Т.САЙХАН

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг өчигдөр үргэлжиллээ.  Энэ үеэр зарим заалтын найруулгын чанартай асуудлаар болон ард нийтийн санал асуулгатай холбоотой гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

 -Ард нийтийн санал асуулга явахыг дэмжиж байгаа. Гэтэл энэ санал асуулгыг 29 тэрбум төгрөгийн зардал гарна гэжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийг 2017 онд 15 тэрбум төгрөгийн зардлаар хийсэн гэж байсан. Яагаад  хоёр дахин өсөв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

 -2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль 22 тэрбум төгрөгийн зардлаар явуулсан юм билээ. СЕХ-оос мэдээлсэн. Ард нийтийн санал асуулга явуулах арга хэмжээг төрийн албан хаагчид зохион байгуулдаг юм байна. Аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга, улсын бүртгэл, архивын байгууллага гээд. Тиймээс 29 тэрбум төгрөгийн зардал гарна гэж Засгийн газар, СЕХ-ноос ирүүлсэн.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: 

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн нэг гол шинэчлэл нь шүүх засаглалын хараат бус байдлыг бий болгох асуудал байсан. Гэвч энэ асуудал хоёр дахь шатны хэлэлцүүлэг дээр намын бүлгээс 100 хувийн дэмжлэг авсан боловч чуулганы хуралдаанаар унасан. Өнөөдөр бидний шүүмжилдэг асуудлын нэг болох  шүүх засаглал нэг хүний хараат болчихлоо. Өөрөөр хэлбэл нэг хүний гэдэг нь  Ерөнхийлөгчийн хараат болчихлоо. Бүх шатны шүүгч, ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилдог боллоо. Энэ нь дараа дараагийн Ерөнхийлөгчид хонгилын түлхүүрийг барих сэдлийг нь төрүүлнэ. Үүнийг би зохион байгуулалтайгаар унагаасан гэж харж байгаа. Намын бүлэг дээр дэмжчихээд УИХ-ын чуулган дээр 10 гаруй хүн эсрэг санал өгсөн.Энэ бол агуу том хуйвалдаан. Өнөөдрөөс эхлээд бид шинэ хонгилын түүхийг бичиж эхлэх гэж байна. Би хуйвалдаанд оролцсон УИХ-ын гишүүдэд тун  харамсчбайна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж нэмэхээр саналын томьёоллыг боловсруулсан байна. Үүнийг зарчмын саналаар орж ирсэн өөрчлөлт гэж харж байна. Үр өгөөж гэдэг асуудлыг органик хуулиараа маш зөв тайлбарлаж өгөөрэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлнэ гэдгийн цаана эдийн засгаа боомилох, нөгөө талаас гадна дотоодын хөрөнгө оруулагчдыг үргээх заалт болчих вий гэсэн болгоомжлол байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 -Одоогийн Үндсэн хуульд Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлийн түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэсэн ганцхан зохицуулалттай. Тэгвэл энэ зохицуулалтыг 62 гишүүний өргөн барьсан төсөлд Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлийн түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах чиглэлийг баримтална гэж тусгасан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.12  ПҮРЭВ  №181  (6148)