УИХ-ын 30 гаруй гишүүд холбогдоод байгаа “ЖДҮ”-ийн хэргийн гол буруутан нь УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болж хоцроод байх шиг байгаа юм. Хууль хяналтын байгууллага түүнийг шалгаж байна.

Тиймээс түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ дагуу УИХ хэлэлцээд “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн байдаг юм.

Тэгвэл уг асуудлыг УИХ-ын Байнгын хороод, Нэгдсэн чуулганаар хэлэлцэхийн өмнөх өдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Тэр хурлын үеэр гишүүд юу ярьж, ямар байр суурь илэрхийлж байсныг “Зууны мэдээ” сонин хүргэж байна.

МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болжээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Б.Жамбал, Ц.Энхжаргал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, Ба.Цэцэгдэлгэр, референт Бс.Цэцэгдэлгэр нар оролцжээ.

Харин УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, Л.Энхболд, Чөлөөтэй: Ц.Гарамжав, Д.Сумъяабазар нар өвчтэй, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар гадаадад, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн нар томилолттой, Т.Аюурсайхан, С.Батболд, Ж.Ганбаатар, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, А.Сүхбат, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар хуралдаа очоогүй байна.

….Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “…Батзориг сайдын хувьд бүгдээрээ ойлгож байгаа. Би ч гэсэн Ерөнхий сайдын хувьд их харамсаж байна. Уг нь ажлаа их сайн хийж байсан сайд. Гай газар дороос гэдэгтэй адилхан энэ ЖДҮ-гийн асуудал үүслээ. Яасан ийснийг нь би одоо хэлж чадахгүй. Ний нуугүй хэлэхэд зээл  авчихсан хүмүүсийг хувьдаа ашиглаад, зориулалтын бусаар зарцуулчихсан юм гайгүй болов уу гэж найдаж байгаа. Гэхдээ хамгийн гол нь ёс зүйн алдаа болчихож байгаа юм. Хариуцлагатай албан тушаал хашиж байгаад, хувийнхаа компанид, хувийнхаа нэр дээр, гэр бүлдээ зээл авчихсан. Яах ч аргагүй ёс зүйн алдаа. Олон түмэн ингэж харж байгаа. Сонгогч олон чинь ингэж бодож байна. Бид зөв зүйл гэж бодлоо гэхэд нийгэм үүнийг чинь буруу гэж харж байна. 98 хувь нь буруу гэж байна лээ. Би энэ чиглэлээр судалгаа хийлгүүлсэн. 98 хувь нь шүү. Хоёр хувь нь “…Мэдэхгүй” гэсэн хариулт өгсөн. Сүүлийн үед жаахан судалгаанууд хийгээд байгаа. Хэрэг эрхлэх газраас ч хийж байна, судалгааны байгууллагуудаар ч хийлгэж байна. Одоо барин тавин юм ярьсны хооронд барагцаатай ярья гэж бодоод бас шинжлэх ухаанч байя гэсэн үүднээс судалгаа хийгээд, нийгмийн сэтгэл зүйг бас жаахан хараад байгаа. Түүн дээр тийм дүгнэлт хэлж байна лээ шүү. Өчигдөр би намын удирдлагуудад тоо баримтыг нь хэлсэн.

Би өнөөдөр Намын даргын хувьд үүн дээр байр сууриа илэрхийлсэн. Ер нь би энэ чиглэлээр ерөөсөө дуугараагүй өнөөдрийг хүрсэн. Дуугарах гэхээр юугаа ч ярих билээ. Хуйхаа маажиж “…Бидний зөв” гэж ярилтай нь биш. “..Хөөрхий манай муу ядарсан хэдэн гишүүд та нартай адилхан ядуу зүдүү амьдралтай. Жирийн иргэнээс дутаад байх юу байх вэ. Адилхан амьдралаа залгуулж явж байгаа юм. Тэгээд авсан байна лээ” гэж хэлэлтэй биш. “…Аж ахуй эрхэлж байгаа нь аж ахуйдаа авсан байна лээ” гэж хэлэлтэй биш. Хэлэх үг олдохгүй ийм асуулт, ийм хариулт болж байна. Тийм учраас миний нөхдүүд үүнийг зөвөөр ойлгох ёстой. Ондоо багтааж авсан зээлээ төл. Дээрээс нь уучлалт гуй. Энэ бол ёс зүйн асуудал. Ёс суртахууны асуудал. Цаашид дэг жаяг тогтоно. Улс төрийн соёл бий болно.

Ер нь улстөрч хүн, удирдагч хүн алдаа оноотой юм хийсэн бол түүнийхээ төлөө ард түмнээс уучлалт гуйдаг байх хэрэгтэй. Тийм чадвартай байх хэрэгтэй. Энэ хөгжсөн орнууд чинь тэрийг чинь их том үзүүлэлт гэж үздэг юм байна лээ. Буруу, зөрүүтэй үйл ажиллагаагаа ойлгосон байна. Алдаа дутагдлаа ойлгосон байна. Дахиж ийм асуудал гаргахгүй юм байна гэж үздэг. Энэ улс чинь хөгжиж байгаа шүү дээ. Улс төрийн бид нар чинь бас өөрсдөө хөгжих ёстой. Тийм учраас алдаа гаргасан бол уучлалт гуйх нь зүйтэй гэж хэлье. Ер нь манай намаас шалгагдах ёстой хүмүүс байгаа юм байна лээ. Надад бас зарим хууль хяналтын хүмүүс яриад байгаа. Огцом баяжсан, нүүрстэй холбоотой асуудалтай. Би зарим нэгийг нь шалгуулахаас өөр байдал гарцгүй болж байгаа шүү. Намын даргын хувьд үүнийг хэлчихье. Хууль бас хатуу юм байна лээ шүү.

Би ч гэсэн энэ хуулийн хайчин дунд явж үзсэн хүн. Жаахан юмнаас болж хүн бурууддаг юм байна лээ. Би та бүхэнд түүхээ хэлж байсан. 10 сая төгрөгийн үнэтэй фургоныг хандиваар аваад намдаа хандивласны төлөө би 5.2 жилийн ял сонсож байсан юм. Шүүхээр бүр таслуулж байсан. Энэ түүхийг та бүгд мэднэ. Тэгэхэд би УИХ-ын гишүүн байсан. Харин бүрэн эрхтэй байсан тулдаа ачигдалгүй үлдэж байсан юм. Хожим нь хоёр дахь шатны шүүх үүнийг авч үзээд “…Энэ бол гэм буруугүй юм байна гэдэг нь тогтоогдоод хувьдаа аваад, идээд, уугаад ашиглаад, шамшигдуулсан зүйл байхгүй юм байна” гэдгийг нь тогтоосноор энэ ажил дуусч байсан түүхийг Нямдорж сайдаас авахуулаад манай ахмадууд сайн мэднэ. Их л зовлонтой байдаг юм. Хоёр жил хууль шүүхийн үүд сахисан. Сонгуульд нэр дэвшиж чадаагүй. Хүний амьдрал, гэр бүл, үр хүүхэд, хань ижил, найз нөхөд хувь хүний нэр хүнд гээд олон асуудал үүн дээр хөндөгдөж гардаг юм байна лээ. Тэгэхдээ яах вэ, үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж үг байдаг. Хулгайлаад идэж, уучихаагүй учраас хожмын өдөр тэр нь үнэн мөнөөрөө тогтоогдоод улс төр байсан юм байна гэдэг нь яригдаад, хэлэлцэгдээд олон түмэн зөв зүйтэй ойлгоод өнгөрсөн юм.

Хэрвээ үнэхээр хулгай хийсэн бол өдийд би Ерөнхий сайд ч юм уу, Намын дарга болохгүй байсан байх. Тэгэхдээ хүний цаг хугацаа, гэр бүл, үр хүүхдийн амьдралд хүндээр тусдаг юм байна лээ. Үүнийг хэлчихье. Ер нь манайхан болгоомжтой бай гэж би хэлж байгаа шүү дээ. Хууль битгий зөрч. Гишгэсэн газраа эргэж байнга харж явж бай. Хариуцлагатай алба хашиж байна. Олны танил болсон. Жирийн иргэн ийм зээл авсан бол хэн ч, юу ч ярихгүй. Зориулалтын бусаар ашигласан ч хүн юм ярихгүй. Та бид нар олны өмнө ажиллаж, амьдарч байгаа, хариуцлагатай алба хашиж байгаа олон түмнээс сонгогдсон хүмүүс учраас бидэн дээр чиглэсэн олны хурц хараа маш их байгаа юм.

Тэгээд манай парламентын нэр хүнд тааруу байгаа шүү. Олон удаагийн судалгаагаар гарч байгаа. Би гишүүдээсээ нэг л зүйлийг хүсч байгаа. Та нар судалгааны байгууллагуудад захиалга өгөөд тойрог, тойрог дээрээ судалгаа хийж үз. Өөрсдийнхөө нэр төр, рейтинг ямархуу байна. Намын чинь нэр хүнд ямар байна. УИХ, Засгийн газар ямархуу нэр хүндтэй байна. Дараагийн удаа би нэр дэвшвэл гарах нь уу, үгүй юу. Одооноос судалж олон түмний хүсч хүлээгээд байгаа зүйлийг нь хийдэг, ярьдаг байхгүй бол зүгээр тойрог дээрээ очиж хүнтэй уулзчихаад хэдэн цаас гаргаж төсөв суулгаж, сургууль, цэцэрлэг барьснаар дараагийн сонгуульд ялна гэвэл худлаа юм байна лээ шүү, гишүүд ээ. Яах вэ, дэм тус болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр бол худлаа. Одоо нийгэм шударга ёсыг хүсээд байгаа. Над руу маш олон хүмүүс мессеж бичиж байгаа. Би өглөө зарим нэг дарга нарт танилцуулж байсан юм. Ард түмэн ядуу зүдүү байна. Амьдрал ахуй нь тарчиг байна. Тэгэхдээ түүнээс илүүтэй шударга ёс, сахилга хариуцлага, дэг журамгүй байгаа байдалд бухимдаж байна. Тэр тусмаа ажил төрөл хийж байгаа хариуцлагатай албан тушаалтнууд ийм асуудалд холбогдоод байгаад дээд зэргээр бухимдаж байгаа.

Тэгээд тэр бүх гал манай УИХ дээр ирж байгаа. Сөрөг хүчин яах вэ, ажлаа өгөөд явчихсан хүмүүс. Ард түмэн тэдний муу муухайг нь мэдэж байна. Тэгэхдээ тэд нарт өгч байгаа даралт, бидэнд өгч байгаа даралт хоёр их ондоо байна. Бидэн дээр илүү их даралт нь ирж байгаа. Хөгжлийн банкны асуудал, үнэ тогтворжуулах гээд хулгай хийсэн хүмүүс зөндөө байгаа. Хуулийн сайд энд сууж байна. Миний ойлгож байгаагаар тодорхой хэрэг үүсгээд шалгагдаад явж байгаа юм байна лээ. Тийм учраас цаашдаа их анхаараарай. Том том ярьдаг нөхдүүд дараа нь хэрэг төвөгт холбогдов оо. Ард түмний хараа хурц шүү. Харин би хуулийнхнийг бас наанатай, цаанатай юмыг ойлгож, бас хүн ёсоор гарц гаргалгааг нь харж юм ярьж байгаа гэж мэдэрч байгаа. Миний мэдрэмж энэ. Тэрнээс биш юм яривал энэ дотроос нэлээдгүй олон гишүүд асуудалд орох юм байна лээ шүү” гээд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат руу харж “…Олны хажууд яриад яах вэ, хийсэн хэргээ өөрсдөө мэдэж байгаа биз. Чи одоо юм ярихаар том, том загнаад байх юм. Зарим нэг залуу гишүүн бие хаагаа зөв авч явж бай, жаахан ах захаа бодож бай гэж эртээд Нямдорж сайд зөндөө хэлсэн шүү дээ. Анх удаа парламентад сонгогдчихоод урд нь төрийн ажил хийгээгүй байж нэг л их 50, 60 гарчихсан настай хүн шиг байх юм. Захиас  захиад, хүнд сургамж айлтгаад өөрийгөө эхлээд зөв авч яв л даа. Дараа нь ах нартай юм ярьж бай, за юу. Юманд чинь ах захын ёс гэж байдаг юм. Битгий хэрүүл хийгээд бай чи. Битгий биеэ тоогоод бай, за юу. Хүүхэд байхдаа хөөрхөн ааштай банди байсан. Одоо жаахан албан тушаалд хүрээд ирэхээрээ биеэ тоогоод том, том алхаад байх юм. Зөндөө л албан тушаал хашлаа, хүмүүжих хэрэгтэй шүү дээ. Чи эртэй бяртайдаа алба хашаагүй шүү. Хүний хэлсэн, ярьсан юмыг бас сонсож байх хэрэгтэй, залуу минь. Чамайг бодвол би 10 жилийн илүү оймс элээчихсэн. 20 жил илүү оймс элээсэн хүмүүс байна. Хоёулхнаа уулзахаар шал ондоо юм ярьчихаад, хүн харахаараа ондоо яриад байх юм. Ийм байна. Одоо би жаахан хатуу байна гэж бодож байгаа шүү. Хайрлах нэгийг нь зөндөө хайрласан. Хамгаалах нэгийг нь хамгаалсан. Одоо ард түмэн цохилт үзүүлж байгаа. Намын олон түмэн ч гэсэн “…Хүрэлсүх ээ, чиний яриад байсан юм чинь хаана байна. Нөгөө шударга ёс тогтооё гэсэн чинь хаана байна. Хууль дүрэм барьж ажиллана гэсэн хаана байна” гэж байгаа. Одоо би үүнийгээ хэрэгжүүлж эхэлж байгаа шүү. Битгий гомдоорой.

Дээр нь бид цаашдаа Үндсэн хуулийнхаа асуудлыг ярих зайлшгүй шаардлага байна. Бидний тогтолцоо явахгүй байна. Би өнөөдөр ч гэсэн парламент дээр хэлсэн. Ерөнхий сайд нь гэж шүдгүй арслан, юм нь явж өгдөггүй. Шаардлага тавихаар нь биелүүлдэггүй. Хууль дүрэм ярихаар хэрэгждэггүй. Иймэрхүү нөхцөл байдалтай байна шүү дээ. 27 жил ингэж явлаа.

Бид нар их том хавдартай болчихсон юм байна. Улс маань ч том хавдартай болсон байна. Нам маань том хавдартай болчихжээ. Энэ хавдрыг эмчлэх гэж бид нар нэлээдгүй ажилласан. Харамсалтай нь энэ өвчин ужиграад эмчилгээ авахаа байчихсан байна. Одоо мэс засал хийж, огтолж хаяхаас өөр аргагүй болсон байна. Тийм учраас Ерөнхий сайд, Намын дарга өнөөдрөөс эхлээд энэ хавдрыг огтлох тухай асуудлаа ярина. Би үүнийг та бүхэндээ албан ёсоор энэ өдөр хэлчихье. Энэ хавдрын огтолгоонд миний нөхдүүд өртөж гомдохыг үгүйсгэхгүй байх. Би том эрх ашгийн төлөө, ирээдүй хойч үр хүүхдийнхээ төлөө энэ ажлыг хийхээс өөр аргагүй ийм нөхцөл байдал үүслээ. Үүнийг харин хэлье.

Энэ Хөгжлийн банктай холбоотой асуудлыг Нямдорж сайд анхааралдаа авч шуурхайлъя. Ийм зүйл байна. Журмын нөхөд өө, баярлалаа” гэв.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин 2019.10.7  №198 (6165)