслэлийн МАХН-ын хорооны нарийн бичгийн дарга Б.Батхишиг нар оролцож, Үндсэн хуулийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэлэлцэх нь зөв үү сэдвээр байр сууриа илэрхийллээ. Зочдын ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
Академич А.Бакей: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бол шинжлэх ухааны үндэслэлтэй хандах хэрэгтэй
-Монгол Улсын нийгмийг зохицуул байгаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг бол маш их хариуцлага. Тиймээс судалгаа, шинжилгээн дээр үндэслэн шинжлэх ухааны үндэслэлтэй хийх ёстой.
-1992 оны Үндсэн хууль болон 2000 оны нэмэлт өөрчлөлтөд ард түмний оролцоо, эрдэмтэд судлаачдын оролцоотойгоор хийсэн шиг өнөөдрийн өөрчлөлтийг хийсэн бол будлиад сууж байхгүй байсан байх.
-Нэмэлт өөрчлөлтөд төрийн эрх барих байгууллагуудын эрх тэгш байдлыг бий болгох зүйл заалтыг тусгаж өгөөсэй гэж ард түмэн хүссэн. Гэвч хараахан тийм заалт ороогүй.
-Нэмэлт өөрчлөлтийн төслөөс дэмжигдсэн саналууд байна. Үүнд УИХ-ын үйл ажиллагааны талаарх саналууд дэмжигдсэн байна.
-Давхар дээл болон сонгуулийн тогтолцооны талаар өөрчлөлт орж ирээгүй байна.
-Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирсэн саналын ихэнхийг хассан байгаа. Үүнд бол харамсаж байна.
-Гүйцэтгэх засаглал болон шүүх засаглалын томилгоотой УИХ хэтэрхий их орооцолдсоноос болж хууль тогтоох чиг үүргээ алдаж байна.
-Үндсэн хуулиар хөгжлийн бодлого чанар залгамж чанартай гэсэн заалтыг нэмэх нь зүйтэй
-2000 оны дордуулсан долоон өөрчлөлтөөс нэмж орж ирж байгаа саналыг дэмжиж байгаа.
-Хамгийн гол заалт бол давхар дээл болон сонгуулийн тогтолцоог заах, төрийн эрх мэдлийн гурван салааны тэнцвэрт байдал зэрэг зүйл заалт бол хамгийн түрүү яригдах чухал асуудал юм.
-Газрын доорх баялгийг ард түмэнд тэгш хуваарилж байж улс орон цааш хөгжинө.
Эрх зүйч Б.Батсайхан: Энэ УИХ тарах ёстой.
-1992 оны Үндсэн хууль Үндсэн хуулийнхаа үүргийг биелүүлж чадаагүй.
-1992 оны Үндсэн хуулийн ганц зөв заалт бол Засгийн эрхээ ард түмний мэдэлд болгосон.
-Өнөөдөр Үндсэн хуульд гар хүрнэ гэдэг асуудлаас болоод үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолын баталгаа алдагдлаа.
-Үндэсний аюулгүй байдал болон ард иргэдээ ийм байдалд хүргэсэн энэ хүмүүсээр дахин цаашдын ирээдүйн баталгаа болсон Үндсэн хуульд гар хүргэж болохгүй.
-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэн түрүүн шийдэх ёстой асуудал бол байгаль орчин болон түүхийн өвийн асуудлыг маш сайн тусгаж өгөх ёстой.
-Энэ Улсын үндэстэн болсон Монгол хүний үнэ цэнийг тогтоох ёстой.
-Хоёр танхимтай парламенттай болох ёстой.
-Энэ өөрчлөлтийг хийснээр манайх өнөөдөр ардчиллаас манайх ухарч байна.
-Үндсэн хуулийн өөрчлөлт нь анхнаасаа мордохын хазгай болсон.
-Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой.
Эдийн засагч Б.Оюунсайхан: Энэ УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрхгүй
-Хулгайч, худалч, дээрэмчин эгнээндээ нэгтгэсэн энэ нам ёс суртахууны эрхгүй.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол УИХ-ын гишүүдэд зориулсан өөрчлөлтүүд байна. Иргэдэд зориулсан зүйл алга.
-Энэ УИХ-ын хуулиар бид явахгүй.
-Энэ УИХ-ын гишүүд улс орныг уруудуулан доройтуулсан нь батлагдчихаад байгаа. Гэтэл энэ хүмүүсийг Үндсэн хуулийн цэц, дээд шүүх нь хайхрахгүй байгаа. Ийм байж Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярих бол илүүц.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх гэж байна. Түүнийгээ өгөөч гээд хороо руугаа утастахад байхгүй, мэдэхгүй гэж байна.
-Улсын ганц хүчин зүйл бол иргэн. Гэтэл иргэд бид Үндсэн хуулийн өөрчлөлтөд санал бодлоо өгч чадахгүй байна. Ийм хууль юу байхав дээ.
-Энэ 27 жилд энэ хэдхэн хүн өөрсдийн төлөө хууль батлаад, өөрийн хүмүүсийг шүүх , цагдаад нь томилоод хуулийг гажуудуулаад байж байдаг. Харин иргэдэд хэрэгжихээрээ хамгийн хатуугаар хэрэгждэг.
-Өөрсдийнх нь төлөө саналаа өгдөг хэдэн хүнийг цуглуулж түүнийгээ ард түмнээр хэлэлцүүлсэн нэр зүүх гэж байна.
-Онцгой байдал тогтоож улсаа иргэд бид гартаа авахгүй бол энэ хүмүүс худалдаад дууслаа.
-МАН болон АН-д хандаж хэлэхэд хууль бусаар намын эрхийг чинь гартаа авсан хүмүүсийг нэн даруй өөрчил гэж хэлмээр байна.
Нийслэлийн МАХН-ын хорооны нарийн бичгийн дарга Б.Батхишиг: Нэмэлт өөрчлөлтөд иргэд болон улс төрийн намуудын саналыг аваагүй
-Одоогийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэдийн санал болон улс төрийн намуудын үзэл бодлыг тусгаагүй. Үүнээс болж иргэдийн 80 хувь нь Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах талаар ойлголтгүй байна.
-1992 оны Үндсэн хууль ямар хууль болсныг иргэдийн амьдрал ямар байгаагаас харж болно.
-Үндсэн хуулийн өөрчлөлт бол хөгжил шинэчлэлийн төлөө байх ёстой. Гэхдээ одоо оруулж буй өөрчлөлт хэдэн дарга, намын эрх мэдлийг нэмэгдүүлэх заалтууд байна.
-Байгалийн баялаг ард түмнийх байх эсэх эсвэл УИХ хоёр танхимтай байх уу нэг танхимтай байх уу тэр талаар ард түмнээс санал асуулга авах ёстой.
-Одоогийн Үндсэн хуульд дарга нарын эрх хуулийн дагуу явж харин иргэдэд зориулсан хууль нь тунхагын шинжтэй явж байна.
-Байгалийн баялгийг ард түмний дундын өмч гээд захиран зарцуулах эрхийг нь санал асуулгаар ард түмнээс асууж байж шийддэг байх ёстой.
-Давхар дээлний асуудлыг болиулна гэсэн байж дөрвөн сайд нь байж болно гэх юм. Үүний оронд ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгч нь өөрөө Засгийн газраа бүрдүүлээд ажилдаг болох нь зөв.
-Ерөнхийлөгчийн засаглалтай болбол дарангуйлал тогтоно гэнэ. АНУ-г хар. Дарангуйлал тогтсон юм алга. Шүүх засаглал ард түмнээсээ сонгогдвол Ерөнхийлөгчдөө хориг тавиад явж болж л байна.
-Шүүхийн ерөнхий зөвлөл таван гишүүнээ өөрсдөө сонгоно гэнэ. Өөрөө өөрөөсөө төрдөг байгууллаг гэж байж болохгүй.
-Улс төрийн нам 25 мянган гишүүнтэй байж улс төрийн нам болно гээд байгаа юм. Хүний эвлэлдэн нэгдэх зарчим буюу эрхийг нь дордуулж болохгүй.
-УИХ өөр дээрээ хянан шалгах эрхийг авах гэж байна. Засаглалийн эрх тэгш байх онолтой 100 хувь зөрчилдөж байна. Энэ бол байж болохгүй асуудал.
Эх сурвалж: www.zms.mn