Б.Намуунтамир

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эсрэг нэгдсэн улс төрийн 17 нам, иргэдийн нэгдэл хууль зөрчин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаа зогсоохыг шаардаж УИХ-д шаардлага хүргүүлж буй талаар мэдээлэл хийлээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Аливаа улс оронд Үндсэн хуулийг ард түмэн нь баталдаг. Хэдий олон суудал авсан ч МАН-д Үндсэн хуульд гар хүрэх эрх байхгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхдээ үнэхээр л ард түмэндээ хэрэгтэй өөрчлөлтийг хийхийг бодсон бол эхнээсээ ард түмнээсээ саналыг нь аваад, авсан санал дээр нь тулгуурлан нэмэлт өөрчлөлт хийх ёстой. Тухайлбал байгалийн баялгийг ард түмний дундын өмч эсвэл төрийн өмч байх уу гэдгийг ард түмнээсээ асуух ёстой байсан. Засаглалын хэлбэрээ, шүүх тогтолцоогоо, парламент нэг танхимтай байх уу? Эсвэл хоёр танхимтай байх уу гэдгээ асуугаад саналыг нь оруулсны үндсэн дээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулах шаардлагатай юм. Энэ ажлыг ерөөсөө хийгээгүй, ард түмнээс санал асуулга асуугаагүй, өөрсдийн дураар хийчихээд, мордохын хазгай гэгчээр хориг тавиулаад, эхнээсээ хууль зөрчсөн гэдэг нь батлагдлаа.

Энэ нь үндсэндээ хууль бусаар Үндсэн хуульд гар хүрэх гээд байна шүү гэдгийг ард түмэндээ ойлгуулах бидний тэмцлийн үр дүн гэж хэлж болно” гэв.
Мөн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийн хувьд хортой түлш үйлдвэрлэж, иргэдэд худалдсаны үр дүнд иргэд амь насаа алдах, хорвоог орхисон эмгэнэлт явдал болж буйд ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийллээ. Тэрээр “Засгийн газар, Улаанбаатар хотын удирдлагын буруутай үйл ажиллагаанаас болж амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалд зориулж Улаанбаатар хотод нэг хоногийн эмгэнэл зарлах нь зүйтэй. Монголчууд бид цөөхөн. Нэг хүн ч гэсэн зуурдаар амь насаа алдах нь нөхөж баршгүй гарз. Тийм учраас ар гэрийнхэнд нөхөн олговор яаралтай олгох хэрэгтэй. Хорт түлшний улмаас угаартаж нас барсан хүмүүсийн учир шалтгааныг маш яаралтай олох хэрэгтэй. Энэ хүмүүс өөрсдөө буруутай гэсэн тайлбар ерөөсөө байж болохгүй. Энэ үйлдэлд яаралтай эрүүгийн хэрэг яаралтай үүсгэх хэрэгтэй” гэв.
ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг “Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдэг үлгэр болж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг чинь хүний эрхийг хангадаг тогтолцоог бий болгоход л оршдог шүү дээ. Сүүлийн үед сайжруулсан түлшнээс болж сэтгэл гонсойлгом, харамсалтай үйл явдал гарч байна. Сүүлийн арван жилд Засгийн газраас утааны эсрэг хагас тэрбум гаруй ам.доллар зарцуулсан. Мөн гэр хорооллын иргэд 1.7 хувиар ихэссэн. Өвөл ч болоогүй байхад энэ олон хүн амь насаа алдлаа. Үүнд хариуцлага хүлээдэг хүн гэж байхгүй, өөрсдийгөө зөвтгөдөг болсон байна. Иргэдийнхээ эрүүл амьдрах нөхцлийг монголын төр бүрдүүлж чадахгүй байна. Үндсэн хуулийг үндсээр нь шинэчлэх хэрэгтэй” гэлээ.

Эх сурвалж “Зууны мэдээ сонин" 2019.10.10 №201 (6168)