Ё.Загдсүрэн /Монгол Улсын Төрийн соёрхолт, доктор (Ph.D). Проф/

Б. Мандах /Монгол Улсын Төрийн соёрхолт, Зөвлөх мал зүйч/

Г.Алтангэрэл /Монгол Улсын Төрийн соёрхолт, Зөвлөх мал зүйч/

Д. Буянхишиг /Монгол Улсын Гавьяат мал зүйч, доктор (Ph.D)/

Т. Гомбосүрэн /МААЭШХ-ийн төслийн удирдагч асан, бонитёр-зоотехникч/

Д. Шомбодон /Эдийн засгийн ухааны доктор (Ph.D), Зоо-инженер/

Д. Буяндалай /Хөдөө аж ухааны доктор (Ph.D), Проф.Зөвлөх мал зүйч/

Мал аж ахуйн бодлого дампуурч, бараан сүүдэр нь улам бүр томорч байгааг олон зүйлээр нотолж болох ч малын ашиг шим, чанарыг сайжруулах   хамгийн нөлөөтэй хүчин зүйл болох үржил-селекцийн ажлын тухайд  санаа сэдэл авахуулах үүднээс зарим асуудлыг хөндөж байна.

Уран сайхны нэг кинонд Хатан хаан шадар түшмэдүүдээ  цуглуулаад  шилэн хоргонд хийсэн азарган тахиа үзүүлж:

-Энэ шувуу алтан гургалдай мөн, тийм үү гэхэд нэгэн түшмэл ихэд зориглон:

-Биш ээ,  азарган тахиа л байна гэж үнэнийг өчихөд  түүнийг хатан хааны албат нар ордноос чирж гаргаад нэвширтэл зодож хаяхад бусад түшмэдүүд нь :

- Хатантаан! Таны энэ шувуу алтан гургалдай яах аргагүй мөн байна гэж цөм нэгэн зэрэг бөхөлзөн тонголзон байгаа нь ихэд өрөвдөлтэй, бас эмгэнэлтэй харагддагсан. Иймэрхүү дүр зураг өнөөдөр Монголын мал аж ахуйд нүүрлээд байгаа болохоор энэ салбарт ажилладаг, санаа тавьдаг хойч үеийн мэргэн дүү нар, олон түмэндээ эрх биш сануулан хэлэх нь зүйтэй гэж үзэв.

Манай ахмад эрдэмтэн, мэргэжилтнүүдийн чиглэсэн зорилготой олон жил хэрэгжүүлсэн шинжлэх ухааны үндэстэй үржүүлэг,селекцийн үр дүнд бий болсон Орхон, Хангай, Ерөө, Тал нутгийн цагаан, Байдраг, Сүмбэр, Торгууд, Жаргалант, Алтанбулаг хонь, Говьгурвансайхан, Уулын бор, Өнжүүл ямаа, Сэлэнгэ үүлдрийн үхэр сүүлийн жилүүдэд нутгийн малтай холилдон доройтож зарим нь устган үгүй болж, зарим нь мөхлийн ирмэгт ирээд байна. Тухайн үедээ нь 60.0-100.0 мянгад хүрч байсан эдгээр үүлдрийн тохиромжтой хэвшлийн сүрэг одоо хэдхэн айлын хотонд үзэгдэх төдий болж шоовдорлогджээ. Учир шалтгааныг нь олох гэвэл нийгмийн, удирдлагын, зах зээлийн, сэтгэлгээний гэхчлэн олон хүчин зүйлийг тоочих хэрэг гарна. Үүнийг орхиё. Харин эдгээр үүлдрийн мал ганц хоёрхон жилийн дотор гэнэт бий болчихсон юм биш гэдэг нь өнөөдөр сургамж болно. Бүгд хэд хэдэн үүлдрийн малын гойд сайн ашиг шимийг нутгийн малд шингээн батжуулах эрлийзжүүлгийн  аргыг тодорхой арга зүйн дагуу хэрэгжүүлсэн авьяас билэгт хөдөлмөр,  идэвх зүтгэл, алсын хараатай зорилгын бодит биелэл байсан. Тухайлбал: Төрийн соёрхолт, Академич Т.Аюурзана тэргүүтэй мэргэжилтнүүд  0рхон хонийг гаргахдаа Прекос, Цигай, Алтай үүлдрийг оролцуулан, селекцийн ажлыг 30 гаруй жил явуулсан. Тэрчлэн Акадмич Г. Чадраабал,  П. Нямдовчин (ScD), Б. Аюуш Г.Батсүх, Ц.Арвий, Б. Пүрэв,  Р. Жавзмаа, Д.Цэрэнсоном зэрэг  мал зүйч эрдэмтэн судлаачид өөр өөрийн удирдсан судалгаа шинжилгээ, үүлдэр гаргах үржүүлгийн ажилд тус бүрдээ  ажил амьдралынхаа 40 шахам жилийг зориулсан ажээ. Өөрөөр хэлбэл үүлдэр гаргана, баталгаажуулна гэдэг хэн хүний санаан зоргоор бүтээчихдэг  амар хялбар ажил биш нь тодорхой.Гэтэл  малын үржүүлэг, селекцийн ажлыг дэндүү хөнгөн хийсвэрээр төсөөлж  монгол нутгийн үүлдрийн бүтэцэд байсан, одоо ч байгаа ашиг шимээр онцын ялгаагүй тухайн аймаг, суманд олон зуунаар нутагшсан сүрэг малыг луйврын аргаар үүлдрээр  батлуулдаг буруу зуршил газар авч байна. Сүүлийн жилүүдэд нутгийн дөрвөн  сүрэг тэмээ, хоёр сүрэг адуу, таван омог хэвшлийн ямаа, мөн тав зургаан  хэвшлийн хонийг үүлдэр, омог болгон зарлалаа. Эдгээрийн дотор үржлийн ажлыг нь удирдсан эзэнтэй, өмнө нь зохих магадлагаа хийгдэж үүлдрийн болон үржлийн хэсэг, омгоор батлагдсан цөөхөн сүрэг  бий. 

Нэгэн аймгийн Засаг дарга асан эрхэм “ Би орон нутагт дөрвөн жил ажиллаа, нэг сайхан үүлдэр бий болгочихоод ирлээ.  Амархан л юм байна ш дээ. Одоо батлуулнаа” гээд л давхиж явсан. Нээрээ хэдхэн сарын дараа Сайдын зөвлөлийн хуралд оруулаад  шинэ “ омог”-оор батлуулчихаж. Одоо нэг үсрээд л “үүлдэр”. Ийм хялбархан зам байсан юм бол дээр дурдсан академич, доктор, профессорууд тэдгээртэй хамтран ажилласан олон мал зүйч, мэргэжилтэн, малчид  тэгтлээ оюунаа ширгээж, чөмгөө дундартал зүтгэх ямар хэрэг  байв даа?

Олон улсын жишгээр шинэ үүлдрийн мал  нь юуны өмнө төлөвлөсөн зорилготой, батлагдсан арга зүйгээр хоёр ба түүнээс дээш үүлдэр оролцсон эрлийзжүүлгийн үр дүн байдаг. Мөн нутгийн малд үржүүлэг явуулсан бол сүрэг дотор хээлтүүлэгчийн хоорондоо ялгаатай хэд хэдэн удам, хээлтэгчийн бүл бий болсон байх учиртай. Бас ангилалт болон шилэн сонголт, удам үндэслэгчийн гарваль, ашиг шимийн олон жилийн тодорхой  бүртгэлтэй (үржлийн дэвтэр), батлагдсан стандарттай байх ёстой. Хамгийн гол нь үр төлийн чанараар шалгагдсан, бусдаас ашиг шимийн гарц,  зүс, галибараар төдийгүй  генелоги шинжээр мэдэгдэхүйц ялгаатай төдийгүй эцэг малынх нь онцгой шинж нь үр төлдөө баталгаатай дамждаг байх зэрэг шалгуур тавьдаг.  Омог гэдэг нь бүс нутаг, экологийн тодорхой хүрээнд дасан зохицсон үүлдрийн доторх бүтцэд багтах сүрэг малыг хэлдэг.

 Шинээр батлагдаад байгаа үүлдрийн малын дийлэнх нь ийм шаардлагыг хангаагүй.  Яагаад ийм амархнаар  үүлдэр батлаад байна гэхээр учрыг  мэдэх зарим нь дарга, сайд нарын шахаанд орж  ажил амьжиргаатай байхын  эрхэнд буруу буруу гээд бултаж зайлж чаддаггүй гэх зовлон ярина. Тэрчлэн шинэ үүлдэр, омгийн малын зохион бүтээгч  болж алдар хүндэд амархан хүрэх хаалга нэгэнт нээгдсэн болохоор  чоно борооноор гэгчээр нэг хоёрхон жил болоод солигддог сайд нь удирдлагын энэ чиглэлийн мэдлэггүйг далимдуулан чухамдаа шумуулыг зөгий, гуулийг мөнгө хэмээн хийгээгүй ажлыг хийсэн болгож харуулсан элдэв тодорхойлолт, бичиг баримт бүрдүүлэн хазахаас бусад арга чарга хэрэглэн зүтгүүлдэг байна. Ийм юм байж болохгүй гэж  байр сууриа илэрхийлсэн мэргэжилтнийг  адлана, хавчин шахна. Иймэрхүү асуудлаас болоод ажлаасаа зайлуулагдсан, халагдсан эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжилтнүүд цөөнгүй бий. Аливаа гаж буруу үйл хэргийн цаана албан тушаалтны ичгүүр сонжуургүй тулгалт шахалт, эсвэл авлига, хээл хахууль цэцэглэдэг. Үүнийг түмэн олон одоо ил тод ярьцгаах боллоо.  Олны үг ортой   гэдэг дээ.

Бид үүгээр мал үржүүлгийн чиглэлээр хийгдсэн, хийж байгаа их ажил ялангуяа малзүйч, малчдынхаа  цаглашгүй их  хөдөлмөр чармайлтыг үгүйсгэх, үнэ цэнийг буруулах өчүүхэн ч санаа агуулаагүй. Гагцхүү үржил селекцийн ажил шинжлэх ухааны үндэстэй, зөв голдиролоор яваасай, бий болсон сүрэг нь бусад малд   “сайжруулагч”-аар ашиглагдах чадавхтай, нэр хүндтэй байгаасай  гэсэндээ дуугарч байгаа юм. Өнөөгийн үүлдэр, омог баталж байгаа үйл хэрэг  нэг л биш, буруу замаар явчихлаа даа. Тэхлээр одоо яах вэ гэвэл бид дараах саналыг  дэвшүүлж байна.

Нэгэн зүйл. Юуны өмнө мөхөлд тулаад байгаа Орхон, Хангай, Байдраг, Сүмбэр, Торгууд, Сэлэнгэ зэрэг ашиг шимт сүргийг  буцааж сэргээх ажлыг зориуд анхаарч төр засгаас дэмжиж, мэргэжлийн удирдлагаар хангууштай. Эдгээр үүлдрийн бүтээгдэхүүн нь зах зээлд өндөр үнэ цэнтэй, эрэлт хэрэгцээтэй төдийгүй үндсэн сүргийнх нь уг суурь бүрэн алдагдаагүй байгаа тул амархан сэргэх боломжтой юм. Тухайлбал нарийн, нарийвтар ноост хонины ноос, нэхий, каракул арьсны эрэлт хэрэгцээ өссөөр байна.

Удаах нэгэн зүйл. Эх орондоо “өндөр ашиг шимт” шинэ үүлдэр гаргах ажлыг чадахгүй, мэдэхгүй гэж хойш тавилгүй даруй эхлүүлэх цаг болжээ. Ялангуяа малын тоо хэт өсч, бэлчээрийн даац хэтэрлээ гэж дээр дооргүй улиглаж, нутгийнхаа малыг дотор нь задлан уул ус бүрээр нэг үүлдэр зарлаж түүнийгээ “өндөр ашиг шимт” мал гэж эндүүрэн хөөрцөглөж байхаар орчин үеийн удам зүй, биотехнологийн ололтод түшиглэсэн селекцийн ажилд шилжмээр байна. Үүнийг  “өндөр ашиг шимт” малын тухай ойлголт, сэтгэлгээгээ өөрчлөхөөс эхлэх нь зөв. Энэ нь нутгийн малаас  наад зах нь жилдээ 3-4 дахин илүү  ноос өгдөг, түүнчдэн түргэн өсөж 6-8 сартайдаа нас гүйцсэн иргийн жин татдаг, нэг удаагийн төлөлтөөр 3-аас доошгүй ихэр хурга гаргадаг хонийг,  эсвэл үнээ нь  жилдээ  нутгийн 20-30 үнээний сүү өгдөг буюу зохистой бойжуулан бордоход 16-18 сартайдаа 450-500 кг-д (монгол шарын дайны) хүрдэг үхрийг хэлдэг жишээтэй.

Манай улс нэг үе Алатау,  Симментал, Хартарлан зэрэг өндөр ашиг шимт үүлдрийн үхэр авчирч үржүүлж байсан. Саалийн фермүүд устаж эдгээр үүлдрийн үржүүлэг ямар ч хяналтгүй урсгалд орсноос  нутгийн  үхэр, сарлагтай хүртэл холилдон хайнаг, ортоом, бүр түүнээс ч дор түвшинд орж давжааран, сүү сааль нь үндсэн үүлдрээсээ даруй 5-6 дахин буурч доройтсон. Гэтэл ойлголтын буруу, ажлын урууг далимдуулан халтар ам, халиун хонготой, харлаг, борлог хэдэн үхрийн тодорхойлолт бичээд “сайжруулагч” үхэр гаргалаа гээд хэн нэг зальжин этгээд гараад ирэхийг үгүйсгэх аргагүй.Тэгвэл зохиолч Ж. Барамсайн “Үхэр бол амьд амьтан мөн” хэмээх шог өгүүллэгийн ёстой амьд биелэл, элэг хөшөөх инээдэм болно биз.  Бид гаднаас өндөр ашиг шимтэй мал, түүний үр, хөврөлийг  импортлож бололгүй яах вэ. Гагцхүү  малын нөхөн үржихүй, селекцийн орчин үеийн арга, технологиийг ашиглан тухайн малын ашиг шимийн хүрсэн түвшинг хадгалан, хамгаалахын хамт өөрийн орны мал аж ахуйд зорилготой, үр дүнтэй ашиглах хэрэгтэй юм.

Дараах нэгэн зүйл. Түргэн өсөлттэй махны хонь, үхэр, жилдээ 5000 литрээс доошгүй сүү өгдөг саалийн үхэртэй болох ажлыг зоригтой, далайцтай явуулах хэрэгтэй юм. Ингэхгүйгээр малын тоог бэлчээрийн даацад ойртуулах, төв суурингийн хүн амыг жилийн турш сүү, цагаан идээ, шинэ махаар жигд хангах тулгамдсан зорилтыг  хэрэгжүүлэх боломжгүй. Үүний тулд цэвэр үүлдрийн мал, үр, төлийг импортоор оруулахын зэрэгцээ зохиомол хээлтүүлэг хийх, хөврөл үр шилжүүлэн суулгах,  олон өндгөн эс нэгэн зэрэг гадагшлуулах, өндгөн эсийг малын биеийн гадна өсгөвөрлөн үр тогтоох, өндгөн эс, хөврөл үрийг хуваах,  суулгах зэрэг арга технологийг эзэмших, нэвтрүүлэхийг өргөн хүрээнд хийгүүштэй. АНУ,  Европийн Холбооны бүх орнууд, Япон, Канад, ОХУ, БНХАУ, Куба зэрэг улсад малын биотехнологийг хөгжүүлэхэд маш их амжилт оллоо. Эдгээр  орнуудад бүх үнээнийхээ 80-аас доошгүй хувийг зохиомлоор хээлтүүлж, хөврөлөөр хангагч буюу донор нэг үнээнээс жилд хүйс жолоодсон 40-100 тугал авч, хуруу шилэнд өдий төдий хурга ишиг бойжуулдаг болоод байна.  Бид энэ чиглэлд бараа сураггүй хоцорлоо.

Ахин нэгэн зүйл. Доктор Д.Нямсамба тэргүүтэй судлаачдын (2003) нутгийн монгол, Залаажинстийн цагаан, Завханы буурал, Өлгийн улаан, Эрчмийн хар зэрэг янзбүрийн бүс нутагт үржүүлдэг зүс, ноолуурын хувьд өөр өөр ямаанд хийсэн судалгаагаар эдгээр нь цусны уургийн хэлбэршлийн хувьд төдийлөн ялгаагүй, гетерзиготлог байдал болон генетик алслал бараг байхгүй (D=0.0008-0.03) байгаа нь тогтоогджээ. Нэг үгээр генелогийн хувьд ижил байжээ.  Үүнээс үзэхэд бид нэг еэвэнгийн хоёр талыг өөр өөр байна гэж хардагтай адил биш үү.   Монголын ямааны ноолуурын ширхэг бүдүүрээд байгааг сайн юм биш гэдгийг гадаадын (Ралф ван Гельдер зэрэг) судлаачид ч анхааруулсаар байна. Түүнчлэн Монголын өөхөн сүүлт, ширүүвтэр ноост хонины үүлдрүүд зонхилох зүс, амьдын жин, ноосны гарц, бүтэц бүрэлдэхүүн зэрэг гадаад (фенотип)шинжээр  хоорондын ялгаа тун багатай төдийгүй генетик ялгааны тодорхой шинжилгээ хийгдээгүй. Гэтэл нэг аймаг, сумаас нөгөөд шилжүүлэн нутгийн хоньтой хольчихоор шинэ үүлдэр болчихдог гэсэн гэнэхэн төсөөлөл бий болжээ. Иймд “Шинээр үүлдэр, үүлдрийн хэсэг, омог бий болгох баталгаажуулахдаа бусад үүлдэр, омгоос ялгарах генетик ялгарал, гетерзиготлог байдал, удамшлын холбоо зэргийг заавал тодруулсан байх шаардлагатай”  гэж нэрт эрдэмтэн, академич М.Төмөржав (2004) сургаж сануулсан нь санамсаргүй хэрэг огт биш гэдгийг анхаарууштай.

 Бас нэгэн зүйл. Нэгэнт үүлдэр, омог хэмээн баталсан бол (шинэ, хуучингүй) нарийвчлан тоолж бүртгэх хэрэгтэй.  Тэхгүй бол халзан, хар, бор толгойтой хонь, хар, цагаан, улаан ямаа, улаан, хүрэн тэмээ болгоны аль нь үүлдэр, омог, аль нь тэдгээрийн  эрлийз, аль нь уугуул нутгийн мал болохыг ялгаж салгах аргагүй, холион бантан болно. Болж ч байна. “Малын генетик нөөцийн тухай” хуулинд (5-р зүйл) зааснаар бүх малыг төрөл, нас, хүйсээр нь эзэнтэй нь, шилжилт хөдөлгөөнтэй нь бүртгэх учиртай. Бас удам зүйн (6-р зүйлийн дагуу)  үнэлгээ ч хийх ёстой. Одоо хуулиа хэрэгжүүлье. 

Өөр нэгэн зүйл. Мал аж ахуйг эрчимжүүлэх, үржлийн ажлыг чиглэсэн зорилготой, шинжлэх ухааны үндэстэй эрхлэн хөтлөх нь мэдлэг, чадвартай мал зүйч, мэргэжлийн боловсон хүчингүй бол бүтэхгүй ажил. Манайд одоо малын биотехнологи, генетик, селекцээр мэрэгшсэн ажилтан хуруу дарам цөөхөн. Нарийн мэргэжил, арга зүй эзэмшээд ирснийг нь хавчиж шахаад хөөгөөд явуулчихдаг болохоор Мал аж ахуйн эрдэм  шинжилгээний  хүрээлэнд ч энэ чигийн хүн бараг үгүй болжээ. Тус хүрээлэн малын үржил селекцийн ажлыг түүчээлэн чиглүүлэх биш, үйлдвэрлэлд урсгалаараа гарч байгаа өөрчлөлтийг аялдан дагаж, хуурамч тодорхойлолт гаргаж олон түмнийг хууран мэхлэж суусаар олон жилийг үдэж   байна.  Орон нутагт ч мал зүйчид дутагдалтайгаас хуулийн дагуу “Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгж”-ийг бүрдүүлэх ажил бүрэн хийгдэхгүй байна. Иймд мал зүйчид, генетикч, биотехнологич, селекционерүүдийг бэлтгэх, мэргэшүүлэхэд онцгой анхаарахыг амьдрал шаардаж байна.   

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.26  ПҮРЭВ  №191  (6158)