УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг анх сайд болж байхад нь солгой, муруй мэдээлэл их л гарч байсан даа. Мэргэжлийн сайдтай байх яаманд улс төрийн томилгоо хийлээ гээд л…
Сайд болсноос нь хойш ч эсэргүүцэл, зэмлэл тасраагүй. Д.Сарангэрэл сайд тэр бүхэнтэй үзэлцсээр өнөөг хүрч байгаа юм.
Гэхдээ цаг хугацаа бүхний шалгуур гэдэг юутай үнэн болохыг энэ өдрүүдэд харууллаа. Д.Сарангэрэлийг Эрүүл мэндийн сайд болох ёсгүй, тохирохгүй гээд байсан нь нотлогдчих шиг боллоо.
2019 оны аравдугаар сарын 3-7-нд шахмал түлшний угаарт хордож зургаан хүн нас барлаа. Зуу гаруй хүн хордов. Хоногтоо арав гаруй хүн хордсоор л байна. Уржигдар бас нэг хүн нас барсан. Юунаас болсныг шинжилж байгаа гэсэн.
Шахмал түлшийг Д.Сарангэрэл хийгээгүй л дээ. Гэхдээ угаарын хордлого гамшгийн хэмжээнд оччихоод байхад Д.Сарангэрэл Засгийн газрынхаа бодлогыг дагасан уу яасан, ингэж хордох нь тэр байтугай нас бардаг явдал байж л байдаг гэсэн сурталчилгааг ЭМЯ-ны албан ёсны пэйж хуудас, цахим хуудсаар дамжуулж хүргэлээ.
НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан, анагаах ухааны доктор Б.Сувдыг “…2016-2018 онд жил бүр Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд 200 гаруй хүн угаарын хийн хордлогын улмаас тусалж үйлчилгээ авдаг. 2017 онд 200 гаруй хүнээс гурав, 2018 онд нэг нь нас барж байсан. Сошиалаар бол шахмал түлштэй холбож тайлбарлаж байгаа. Ер нь бол бид хуучин түлшнээс шинэ түлш рүү шилижх явц явагдаж байна. Түүхий нүүрсийг түлдэг дадал, зан үйл шинэ түлшийг түлэх үед хордох, угаартах байдлыг үүсгэж байна” гэж яриулав. “…Үхдэг л юм” гэдэг PR-ыг ЭМЯ хийж болдоггүй юм, Д.Сарангэрэл сайд аа!
Угтаа ЭМЯ бол хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд цаг наргүй зогсож байдаг л газар. Гоёчилж, лоозогнож хэлэх юм бол ийм юм. Нөгөө талаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс өмнө урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгаагаар иргэдийг хангах үүрэгтэй. Дандаа ниргэсэн хойно нь хашгирах ёсгүй гэсэн үг.
Гэтэл угаарын хийнээс урьдчилан сэргийлэх, хамгаалах “ажил”-аа хүн нас барсны маргаашаас буюу 2019 оны аравдугаар сарын 4-нөөс хийж эхэлсэн байгаа юм. Аягүй бол “…Би биш, Н.Цэрэнбат тэр ажлыг хийх ёстой” гэж гүрийх байх л даа. Үгүй шүү. М.Билэгт гишүүн “…Өвөл болдог, хүйтэрдэг” гэдэг шиг цагийн юм цагтаа болно. Ирэх авчин зовлонгоос урьчдилан сэргийлэх бодлогыг эрүүл мэндийн салбар хариуцсан хүмүүс, жишээлбэл сайд Д.Сарангэрэл хийдэг юм.
Гэтэл шахмал түлштэй холбоотой асуудлаар өөрийн салбарт харьяалагдах асуудлаар Д.Сарангэрэл сайд ганц ч үг ганхийсэнгүй. Тиймээс нас барсан болоод хордсон хүний тоо зөрүүтэй мэдээлэгдсээр байгаа. Шадар сайд Ө.Энхтүвшин хүртэл тодорхой мэдээлэлгүй сууж байсныг хэвлэлээс харсан л байх.
Шахмал түлшний угаарын хордлогоор нас барсан хүний тоог зургаа биш 14-15 хүрсэн тухай зарим эх сурвалж мэдээлж байна. Хамгийн гол нь энэ бүгдийг Д.Сарангэрэл сайд нууцлаад байна гэж хардахад хүргэж байгаа хэрэг.
Тэгэхээр сайд Д.Сарангэрэл энэ талаар бодит мэдээллийг хүргэх үүрэгтэй. Түүнийгээ хэрэгжүүлэх ёстой. Энэ бол улс төр биш. Хүний амь нас, эрүүл мэндээр улс төр хийж, нуун далдлах эрх Д.Сарангэрэл сайдад байх учиргүй.
Эндээс Д.Сарангэрэлийг томилохдоо алдаа хийснийг шуудхан харж болохоор байгаа юм. Та бод доо. Тангараг өргөсөн эмч хүн Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан бол өдийд яаж байх бол гээд бод. Засагтайгаа тэрсэлдээд ч хамаагүй бодит үнэнийг олон нийтэд хэлж л байгаа даа.
Ер нь Д.Сарангэрэлийг сайд болсноос хойш эрүүл мэндийн салбарт ийм том өөрчлөлт, шинэчлэлт хийгдлээ гэж бид сонсоогүй. Өөр хэн ч байсан хийдэг ажил нь явж л байна. Эрүүл мэндийн салбарт хамрах хүрээ шигээ асар их хөрөнгө мөнгө зарцуулагддаг. Мэддэг мэддэггүй олон сая долларын төсөл хөтөлбөрүүд зөндөө хэрэгждэг. Тэр бүгдийг хянадаг, хамгаалдаг газар нь шалгах цаг болсныг эх сурвалжууд яриад удлаа даа.
Сайдын шийдвэр, хувийн ашиг сонирхолтой нь холбоотой мэдээллүүд байнга л дуулддаг. Сэтэрлээд орхичихсон аятай хэн ч түүнд үг үл хэлнэ.
Туслахаар нь ажиллаж байсан эмэгтэй бас нэг мэргэжилтэн эмэгтэйтэй нийлээд авлига авсан хэргээр шалгуулж байна. Тэдний бусдаас авсан мөнгөний дүн одоогийн том том авлигын дэргэд юу ч биш. Гэхдээ тэр хоёр эмэгтэйн зөвшөөрөл олгосон эмүүд хэдэн хүнийг үхэлд хүргэх бол доо гээд эрүүл мэндийн салбарынхан ярьж байна. Сайд Д.Сарангэрэл өөрөө ч бас сонссон л байх.
Хүүгийнхээ жолоочийг Хэлтсийн даргаар ажилд авчихлаа гээд хэсэг шуугисан. АТГ ч зөрчил болохыг анхааруулсан. Д.Сарангэрэл сайд гүрийгээд өнгөрсөн. Гэтэл нөгөөх нөхөр нь амралтын газарт сувилал гэсэн статус нэмж олгоод /нэрлээд/ даатгалаас их хэмжээний мөнгө луйвардах ажиллагааг бий болгосон байна. Энэ хэрэг хэзээ мөдгүй АТГ-аар шалгуулж эхэлнэ гэсэн мэдээлэл байна.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл сайд болоод ингэж л ажиллаж байна. “Жижиг сажиг” баримт сэлт бол овоорч байгаа юм билээ.
Тэгэхээр МАН, түүний удирдлагууд, Засгийн газар нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Та нар сонгуулиас айдаг. Удахгүй тэр сонгууль чинь болно. Тэр үед ЖДҮ, 60 тэрбумаас чинь гадна ЭМЯ тойрсон, сайд нь холбогдсон, ёс зүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл олон ангит кино шиг гарч ирнэ шүү. Хамгийн гол нь мэргэжлийн бус томилгоо чинь гэдэг улсын чухал салбарыг самран доройтуулж байгаа юм. Нийслэл хүү тэмээ хариулдагтай яг адилхан гэсэн үг. Энэ бүхний хохирогч нь та бүхний “хайртай” сонгогчид болчихсон шүү.
Эх сурвалж: www.polit.mn Б.Дамдин-Очир