Т.САЙХАН
МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ээлжит VII хурал аравдугаар сарын 17-нд буюу пүрэв гарагт болно. Харин өнөөдөр /10.16/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, НАМЭХ-ны тэргүүнд нэр дэвшигчийг сонгоно.
Холбооны дүрмийн дагуу ээлжит хурал дөрвөн жилд нэг удаа болж, ерөнхийлөгчөө сонгож, дүрмээ шинэчилдэг. Одоо НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа ажиллаж байна. Харин дүрмийн дагуу ээлжит хуралдаанаар ерөнхийлөгчид нэр дэвшигчид өрсөлдөж, олон санал авсан нэр дэвшигчийг тодруулна. Мөн дүрмийн дагуу ерөнхийлөгч нэг удаа улиран сонгогдох боломжтой ч энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Цогзолмаа гишүүн өрсөлдөхгүй гэсэн мэдээлэл байна.
Хамгийн сүүлд 2014 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр НАМЭХ-ны ээлжит VI чуулган хуралдаж, ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Ц.Цогзолмаа нар өрсөлдөж, Ц.Цогзолмаа олонхийн санал авч, сонгогдож байжээ. НАМЭХ нь ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, хүндэт ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд, ажлын албаны дарга, ажлын алба, 21 аймаг, есөн дүүрэг, 152 хороо, 331 сумдад салбар зөвлөлтэй байх бөгөөд Хяналтын хорооны гишүүд, дэд дарга, даргатайгаар үйл ажиллагаа явуулдаг аж. Тэгвэл энэ удаагийн ерөнхийлөгчийн сунгаанд хэн хэн өрсөлдөх вэ. Дүрмийн дагуу НАМЭХ-ны ерөнхийлөгчийн нэрийг намын дарга хуралд санал болгодог юм байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараагийн даргын нэрийг оруулж ирнэ.
МАН-ын НАМЭХ дотор яригдаж байгаагаар энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн, Д.Сарангэрэл,Ц.Гарамжав, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар өрсөлдөнө гэсэн мэдээлэл байна. Түүнээс гадна горилогчид дунд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, “Сөүл”-ийн Д.Өнөрболор, АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон нарын нэрс ч яригдаж буй.
Эх сурвалж:www.polit.mn