Т.САЙХАН

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож,  2020 оны Төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг танилцууллаа.

Ерөнхий сайдын мэдээлэлд Ирэх онд зээлийн хүүг бууруулж, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, татварын ил тод байдлыг хангах,  ипотекийн зээлээр орон сууц авсан бол татварыг нэмэх, буцаан олголт үзүүлэхээр төлөвлөж байгааг дурдав. Мөн тэрээр “Алтанбулаг, Гашуунсухайт боомтыг шинэчлэх, дэд бүтэц, зам талбайг 2020 онд шинэчилж дуусгана. Бид хилээрээ буяныг гаргахгүй бузрыг оруулахгүй гэсэн үг.  Аялал жуулчлал, гадаад худалдаа, байгаль экологи, хуурайшилт, хөдөө аж ахуйн өсөлтийг дэмжих,  нийгмийн хэрэгцээ шаардлагатай ажлуудад хөрөнгө оруулалт 2019-2020 онд 194 цэцэрлэг, 145 сургууль, 80 эмнэлгийг шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Түүнчлэн олон жил царцсан төслүүдийг нэмж тусгасан” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Бид жил бүр төсвөө яаж ийж байгаад баталж байна. Улс орны хөгжлийн төсөв болгох чиглэлд ярихгүй байна. Төсвийн төлөвлөлт маш муу, батлагдсан төсөв нь амьдрал дээр хэрэгжихдээ олон хүнд суртлын шат дамжлага дамждаг, хэрэгжсэн ч чанаргүй байдаг гэдгийг иргэд байнга хэлдэг, шүүмжилдэг шүү гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Өнгөрсөн гурван жилийн төсөв ард иргэдэд хүртээл болж очоогүй нь үнэн. Хөрөнгө оруулалтын хуваарилалт туйлын шударга бус. Ямар ч эдийн засгийн төлөвлөлт, нийгмийн хөгжлийн бодлого төлөвлөлтийг харгалзаж үзээгүй. 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад Хэнтий аймагт 235 тэрбум, Архангай аймагт 139 тэрбум төгрөг, Сүхбаатар аймаг 30 тэрбум байх жишээтэй. Ер нь эдийн засгийн өсөлт, нийгмийн чиг хандлагаа харж хийсэн төлөвлөлт мөн үү. Хэрэв мөн бол үүнийгээ нотолно уу. Энэ санаатай юм уу, улстөрчдийн тохиролцоо юм уу. Мөн есөн тусгай санг хассан ч Ирээдүй өв санг  корпораци болгоно гэжээ, ямар учиртай вэ. Соёл, урлагийн сан гэж байхад Кино урлагийн санг гэж бас юу вэ. Энэ төсвийн урсгал зардал дотор төрийн албан хаагчдын бусад зардалд юу тусгасан бэ. Үүнийгээ туйлын зөв гэж хэлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлэв.

Үүний дараа  чуулганаар  УИХ-ын Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэв. Уг хуулийн төсөл нь 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн байгуулагдах, үйл ажиллагаагаа эхлүүлэх Худалдан авах ажиллагааны газар байгуулах,  талаар зарим арга хэмжээ авах асуудлыг тусгасан. Мөн хуулийн төсөлтэй холбоотойгоор Засгийн газраас Худалдан авах ажиллагааны газрыг Ерөнхий сайдад харьяалуулах санал оруулж ирснийг байнгын хорооны хуралдаанд Шадар сайдад харьяалуулах горимын санал гаргасан байна. Засгийн газрын зүгээс Шадар сайдын харьяанд бус Ерөнхий сайдад хамаарсан нь зөв гэсэн байр суурин дээрээ хатуу байгаа гэдгээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тодотгосон юм.  Тэрээр “Дотоод хэргийн яам гэдэг нь ЗГХЭГ. Энэ нь Ерөнхий сайдын ажлын албаны өдөр тутмын албыг гүйцэтгээд явдаг. Тиймээс Ерөнхий сайдын харьяанд  байх нь зүйтэй юм. Агентлагаа Ерөнхий сайдын харьяанд байж хөгжлийн бодлоготойгоо уялдуулах нь чухал гэсэн юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.18

№207 (6174)