Ц.МЯГМАРБАЯР

“Өрсөлдөөнд манлайлъя” уриан дор нүүрсний салбарын худалдаа хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2019” чуулган ес дэх жилдээ болж байна. Ерөнхий зохион байгуулагчаар “Монгол Нүүрс” ассоциаци ажиллаж байгаа бол Хятадын Нүүрс Тээвэр Худалдааны ассоциаци хамтрагчаар оролцож байна. Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор 2011 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн чуулган уулзалтын ач холбогдол, цар хүрээ жилээс жилд өргөжиж, жин нөлөө нь нэмэгдсээр буй гэж зохион байгуулагчид ярьж буй ч  нүүрсний экспорт автомашинаар явж байгаа цагт өрсөлдөөний тухай ярих ч хэрэггүй гэдгийг зарим оролцогч онцолж байв.

Нүүрсний бизнесийг тээвэр ложистекын бизнес гэж  онцолдог. Тэгвэл Монголын нүүрсний бизнес тэр дундаа Өмнөговь аймагт байршилтай коксжих нүүрсний ордууд нөөц ихтэй, уул уурхайн  олборлолтын нөхцөл нь ил уурхайг бага нөхцлөөр олборлодог,  харьцангуй сайн чанарын бүтээгдэхүүнтэй гэх мэтээр манай улсыг уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хамгийн  тааламжтай орон гэдэг. Өөрөөр хэлбэл, Австрали, Канад болон БНХАУ-ын  дотоодын уул уурхайн  үйлдвэрлэлтэй харьцуулахад үйлдвэрлэлийн өртөг нь харьцангуй бага өртөгөөр үйлдвэрлэх боломжтой сайн чанарын бүтээгдэхүүнтэй гэсэн үг. Хамгийн гол нь эрэлттэй байгаа зах зээлд хүргэж өгөх үнэ, өртөг нь олон жил асуудалтай байсаар ирсэн. Үүнийг шийдвэрлэхийн тулд тээвэр ложистик, төмөр зам барихаас гадна бусад олон улсын худалдааны асуудлаа шийдвэрлэх нь юу юунаас чухал. Тухайлбал, Австралийн нүүрс Хятадын зэх зээлд нийлүүлэгдэхдээ чөлөөт худалдааны гэрээгээр ямар нэг татвар ногдуулдаггүй. Харин Монголоос Хятад руу нийлүүлэгдэж байгаа коксжих нүүрсэнд гурав, эрчим хүчний нүүрсэнд 5-6 хувийн татвар ногдуулдаг. Тэгвэл энэ асуудлыг төрөөс зохицуулж БНХАУ-тай чөлөөт худалдааны эсвэл хөнгөвчилсөн худалдааны гэрээ хэлэлцээрүүдийг хийх ажил муу байгаатай холбоотой. Энэ бол төрийн хийх ажил. Хувийн хэвшил байна уу, төрийн мэдлийн компани байна уу энэ бүх баялаг зөвхөн Монголын ард түмний баялаг. Тиймээс  монголчууд нүүрсний зах зээлд яаж, хэрхэн  хамтдаа өрсөлдөх  боломжийг ярих нь нь энэ цаг үед чухал байна. Хэдийгээр олон тийш салбарласан төмөр зам тавих эхлэл тавигдаж,  дэд бүтцийн хөрөнгө оруулалт шийдвэрлэгдэж байгаа ч төмөр зам барилаа гээд асуудал цэгцрэхгүй. Бусад  холбоотой асуудлууд давхар шийдвэрлэгдэж байж, цаашид өрсөлдөх тухай ярих хэрэгтэй. Харин энэ тухайд төрөөс барьж буй мэдээлэл хомс байна. Түүнчлэн авто замаар нүүрсээ тээвэрлэж буй цагт  өрсөлдөөний тухай ярих болоогүй   хэмээн  ес дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Coal Mongolia-2019” чуулга уулзалтын үеэр оролцогчид  онцолж байна.

Өрсөлдөөн ширүүсч нүүрсний үнэ унах эрсдлийг анхааруулав

Монгол Улс энэ онд нийт 42 сая тонн нүүрс өмнөд хөршийн зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн. Оны эхний долоон сарын байдлаар 20 орчим сая тонн нүүрс буюу төлөвлөгөө 50 хувийн биелэлттэй байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспорт 0.42 хувиар өсчээ.  Гэтэл БНХАУ-ын зах зээлд өрсөлдөж буй ОХУ нүүрсний зах зээлээ тэлэхээр зорьж, 2025 он гэхэд нүүрсний олборлолт, тээврийн дэд бүтцээ сайжруулахаар 22.4 тэрбум ам.доллар зарцуулахаар болжээ. Ингэснээр одоогийн олборлолтын хэмжээ 2035 он гэхэд жилийн 550-670 сая тонн болгож, хоёр дахин өсгөхөөр шийджээ. Австралийн хувьд БНХАУ-тай он дамнан сунжирсан 5G тэргүүтэй технологийн маргаанаа эцэслэх, улмаар нүүрсний саармагжсан худалдааг дахин сэргээхээр шамдаж байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд далайн боомтоор Хятад руу тээвэрлэх Австралийн нүүрсний экспортод сэргэлт ажиглагдаж, нүүрсний биет хэмжээ нэмэгджээ. Энэ нь өмнөд хөршийн нүүрсний зах зээлд байр сууриа бэхжүүлэхээр зорьж буй манай улсын хувьд өрсөлдөөн улам ширүүсэх, нүүрсний үнэ уруудах бодит эрсдэлд орж магадгүй гэдгийг бизнес эрхлэгчид хэлж байсан юм. Энэ үеэр Монгол Улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв хэлэлцүүлэг болсон юм.  Тус сэдвээр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн илтгэл тавьсан бол  “Монголын коксжих нүүрсний зорилтот зах зээл”-ийн талаар “Энержи Ресурс” компанийн гүйцэтгэх захирал, доктор Г.Батцэнгэл чуулганы оролцогчдод шинэ мэдээлэл хуваалцсан юм.  Уул уурхайн салбар дахь “Нэг өдрийн үнэ цэнэ хэд вэ” гэсэн анхаарал татсан илтгэлийг “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн гүйцэтгэх захирал Кэлвин Эндрив Каукинэн танилцуулсан юм. Чуулганд оролцогчдын байр суурийг сонирхсон юм. 

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Т.Гантөмөр:

 Экспортоо нэмэгдүүлэх олон боломж байна

- Нүүрсний экспортыг шуурхай хийхэд  тээвэр ложистекийн асуудлаас гадна гаалийн байгууллага маш энгийн хэлбэрээр жолооч нарыг хүлээл­гэхгүйгээр гаалийн бүрдүү­лэлтийг хийдэг нэвтрэлтийг зохион байгуулах шаардлагатай.  Нөгөөтэйгүүр төрийн байгууллагын засаглалыг сайжруулах зохион байгуулалтыг сайн болгосноор экспортыг нэмэгдүүлэх боломжтой. Мөн тусгай зөвшөөрлийг шууд хүчингүй болгож байгаа нь буруу.Шалгалт явуулж байж цуцлах ёстой байсан. Гэхдээ хууль ноцтой зөрчсөн гэдгийг мэдэхгүй. Сайн засаглал нь бүх зүйлийг шалгаж хариуцлага тооцож түүнийхээ дагуу сайжруулах ёстой. Дэлхийд хамгийн их нүүрсний хэрэглээтэй орон бол БНХАУ.  Хятад улс руу дэлхийн маш олон улс тэмүүлж байна. Манай улс хил залгаа байна гэдэг хамгийн том давуу тал. Эдийн засгийн өсөлттэй ийм үед энэ давуу талаа ашиглаж нүүрсээ их хэмжээгээр нийлүүлбэл монголчууд бидний хувьд том завшаан. Гэтэл манайх нийт хэрэглээнийх нь 0.4 хувийг л нийлүүлж байгаа нь чамлалтай юм. Гэтэл ОХУ жилд 400-500 сая тонныг нийлүүлж байна. Цаашид ч нэмэгдүүлнэ гэдгээ зарласан. Бид төмөр замаагүйээс энэ их нийлүүлэлтийн өмнө сөхөрч байна. Тиймээс давуу талаа ашиглаж эдийн засгийн эргэлтээ тэлэх хэрэгтэй.

“Энержи Ресурс” компанийн гүйцэтгэх захирал, доктор Г.Батцэнгэл:

Дэрэгдэх зах зээлээ харж нүүрсээ экспортлох нь бидний давуу тал

- Манай компани сул талаа давуу тал болгох ёстойг ойлгож маркетингийн бодлогоо  үүнд чиглүүлж байна. Өөрөөр хэлбэл манайх  далайд гарцгүй сул талаа давуу тал гаргах  чиглэлд анхаарч эхэлсэн. Сүүлийн үед манайхтай хил залгаа  Өвөрмонголд гангийн болон коксын үйлдвэр 10 хувиар өссөн. Түүнчлэн Ганц модны боомттой ойролцоо Баяннуур хотын нутаг дэвсгэр дээр 2-3 сая тоннын коксын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Энэ 3-4 сая тонн коксжих нүүрсний хэрэглээг бий болгож байна. Олон улсын далайн боомтод нүүрсний үнэ өндөр байгаа тохиолдолд манай компаниуд  түр зууртаа өрсөлдөх боломж бий. Харин тууштай өрсөлдөх чадвар байхгүй. Тэгэхээр бодит байдал дээр манайх Ганц модны боомт дахь том харилцагч нартаа хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллъя гэдэг дээр төвлөрч байна. Дэргэдэх зах зээлээ харж нүүрсээ экспортлох нь бидний давуу тал. Эхний зах зээлдээ төвлөрч ажилласны дараа дараагийн зах зээлрүү тэлэх. Шууд алгасаж давж үсэрч өрсөлдөнө гэж байхгүй. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.6  БААСАН  №177  (6144)