"Цахим эрин дэх нүүдэлчид" Олон улсын бага хурал Улаанбаатар хотноо болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганд оролцож, үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Эрхэм хүндэт зочид,  төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Дэлхий дахинд  өнөөдөр технологийн хөгжил эрчимтэй явагдаж, нийгэм, эдийн засгийн ихэнх салбарт нөлөөгөө үзүүлэн  аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэж нэрлэгдэх хэмжээнд ирлээ.  Улс орнууд мэдээлэл технологийн салбарт илүү анхаарч, эрчимтэй хөгжүүлэн тус хувьсгалд мөр зэрэгцэн урагшлахаар эрмэлзэж байна. 

Бүс нутгийн болон хөгжиж буй орнууд дотроос Монгол Улс нь байгалийн нөөц баялаг ихтэй, газарзүйн байршил, насны хувьд харьцангуй залуу хүн ам, суурь боловсролын түвшин өндөр  зэрэг суурь үзүүлэлтүүдээр илүү байгаа нь технологийн хувьсгалыг  илүү хурдан, илүү үр дүнтэй хийх боломжтойг харуулж байна.

Монгол Улсын Засгийн газар нь цахим засаглалыг хөгжүүлэх, дижитал шилжилт хийх чиглэлд анхаарч холбогдох бодлогуудыг баталж хэрэгжүүлсээр ирсэн билээ.

Засгийн газраас 2017 онд баталсан “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого 2017-2025”, 2018 онд баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг баримт бичгүүдэд цахим засгийг хөгжүүлэх, тоон технологийг нэвтрүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэн төвтэй хэлбэрт шилжүүлэх зэрэг томоохон зорилт, арга хэмжээ төлөвлөгдсөн.

Цахим засаглал, төрийн дижитал шилжилтийн суурь болох иргэдийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох, байгууллага хооронд мэдээлэл солилцох “Хур” систем, иргэнийг цахим орчинд таньж үйлчилгээ үзүүлэх боломжийг нээх “Дан” системүүд амжилттай нэвтэрч, бизнесүүд, иргэдэд үр ашгаа өгсөөр байна.

Засгийн газрын “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 2019 оны 149 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоог сайжруулах, төрийн үйлчилгээг операторын тогтолцоонд шилжүүлж, “Үйлчилгээний нэгдсэн төв” байгуулах ажлуудхийгдэж байна.

Хувийн хэвшлийн байгууллагууд, гарааны бизнесүүд мөн амжилттай ажиллаж, Монголдоо төдийгүй бүс нутгийн орнуудад бүтээгдэхүүн үйлчилгээгээ гаргаж байгаа сайхан жишээнүүд олон байна.

Дижитал хөгжил, дижиталчлалд суурилсан эдийн засгийн хөгжлийг иргэн бүрт хүртээмжтэй, нийгмийн бүх бүлгүүдэд өгөөжтэй хэлбэрээр хүргэх тухай асуудлыг бид орхигдуулж болохгүй.  

Монгол Улсын дижитал хөгжлийн бэлэн байдлыг үнэлэх, бодлогын зөвлөмж гаргах зорилго бүхий “Цахим Эрин дэх Монгол Улс” төсөл Монгол Улсын Засгийн Газар, Харилцаа холбоо, Мэдээллийн Технологийн Газар, “Мелинда Гэйтс” сангийн дэмжлэгтэйгээр  Оксфордын Их Сургуулийн дэргэдэх Технологийн Хөгжлийн Комисс болон  Аксесс Сольюшнс ХХК нар хамтран хэрэгжүүлж байгаа билээ.

Тус төслийн судалгааны үр дүнг танилцуулах, улмаар судалгааний үр дүнд суурилан  цаашид Монгол Улсын харилцаа холбоо, технологийн салбарын хөгжлийн бодлого, стратегид хувь нэмэр оруулах зөвлөмжийг хэлэлцэхээр тус чуулганд хүрэлцэн ирсэн төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургууль, боловсролын байгууллагууд, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд, олон улсын зочид, төлөөлөгчдөд цаг заваа гарган оролцож байгаад талархал илэрхийлье.

Өнөөдрийн чуулганаар та бүхнийг мэдлэг оюунаа дайчлан Монгол Улсын дижитал хөгжлийн стратегид үнэтэй хувь нэмэр болохуйц чухал хэлэлцүүлгүүдийг өрнүүлнэ хэмээн итгэж байна. 

Чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье