Т.САЙХАН

УИХ-ын чуулганы хуралдаанаар  хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөхтэй холбоотой заалтууд, “бусдыг гүтгэх” хэмээх Зөрчлийн хууль дахь заалтыг Эрүүгийн хуульд оруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг зөрчлийн хугацаа тоолох зохицуулалттай уялдуулж, улмаар зарим гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг боловсронгуй болгохоор өөрчилсөн байна. Мөн аргагүй хамгаалалтын зохицуулалтад хамрах хүрээг өргөжүүлж, эрх хасах, хорих зэрэг зарим ялын хэмжээтэй холбоотой зохицуулалтын зөрчлийг арилгасан гэсэн юм.

Өнгөрсөн тавдугаар сард их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдсон мэргэжлийн хяналтын байцаагч нар хөөх хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслээр ял завшсан хэрэг  гарсан. Нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэх санал гаргаснаар уг хэргийг дахин шалгахаар болоод байна.

Уг хэрэгтэй холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацааг өөрчилж, авлига албан тушаалын хэрэгтнүүдэд ял завших боломж олгосон буруутныг олон нийт хайх болсон. Тухайн үед Хууль зүйн байнгын хороон даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг буруутай хэмээн одоогийн байнгын хороон дарга Х.Нямбаатар мэдэгдээд буй. Гэвч хөөх хэлэлцэх хугацааг өөрчлөх ажлын хэсэгт Х.Нямбаатар гишүүн өөрөө байсан бөгөөд уг саналыг ажлын хэсгээс оруулсан гэдгийг Ш.Раднаасэд гишүүн чуулганы хуралдааны үеэр хэлсэн юм.

Түүнчлэн хуралдааны үеэр Х.Нямбаатар гишүүн Ш.Раднаасэд гишүүнээс уучлал гуйв. Тэрээр “Батлагдаж, нотлогдоогүй, олон нийтийн сүлжээгээр явсан асуудалд Ш.Раднаасэд гишүүний нэрийг нь холбогдуулсандаа албан ёсоор уучлал гуйж байна” хэмээсэн. Учир нь хэрэгт холбогдсон мэргэжлийн хяналтын байцаагч нар Ш.Раднаасэд гишүүнд хахуулийн мөнгөнөөсөө хувь өгдөг байсан гэсэн байдаг.

Эх сурвалж:www.polit.mn