Ц.БАЯР

МАХН-аас санаачилсан “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийн хоёр дахь удаагийн бүртгэл энэ сарын 12-нд тус намын байрны гадаа болсон юм. Эхний бүртгэлээр 10 гаруй мянган хүн бүртгүүлсэн бол энэ удаагийн бүртгэлээр нэмж  5000 гаруй хүн бүртгэлээ хийлгэв. Энэ ажлыг МАХН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан. Түүнчлэн Шинэ дээд хуульд иргэн бүрийг орон сууцаар хангана гэсний дагуу  бодлогоор хийгдэж буй ажил гэдгийг тодотгож байв. Хоёр дахь удаагийн хөтөлбөрийн нээлтийн эхэнд Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян хэлэхдээ “ Ирэх жилийн өдийд энд ирсэн хүмүүс бүгд байртай болно. Өнгөрсөн долоо хоногт бид энэ арга хэмжээг нээсэн. Тухайн үед 10 орчим мянган хүн цугларсан. Харин энэ хугацаанд өөрсдөө баяжих хүсэлтэй ард түмнээ ядуу байлгах гэсэн хүмүүс ихэд эсэргүүцлээ. Жишээлбэл, эдийн засагч Да.Ганболд үнэгүй юм гэж хэзээч байдаггүй юм. Төрд ард түмнээ орон сууцанд үнэгүй  оруулах мөнгө байхгүй гэж ярьсан.Тэгвэл Эрдэнэтийн 49 хувийг авах болохоор төрийн мөнгө олддог. Харин энд байгаа хүмүүсийг орон сууцанд оруулъя гэхээр мөнгө олдоггүй төр засаг гэж байж болохгүй. Тэгэхээр төр засаг харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй. Төр баячуудын төлөө биш дийлэнх олонх болсон ядарч зовж буй ард түмний тэдний сайн сайхан амьдралын төлөө ажиллах ёстой. Мөн зарим эдийн засагч социалист, коммунист нийгмийн үед л үнэгүй юм байсан. Ардчилсан улс үнэгүй юм тараагаад байвал удахгүй дампуурна. Монголын төр чадахгүй гэж ярьж байна. Ард түмнээ байртай болгоход дэглэм ямар хамаатай юм бэ. Гэтэл ардчилсан орон болох АНУ, капиталист улс гэж хэлж болох Сингапур төрийн орон  сууцны хөтөлбөр хэрэгжүүлж ард түмнээ байртай болгосон байх юм.

Хүүгүй, урьдчилгаагүй 40 жил  хүртэлХ хугацаагаар орон сууцыг олгоно

Бүртгэлийн үеэр МАХН-аас хүүгүй, урьдчилгаагүй 40 жил  хүртэлх хугацаагаар олгох орон сууцныхаа эдийн засгийн үндэслэлийг тайлбарласан юм. Орон сууцыг  олгохдоо банкаар дамжуулахгүй иргэн, төр, аж ахуйн нэгжийн гурвалсан гэрээгээр олгох юм байна. Учир нь банкаар дамжуулахдаа төр дундаас нь хүү тооцож ашиг авдаг байсныг тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, Монголбанк арилжааны банкуудад найман хувийн хүүтэй  зээл олгох санхүүжилтыг хуваарилахдаа таван хувийн хүүтэй олгодог. Банк  гурван хувийн хүүг нэмж тооцох байдлаар найман хувь болгож иргэдэд олгосоор иржээ. Ингэснээр төр иргэдээ хүүгийн дарамтад оруулж шулдаг  байсныг болиулж, банкыг оролцуулахгүйгээр орон сууцжуулах боломж байгааг олж харсан аж. Тухайлбал, 50 орчим мкв байрны нэг мкв 2.0 сая төгрөгөөр бодогдож 100 сая төгрөгөөр зарагддаг. Энэ үнэлгээний бүтцийг задалж харвал байрны өөрийн өртөг  ердөө 50 сая төгрөгт бий болдог юм байна. Үүн дээр уг барилгыг бариулсан компани захиалагч талаас  дахин 50 сая төгрөг нэмж 100 сая төгрөгийн үнэтэй болдог. Ингээд 100 сая төгрөгөөр авна гэвэл урьдчилгаа 30 хувь, дээр нь найман хувийн зээлийн хүү төл гэж шаардаж байна. Тэгэхээр 30 хувь нь буюу 30 сая төгрөг нь  барилгын өөрийн өртөг болох 50 саятай тэнцэх шахуу болж. Дээрээс нь  Монголбанк ба төр  таван хувийн, арилжааны банкууд гурван хувийн хүүгээ  авна. Үүнээс таван хувийг нь арван жилд үржүүлэхэд 50  сая болно. Гурван хувийг авдаг банкны ашиг болох гурван хувийг 20 жилд үржүүлэхэд 60 сая төгрөг болж анхны барилгын өртөг, компанийн ашиг болох 100 сая төгрөг дээр төрийн болон банкны ашиг нийлээд 160  сая төгрөг болж та бүхэнд  уг байрыг 260 сая төгрөгөөр борлуулж байна. Төр юу ч хийгээгүй атлаа иргэдээс нэг нугалж ашиг олж байна. Байранд оруулахын тул хуруугаа ч хөдөлгөөгүй байж хүүгээр ашиг олоод сууж байдаг төр байж болох уу. Өөрөөр хэлбэл 20 жилийн хугацаанд төр байрны өөрийн өртөг болох 100 сая  төгрөгтэй тэнцэх хэмжээний ашгийг төр авч банкууд 60 сая төгрөгийн ашигтай ажиллаж байгаа юм”  хэмээн Э.Эрдэнэжямъян дарга тодотгов. Тиймээс төр болоод  банкууд ашиг авахаа боль. Харин компани дараагийн барилгаа барих учраас 50 сая төгрөгөө нэмээд зар. Нэмсэн үнээр нь буюу 100 сая төгрөгөөр иргэддээ өгье гэдэг зарчмыг МАХН барьж байна гэлээ. Иймээс тэд  өөрийн гэсэн орон сууцгүй иргэдийг түрээсийн, өмчлөлийн гэсэн хоёр хэлбэрээр орон сууцжуулахаар төлөвлөсөн аж. 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн түрээсийн орон сууцны /50 мкв байраар тооцоход/ 1мкв-ын төлбөр 5500 төгрөг буюу нэг сард 275 мянган төгрөг төлж байгаа. Харин МАХН-ын тооцсоноор хүү бодохгүйгээр  нэг мк-ын үнэ 3.920 төгрөг буюу нэг сард төлөх төлбөр 196 мянган төгрөг төлөх боломжтой бөгөөд цаашид үүнээс ч багасгаж, нэг мкв-ийн үнийг нэг сая төгрөгт хүргэх боломж байгаа тухай  тооцоо судалгааг хийгээд байгаа юм байна. Тухайлбал, 100 сая төгрөгийн байр авсан бол өөрийн сонгосон хугацаандаа хуваан төлснөөр байраа өмчилж авах юм гэж БХБ-ын сайд асан З.Баянсэлэнгэ тайлбарлаж байлаа. Энэ үеэр зарим иргэдтэй уулзлаа. Сүхбаатар  дүүргийн иргэн Б.Нэргүй “ Би энэ санаачлагыг дэмжиж ойрын бүх ах дүү нараа энэ хөтөлбөрт хамруулж байна. Сонгуулийн шоу гэж бодоод итгэхгүй байсан. Харин энд ирж нарийн учрыг нь сонсоод итгэж байна. Яг үнэгүй биш зүгээр хүүгүй, урьдчилгаагүйгээр сар бүр 300 орчим мянган төгрөг төлөөд хүссэнээрээ 5-10.20-40 жилээр өөрийн өртөг болох байрны төлбөрөө төлөх юм байна” гэв. Мөн Чингэлтэй дүүргийн иргэн н.Санжмятав “ Найман хувийн хүүтэй ипотекийн зээлтэй хүмүүс төлсөн хүү нь байрны үндсэн үнэд хүрсэн бол цааш нь хүү төлөхгүйгээр үндсэн төлбөрөө хүссэнээрээ төлнө гэж байна. Энэ хөтөлбөрийг  иргэд сонгуулийн худал амлалт гэж харалгүйгээр ирээд сонсох хэрэгтэй” гэсэн юм. Мөн нас өндөр хүмүүс байраа сарын 196 мянган төгрөгөөр түрээслээд дараа нь үр хүүхэддээ өвлүүлж болох хувилбар байна гэх зэргээр олон иргэд сайшааж МАХН-ын дэвшүүлсэн хөтөлбөрийг  дэмжихээ илэрхийлж байлаа.

ОДООГООР 450 ГАРУЙ МЯНГАН ӨРХ ОРОН СУУЦГҮЙ БАЙНА

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 450 гаруй мянган өрх орон сууцгүй байна. Эдгээр өрхүүдийг орон сууцжуулснаар тав тухтай амьдрах орчин бүрдэж утаа, орчны бохирдлоос салж Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах юм. Өрх бүрт орон сууц үндэсний хөдөлгөөн өрнүүлж өрхүүдийг хүүгүй, урьдчилгаагүй орон сууцанд оруулах хөтөлбөрийн эдийн засгийн тооцоо судалгааг МАХН хийж гадны улс орны туршлагыг судалж боловсруулсан байна. Хөтөлбөрийг 5-10 жилийн хугацаанд бүрэн хэрэгжүүлж өрх бүрийг хүүгүй,урьдчилгаагүй орон сууцанд оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжинд 2020 онд 20 мянга гаруй айл өрхийг орон сууцжуулахаар тооцжээ. Тус хөтөлбөр хэрэгжсэнээр зах зээлийн үнийг харгалзан төр, орон сууцны худалдан авалт хийх тул барилгын компаниудын зах зээл тэлнэ. Бүтээн байгуулалтын ажлыг дагаж ажлын байр нэмэгдэнэ. Утааны асуудлыг бүрэн шийдвэрлэнэ. Иргэд өр зээлэнд өгдөг байсан мөнгөөрөө  бусад төрлийн худалдан авалт хийснээр улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Иргэдийн сэтгэлзүйн, дарамт стресс багасана. Нөгөөтэйгүүр бүртгэлээ хийж байхад байраа томруулах хүсэлтэй сард хоёр сая төгрөгийн цалинтай залуу гэр бүл олон байсан байна. Үүнийг харгалзан зах зээлд борлуулалтгүй байгаа 50 мянган байрнаас 80 мкв-аас дээш орон сууцанд орлогын боломжтой, байраа томруулах хүсэлтэй  өрхийг оруулж улмаар өөрсдийнх нь хуучин байрыг төр бартер хэлбэрээр  эсвэл урьдчилгаанд авч орлого багатай, орон сууцанд орох хүсэлтэй иргэдэд өгөх байдлаар менежмент хийх боломж бий.  Зах зээлд 1990, 2000 оноос өмнө ашиглалтад орж байсан  хуучны байраа томсгох илүү сайжруулах хүсэлтэй иргэд олон байгаа нь бүртгэлийн үеэр ажиглагдсан байна. Мөн төр найман хувийн хүүтэй ипотекийн зээлээ зогсоосон байна. Түүнчлэн 80 мкв-тай байранд ипотекийн зээл олгохгүй журам үйлчилж буй юм. Монгол Улсад тулгарч байгаа өрхийн амьжиргааг дэмжих,  байгаль орчинд ноцтой нөлөөлж байгаа агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцанд хамруулах томоохон зорилтыг тавин ийнхүү ажиллаж байна. XXI зуунд нүхэн жорлон, нүүрстэй зуух хоёроосоо салж чадаагүй манайх шиг орон нэгээхэн  ч үгүй. Улаанбаатар  хотын өвлийн утааны асуудал дэлхийн сонорт хүрч олон улсын судалгааны байгууллага өнгөрсөн онд хэмжилт судалгааг хийж агаарын бохирдлын хэмжээ онц ноцтой түвшинд хүрснийг мэдээлж байсан. Монгол Улсын Засгийн Газар утааг бууруулах ажлын хүрээнд утаагүй зуух, утаагүй шүүлтүүр утаагүй түлш зэрэг гадны компанийн шахааны бизнесийг урамшуулж улсын төсвийг утаатай замхруулж ирсэн нь бодит үнэн . Товчхондоо сүүлийн 10 гаруй жил энэ сэдэв хүн амын дунд  шүдний өвчин болж ирсэн ч харамсалтай  нь төр засгаас хийсэн зүйлс нь үр дүнд хүрээгүй.  Утааг бууруулахад ганц л гарц бий. Тэр бол өрх бүрийг орон сууцжуулах үндэсний хөтөлбөр гэдгийг МАХН энэ удаад хүчтэйгээр  онцолж байна.Түүнчлэн бүртгэлийн хугацаа  ирэх арваннэгдүгээр сарын 5-ныг дуустал үргэлжлэх юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин  2019.10.14 №203 (6170)