УИХ-ын 30 гаруй гишүүн холбогдоод байгаа “ЖДҮ”-гийн хэргийн гол буруутан нь УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болж хоцроод байх шиг байгаа юм. Хууль хяналтын байгууллага түүнийг шалгаж байна. Тиймээс түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ дагуу УИХ хэлэлцээд “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн байдаг юм.
Тэгвэл уг асуудлыг УИХ-ын Байнгын хороод, Нэгдсэн чуулганаар хэлэлцэхийн өмнөх өдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Тэр хурлын тэмдэглэлээс “Зууны мэдээ” сонин хүргэж байна.

МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болжээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Б.Жамбал, Ц.Энхжаргал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, Ба.Цэцэгдэлгэр, референт Бс.Цэцэгдэлгэр нар оролцжээ.

Харин УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, Л.Энхболд, Чөлөөтэй: Ц.Гарамжав, Д.Сумъяабазар нар өвчтэй, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар гадаадад, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн нар томилолттой, Т.Аюурсайхан, С.Батболд, Ж.Ганбаатар, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, А.Сүхбат, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар хуралдаа очоогүй байна. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хуралдааныг удирдаж, хэлэлцэх асуудлыг танилцуулаад “…Энэ хуулийн хугацаатай. 48 цагийн дотор шийдэх ёстой. Ингээд маргаашийн 12:00 цаг гэхэд энэ асуудлыг хэлэлцсэн байх учиртай. Тиймээс өнөөдөр бүлгээр хэлэлцэж шийдвэрээ гаргая” гэлээ.
Дараа нь УИХ-ын дарга М.Энхболд прокурорын бичгийг танилцуулж “…Дэгийн хуульд заасны дагуу бол бичиг ирснээс хойш ажлын хоёр өдөр буюу 24 цагийн дотор УИХ энэ асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргана. Би өчигдөр энэ бичгийг бол ирсний дараа Намын даргад танилцуулсан. Бас зарим дарга нар ярилцаад, ямар ч байсан Засгийн газраас, сайдаас чөлөөлүүлэх энэ асуудлыг өнөөдөр шийдье гэж тохирсон. Одоо бүлгийн хурлын дараа Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаад маргааш өглөө 9:00 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулаад, энэ асуудлыг хуульд заасан хугацаанд нь багтаан шийдвэрлэе гээд холбогдох хүмүүс бэлтгэлээ хангаж байгаа” гэжээ.

УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар хамгийн түрүүнд үг хэлсэн хүн нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат байв. Тэрээр “…Энэ их амаргүй асуудал. Бид 65 дотроосоо нэгийгээ явуулсан. Одоо 64 дотроосоо дахиад нэгийгээ явуулах уу, үгүй юу гэдэг асуудал ярих гэж байна. Хэцүү асуудал шүү дээ. Би дүрэм, журам зарчмынхаа дагуу ярья гэдэг горимын санал гаргаж байгаа юм. Энэ намд сүүлийн үед дүрэм, журам, зарчим алдагдаад удлаа. …УИХ-ын гишүүнийг Их Хуралд нэр дэвшүүлэхэд Намын Удирдах зөвлөл нэр дэвшүүлдэг. Намын Бага хурал нэр дэвшүүлдэг. Удирдах зөвлөлөөс гараад. Одоо энэ энэ гишүүнийг эгүүлэн татуулах асуудал дээр Намын Удирдах зөвлөлд нэр дэвшүүлсэн, Намын Удирдах зөвлөл улс төрийн шийдвэр гаргах ёстой. Гантулга гишүүнийг эгүүлэн татах дээр ийм зарчим алдагдаад явсан шүү. Тухайн үед би хуралд байхгүй, Эрхүүд ажилтай явж байсан. Занданшатар сайд бид нар. Одоо энэ нэр дэвшүүлсэн энэ бүрэн эрхтэй улс төрийн шийдвэр гаргаж нэр дэвшүүлдэг нь байгууллага нь эргүүлээд энэ хүмүүсээ татах асуудлаар улс төрийн шийдвэр гаргах ёстой. Намын Удирдах зөвлөлийг хуралдуулах ёстой гэж би бодож байна.

Сүүлийн нэг жилийн дотор Намын Удирдах зөвлөл хоёр, гуравхан удаа хуралдлаа. Содбаатар сайдыг томилоход хуралдлаа. Халтар дэд сайдыг томилоход нэг хуралдлаа. Бусад бүх аймгийн дарга нарыг, Нийслэлийн намын хорооны даргыг шийдэхэд нэг хуралдсан. Бүгдийг нь мессэжээр, е-майлээр авч байгаа шүү дээ. Энэ зарчмыг бид хэзээ болих юм. Тийм учраас би дүрэм журмынхаа дагуу, зарчмынхаа дагуу явъя гэсэн ийм зарчмын бөгөөд горимын саналыг гаргаж байна. Намын Удирдах зөвлөл хуралдаж ер нь энэ үүсээд байгаа нөхцөл байдлаа ярих хэрэгтэй гэсэн горимын санал гаргав.

Ингэхэд Бүлгийн дарга Д.Хаянхярваа МАН-ын дарга У.Хүрэлсүхэд микрофон шилжүүлсэн боловч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “…УИХ-ын гишүүний асуудал ярьж байна, тийм биз дээ. Ноцтой асуудал яриагүй биз дээ” гэчихэв. Дараа нь Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “…Миний хэлэх гэж байсан зүйлийг Энхбаяр хэлчих шиг боллоо доо. Тийм практик байхгүй. Удирдах зөвлөл дээр нэр дэвшүүлэх асуудлыг ярьдаг. Эгүүлэн татах тухай асуудал дээр ярьж байсан тохиолдол байхгүй ээ” гэж хариулав.
Араас нь Бүлгийн дарга Д.Хаянхярваа санал хэлэх гишүүдийн нэрсийг авсан байна. Ингээд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “…Бид нэгийгээ явуулах тухай ярихаас өмнө Намын дарга, Ерөнхий сайд ямар байр суурьтай байгааг сонсмоор байна. Бид нар чинь бүх асуудал дээр Намын дарга ямар байр суурьтай байна вэ гэдгийг сонсоод, тэрийг нь тойрч ярьдаг. Ерөнхийдөө Намын даргын, Ерөнхий сайдын байр суурийг дэмжих чиглэлээр асуудалд хандаад явдаг шүү дээ. Одоо энд 30 хэдэн хүн суугаад өөрийн байр сууриа илэрхийлээд, шууд өөрсдөө тэгэх нь зөв, ингэх нь зөв гээд яриад явах нь учир дутагдалтай байна. Цаанаа ямар улс төрийн нөхцөл үүсээд байгааг одоо жирийн бүлгийн гишүүд бид нар сайн мэдэхгүй байна. Үнэхээр Ерөнхий сайдад, УИХ-ын даргад улс төрийн нөхцөл байдал цаанаа нэлээн ярвигтай хүнд байгаа нөхцөлд ингэж шийдвэр гаргамаар байна, нөхөд өө. “…Ер нь өнгөрсөн хугацаанд 2016 онд гарч ирээд, бид нар УИХ-ын сонгуульд баахан хариуцлага яриад гарч ирсэн. Чингис, Самурай бонд, Хөгжлийн банк өчнөөн олон зуун тэрбумаар нь зувчуулаад бүр алга болгоод, хулгайлаад идчихсэн юмыг хариуцлага тооцуулна гэж гарч ирээд, нэг ч хүнтэй хариуцлага тооцоогүй. Хариуцлага тооцох гэж байгаа юм шиг болж ирээд хуйвалдаж алга болсоор байгаад өнөөг хүрлээ шүү дээ. Хөгжлийн банк, Чингис, Самурай бондод мөнгө зувчуулсан нөхдүүд хуйвалдаад аваад үлдэж байна гэж харагдаж байна шүү дээ, бид нарт. Нэр бүхий хүмүүсийг овоо шалгамаар болж ирснээ алга болчихсон. Одоо нөгөөдүүл нь түрүүчээсээ хэрэгсэхгүй болж байгаа юм сонсогдоод эхэллээ. Ямар нь ингэж болоод, ямар нь ном журмаараа ажлаа хийж явж байгаад, ийм байдалд ордог юм бэ. Тэгээд ч ганцхан Батзориг гэдэг хүний асуудал биш. Үнэхээр түүндээ тулаад Батзориг гишүүний бүрэн эрх нь түдгэлзэхдээ тулаад явах юм бол энэ Засгийн газрын асуудлын эхлэл болно шүү. Би тэгж харж байна. Олон гишүүн үүнтэй байр суурь нэг байгаа байх гэж бодож байна” хэмээв.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “…ЖДҮ-гийн зээлийн асуудлаар нийгэмд жинхэнэ давалгаа үүсчихээд байна л даа. Үүнийг би зөв гэж байгаа юм биш. Ний нуугүй хэлэхэд ийм олон гишүүдээс гадна төрийн алба хашдаг томчууд, прокурор, цагдаагийнхнаас авахуулаад ийм хүмүүс ЖДҮ-ээс зээл авсныг сонсоод гайхаж байна. Тэгэхдээ энэ ганцхан энэ жил биш. Урьд өмнө хоёр, гурван жилийн өмнө ч гэсэн яг л ингэж авч байсан шүү дээ. Энэ болгоныг гаргах хэрэгтэй гэж хэлмээр байна. Тэгээд үүн дээр сөрөг хүчин, Ерөнхийлөгч хүртэл алгаа үрээд, алга ташаад ёстой шархан дээр нь давс үрнэ гэгч болж байх шиг байна. Өнөөдөр Ерөнхий сайд маань индэр дээрээс “…Уучлалт гуйх хэрэгтэй. Уучлалт гуйхгүй бол тэр хүмүүсийг сонгуульд дэвшүүлэхгүй шүү” гэж хэллээ. Одоо уучлалтыг ээлж ээлжээр, нэг нэгээрээ уучлалт гуйх юм уу. Эсвэл нийлж байгаад гуйх юм уу. Үүнийг бас асуучихъя. Ер нь уучлалт гуйна гэдэг чинь эргээд бас л нэг улс төрийн асуудал. Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө гэгч болно доо. ЖДҮ-ээс зээл авчихаад зориулалт бусаар банк бус руу явуулчихсан, уул уурхай, худалдаа наймаа руу оруулчихсан хүмүүс уучлалт гуйх хэрэгтэй шүү” гэв.

Түүний дараа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “…Бид нар амаргүй юмтай тулсан. Энэ нь тэгээд энэ удаагийн тулгалтаар дуусахгүй юм шиг байна даа, янз нь. Одоо маш том ацан шалааны дунд бид нар ирлээ дээ. Бөөрөө нийлүүлж явж байгаа намын журмын нөхрөө өгөөд явуулах уу, тавиад туух уу гэдэг. Хувь хүнийхээ хувьд энэ чинь хүн чанарын асуудал шүү дээ. Хүний амьдралын асуудал. Маш хэцүү шүү дээ. Аваад үлдэх юм бол хулгайч нар нийлж байгаад, хулгайчийг хамгааллаа гэдэг ийм PR-ийг чинь одоо бэлдсэн байж байгаа шүү дээ. Тийм юм явуулаад эхэлсэн. Тэгвэл одоо УИХ тарах асуудал тавьсан байгаа. УИХ тар, энэ бүтэхгүй юм байна гээд маргаашнаас эхлээд нийгэм шуугих ийм хоёр үнэхээр их хүнд асуудлын дунд бид нар байна. Миний тэр яриад байгаа юм бол үүн дээр улс төрийн шийдвэрийг намын Удирдах зөвлөлөөс гаргах ёстой. Яг үүн дээр, бас Батзориг сайдын асуудал дээр бид нар Ерөнхий сайд ямар байр суурьтай байгаа вэ. Намынхаа УИХ-ын гишүүний асуудал дээр Намын дарга ямар байр суурьтай байгаа юм бэ. Ерөнхий нарийн бичгийн дарга ямар байр суурьтай байгаа юм бэ. Үүнийг бид нар сонсохгүйгээр цаашаа явах боломжгүй шүү дээ” гэж байр сууриа илэрхийлэв.
Үргэлжлэл бий…

Эх сурвалж: Зууны мэдээ сонин