П.Мандах

Монгол Улс Баялгийн сантай болох талаар цөөнгүй жил ярьсан. Гэхдээ ийм сантай болж чадалгүй өнөөг хүрсэн. Гэтэл манайх шиг байгалийн баялагтай улсад Баялгийн сан байгуулах боломжтой гэдгийг дэлхийн нэлээдгүй улс орон нотолсон байдаг. Тухайлбал, таван сая гаруй хүн амтай Норвеги улс. Энэ улс нь дэлхий дээр хамгийн нэр хүндтэй, хамгийн том хэмжээний баялгийн сан болох Засгийн газрын тэтгэврийн санг байгуулсан. Энэхүү сандаа тэд их наядаар хэмжигдэх ам.долларыг хуримтлуулжээ. Энэ нь Засгийн газрын зардлыг санхүүжүүлэх чухал эх үүсвэр болдог байна. Ингээд үргэлжлүүлбэл Баялгийн сан эдийн засгийнх нь гол тулгуур болж чадсан байгаа юм.
Бас Азербайжан улсын бие даасан баялгийн сан болох Улсын газрын тосны сан (СОФАЗ)-нь 1999 онд байгуулагдсан. Тус сан нефть, байгалийн хийн салбараас олсон орлогыг төвлөрүүлж, ирээдүйд үр ашигтайгаар зарцуулах зохицуулалтыг хийх үндсэн үүрэгтэй. Байгалийн баялгаас олсон орлогыг уг санд төвлөрүүлж, зарцуулалтыг ил тод байлгадаг байна.
Харин Монгол Улс Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтдөө Баялгийн сантай болох талаар хөндлөө. Магадгүй, Үндсэн хуульд орох гялайх ганц өөрчлөлт нь энэ болж таарч байна.
Баялгийн сангийн талаар манай улстөрчид, эдийн засагчид, судлаачдын хэвлэлд өгсөн ярилцлага болоод олон нийтэд хандаж мэдээлэл өгөхдөө илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга “Бид гол үзүүлэлтүүдээрээ баялгийн засаглал султай, дундаас доогуур болон дундаж орчим л явна. Тэгэхээр Баялгийн засаглалын асуудлыг оновчтой болгох бодлого гаргаж, хэрэгжүүлэхгүй бол иргэд баялгийнхаа үр шимийг хүртэх магадлал улам хумигдаж болзошгүй байна. Судлаачид Монголд баялгийн засаглалын тал дээр хангалттай тооны хууль дүрэм байдаг ч тэдгээрийг амьдралд хэрэгжүүлдэггүйгээс ойлголтын ихээхэн зөрүү үүсч байгааг онцолсон байдаг. Бид Үндсэн хуулийнхаа Зургадугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Харамсалтай нь, өнөөгийн түвшинд байгалийн баялаг ард түмэнд очихгүй байна.
Өнөөдөр бид байгалийн баялгаа ашиглаж байгаа боловч баялгаас нь иргэд хүртэхгүй байна. Лиценз гэдэг нэрээр газрын баялгийг хувь хүн, компаниуд аваад эргээд лицензээр баялгийг худалддаг болсон. Үр дүнд, нь 1990 оноос хойш бүх хүн өр, зээлтэй болсон байна. Улс өөрөө 30 орчим тэрбум ам.долларын өртэй боллоо. Энэ тал дээр дүгнэлт хийж, хууль тогтоомжоо биелүүлдэг болох талаар бид ярилцах ёстой. Өнөөдөр Монголд байгаа иргэд бүгд л байгалийн баялгаа ашиглаж, иргэдэд хүртээмжтэй болгох асуудлыг ярьж байна. Улс төрд орж, албан тушаалд очиж, баялгийг түшиглэж байж улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн асар их баяждаг болсон. Үүнийгээ бахархалтайгаар ярьж, дахин албан тушаалд очиж, зарим нь Элчин сайдаар хүртэл томилогддог болсон байна. Үүнийг хэн ч ярихгүй байна.
УИХ-ын гишүүн, хуулийн төсөл боловсруулах ажлын багийн ахлагч Д.Лүндээжанцан “Төслийн 6.2 дахь заалт буюу “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална” гэснийг өөрчлөх болжээ. Уг заалтыг “Байгалийн баялгийг Тогтвортой хөгжлийн бодлогод тулгуурлан үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бататгах, хүрээлэн байгаа орчны тэнцвэрт байдлыг хадгалах, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй эрхийг баталгаажуулах зорилгоор Баялгийн сан байгуулж, иргэн бүрт тэгш, шударга хүртээх зарчмаар Монголын ард түмний сайн сайхны зорилгод нийцүүлэн ашиглана. Иргэд байгалийн баялаг ашиглахтай холбоотой аливаа үйл ажиллагааны талаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр мэдээлэл авах, мэдэх эрхтэй”гэжээ.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Анх би чуулган дээр Баялгийн сан байгуулъя гэсэн санал гаргаж байсан. Хуучин Үндсэн хууль дээр эдийн засгийн тухай зүйл заалт байгаагүй, одоо ч гэсэн алга гэдгийг хэлсэн. Эдийн засгаа харгалзан үзэж, Баялгийн сантай болох хэрэгтэй. Манайх шиг байгалийн баялагтай улсууд Баялгийн сан байгуулж, хямралд өртөхөөс сэргийлдэг. Мөн тэр сангаараа дамжуулан жижиг дунд үйлдвэрлэл, төслүүдийг дэмждэг. Энэ тухай өмнөх УИХ ч бас олон ярьсан. Норвеги зэрэг улсуудаас ч туршлага судалж байсан. Тэд нэг их наяд еврогийн Баялгийн сан хуримтлуулж чадсан байна. Тус сангийн тусламжтай тэдгээр улсын эдийн засагт ямар нэгэн хэлбэлзэл үүсдэггүй. Манай улсад ийм сан хэрэгтэй. Нэг улс төрийн нам гарч ирээд хэрэгжүүлсэн бодлого нь сөргөөр нөлөөлж, эдийн засаг хямрахаас сэргийлэх хэрэгтэй. Ийм зүйл байхгүйгээс үүдэж өнөөдөр бидний өр улам нэмэгдэж, ААН-үүд дампуурч байна. Энэ бүхэн эрсдэлийн болоод Баялгийн сан байхгүйтэй холбоотой.Ерөнхийлөгч ч бас ийм утгатай санал гаргасан. Бид энэ тухай хэлэлцэнэ. Нэмж хэлэхэд миний хувьд Үндсэн хуульд эдийн засгийн тухай зүйл, заалт заaвал тусгаж өгөх цаг нь болсон гэж үзэж байгаа”гэсэн байна.
Энэ мэтчилэн Монгол Улсад, монголчууд бидэнд Баялгийн сан хэрэгтэй нь бусад улс орнуудын туршлагаас ч, бидний амьдралаар ч нотлогдоод байгаа юм. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн дүнд Баялгийн сантай болох нь улс төрийн тогтолцооны асуудлаас илүү чухал гэсэн үг.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин